Британийг ЕХ-нд үлдэхийг дэмжигч улстөрч буудуулжээ
Ирэх долоо хоногт Их Британийн ард түмэн нэгэн чухал сонголтыг хийх билээ. Тус улсад энэ сарын 23-нд  Европын холбоонд үлдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдах юм.  Улс, тэр тусмаа Европын холбооны цаашдын ирээдүйд том өөрчлөлт оруулж мэдэх санал асуулгатай холбоотойгоор дэлхийн томоохон удирдагчид хийгээд олны танил хүмүүс байр сууриа илэрхийлсээр байгаа.
 
Тэгвэл санал асуулгаас урьтаж нэгэн харамсалтай хэрэг гарсан талаар “NHK”  агентлаг уламжиллаа. Тодруулбал, Их Британи ЕХ-нд үлдэх ёстой гэдгийг уриалж ирсэн конгрессийн эмэгтэй гишүүн гэмт этгээдэд буудуулж амиа алдсан ноцтой хэрэг гарлаа. Цагдаагийн байгууллага хэргийн газрын ойролцоогоор гэмт хэрэгтнийг баривчилсан бөгөөд одоогоор сэтгэхүйд нь ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна.
 
Хэрэг өчигдөр үдээс хойш 13.00 цагийн үед гарсан байна. Английн Уэст Йоркшир мужийн номын сангийн өмнө Хөдөлмөрийн намын конгрессийн гишүүн Жо Кокс гэгч эмэгтэйг үл таних нэгэн эрэгтэй буудаж, дараа нь хүйтэн мэсээр эрэмдэглэн амь насанд нь халдсан аймшигт хэрэг гарсан байна. Хэргийн дараа бүсгүй эмнэлэгт хүргэгдсэн ч, удалгүй нас баржээ. Үүнээс гадна хэргийн газарт байсан 77 настай эрэгтэй ч гэсэн шархадсан гэсэн мэдээлэл байна.
 
Хэрэг үйлдсэн этгээд 52 настай байжээ. Кокс 41 настай хоёр ч хүүхдийн ээж байсан гэнэ. Тэрээр сүүлийн үед сошиал сүлжээгээр дамжуулан ард иргэдэд ЕХ-нд үлдэх сонголтыг хийхийг уриалж байсан байна. Гэхдээ одоогоор энэ удаагийн хэрэг санал асуулгатай холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа юм. 

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus