ИЗНН-ынхан намын даргаа хөөнө гэв
ИЗНН-ын нийслэлийн намын хороо  болон орон нутгийн намын үүрийн дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд намын дарга С.Оюун Хотын дарга Э.Бат-Үүлээс уучлалт гуйсан явдлыг эсэргүүцэж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн намын хорооны дарга А.Баярхүү “Би Бат-Үүлээс асуулт асууснаас өөр гүтгэж доромжилсон зүйл байхгүй. Ийм зүйлд намын дарга С.Оюун уучлалт гуйсанд бид харамсч байна. Тиймээс намынхаа хяналтын зөвлөлөөр оруулт С.Оюун даргад хариуцлага тооцно. Намын дүрэмд зааснаар намын эсрэг ажилласан бол намаас хөөх хүртэл арга хэмжээ авна гэж заасан байдаг. Ядарсан намын ядарсан даргыг өмнөө зогсоогоод уучлалт гуйлгаж байгаа Э.Бат-Үүл ичээсэй” гэв.

Түүнчлэн ИЗНН-ынхан Хэнтий аймгийн сонгуулийн хороо ИТХ-д нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа нь хууль зөрчсөн захиалгат үйлдэл гэж үзэж байгаагаа мөн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Энэ талаар тус аймгийн Дархан сумын ИЗНН-ын үүрийн дарга Г.Батболд “Хэнтий аймгийн сонгуулийн хорооны дарга Цогбадрах санаатайгаар манай нэр дэвшигчдийг бүртгэхгүй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс манай намын нэр дэвшигчдийг бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан ч давж заалдана хэмээн хугацаа хожиж байна. Тиймээс Цогбадрахыг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг цагдаагийн байгууллага болон АТГ-аар шалгуулна” гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus