Атрын аян эргэн ирж,

Санжийн Баярын Засгийн газрын үед дэвшүүлсэн “Атрын III аян”-ыг одоо ч ард иргэд сайшаан дурсдаг. Хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангаж, тариа ургадаг хөрстэй, тарьж чаддаг тариаланчидтай, бултаараа бусдын гар харах шаардлагагүй улс болсон. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбар улстөржилтийн гол бай болж, хүрсэн төвшнөөсөө ухарч, гаднаас үр тариа импортлохдоо тулсан. Ийм ч учраас Монгол Ардын Нам газар тариалангийн салбарыг өөд нь татах бодлогоо тодорхойлоод байгаа юм. Үүний зэрэгцээ газар тариалангийн салбарт богино хугацаанд сэргэлт авчирсан шигээ  Монгол Ардын Нам ирэх дөрвөн жилд малчин түмний ахуй амьдралд дэвшил авчрах олон санал санаачилгыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлжээ. Тухайлбал, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд нийслэл, хот, суурин газрын хүн амыг эрүүл, аюулгүй, экологийн цэвэр мах, сүүгээр хангах аж. Өөрөөр хэлбэл, мах, сүүний энэхүү аян зөвхөн малчдад бус суурин газрынханд ч хамааралтай юм.

Малчдын маань хөдөлмөр зүтгэлийн үр дүнд мал сүрэг 56 сая тоо толгойд хүрсэн. Гэсэн хэдий ч малчдын хөдөлмөр үнэгүйдэж, 2011-2012 онд 10-13 мянган төгрөг хүрч байсан хонины нэхий 500 төгрөг болж 20-26 дахин буурсан. Хонины нэхийгээ борлуулчихаад мотоциклийнхоо хэд хоногийн “хоол”-ыг базаагаад харьдаг байсан тэр сайхан үеэ өнөөдөр малчид дурсаж байна. Боодол бохины ч үнэд хүрэхээ больсон хонины нэхий, үхрийн шир зэрэг малын гаралтай түүхий эдийг үнэ цэнэтэй болгох, орон нутагт нь боловсруулах үйлдвэр байгуулж, улмаар байнгын орлоготой болгохыг малчин түмэн хүсч байна. Малчдын энэхүү хүсэлт, тулгамдсан асуудлыг “Мах, сүүний анхдугаар аян“-ы хүрээнд шийдвэрлэх боломжтой.

Манай улс нийт хүнсний хэрэглээнийхээ 80 орчим хувийг гаднаас импортолдог. Тэр дундаа 2014 онд шингэн сүүнд шилжүүлснээр 51.0 сая литр буюу 28.1 сая ам.долларын үнэ бүхий сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортолсон байна. Харин 2015 оны эхний хагас жилд шингэн сүүнд шилжүүлснээр 14.4 мянган тонн бүтээгдэхүүн гаднаас авчээ. Өөрөөр хэлбэл, сүүнд зарцуулсан их хэмжээний мөнгө дотооддоо шингэх бус гадагшаа урсчээ.

Д.СҮХ
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб

 

Бусдад түгээх
  • gplus