Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал руу рейлбус аялдаг болно
Өнгөрсөн 2014 онд Амгалан-Толгойтын чиглэлд төмөр замын автобус буюу рейлбусыг явуулж эхэлсэн. Гэвч зорчигч байхгүй гэх шалтгаанаар чиглэлийг зогсоож, Улаанбаатар-Дарханы чиглэлд явуулж эхэлсэн юм. Тэгвэл энэхүү рейлбус нь алдагдалтай ажиллаж байгаа талаар албаныхан мэдээлсээр байгаа. Тэд алдагдлаа бууруулах хамгийн зөв алхам нь Амгалан-Толгойт-Налайх чиглэлд нэмэлтээр тээвэрлэлт хийж, зорчигчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцолж буй. Хэдийгээр рейлбусыг нийтийн тээвэрт ашиглах, авто замын түгжрэлийг сааруулах, иргэд зорчигчдын  тохь тухыг хангаж, цаг хугацааг хэмнэхийн тулд явуулна гэсэн зорилготой байсан ч ийнхүү алдагдалтай ажиллаж эхэлсэн  билээ. 

Тэгвэл рэйлбусыг  шинэ чиглэлд аялуулж эхлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол–Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар нар нийслэл орчмын төмөр замын зорчигч тээврийг хөгжүүлэх, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Хөшигийн хөндийд шинээр ашиглалтад орох Олон Улсын нисэх буудал-Улаанбаатар хотын хооронд хурдан галт тэрэг Рейлбус  аялуулах, шинэ Рейлбус худалдан авч нийтийн тээврийн шинэ чиглэл бий болгон орчин үеийн шаардлагад нийцсэн тасралтгүй үйлчилгээг үзүүлэх, засвар үйлчилгээний баазыг байгуулахаар тусгасан байна.  

Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийг төмөр замын тээвэртэй уялдуулж авто замын ачааллыг багасган түгжрэлийг бууруулж, Толгойт-Амгалан өртөөдийн хооронд хос төмөр зам тавих, төмөр замын дагуу автобус нийтийн тээврийн зогсоол бүхий платформ байгуулахаар тусгажээ. Ингэснээр Налайх, Эмээлт, Өлзийт, Нисэх орчмиын иргэд  Төв аймгийн Хөшгийн хөндийн байрлах олон улсын нисэх онгоцны буудал руу хөнгөн галт тэргээр зорчих боломжтой болох аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus