Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлын тойм
Ам.долларын ханш түүхэнд байгаагүйгээр чангарлаа
“Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын  ханш өнгөрөсн даваа гарагт 1803 төгрөгт хүрлээ. Энэ нь төгрөгийн ханш  түүхэнд байгаагүйгээр суларч буй үзэгдэл юм. Тус төвийн  ченжүүд “Доллар ховор байгаагаас ханш нь жамаараа өсөж  байна” хэмээн ярьж байв.  Харин долоон хоногийн төгсгөлд улам нэмэгдэж “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1810 төгрөгтэй тэнцсэн юм. Энэ нь “ногоон”- ы ханш жилийн өмнөхөөс 363 төгрөгөөр чангарсан үзүүлэлт  юм. Гадаадын шууд хөрөнгө  оруулалт 50 хувиар багассанаар манай зах зээлд ам.доллар  хомсдож, ханш нь 30 орчим хувиар чангарч байлаа.  Монголбанк ам.долларын орох урсгалыг сайжруулах олон  арга хэмжээ авсан ч тодорхой үр дүнд хүрээгүй л байна.

Х.Тэмүүжин сайдын асуудлаар МАН завсарлага авлаа
Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар  хаалттай хэлэлцлээ. Хуралдаанд улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Билигт, Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар  оролцжээ.  Тэд салбарын сайдынхаа  гаргасан алдаа дутагдалыг шүүмжилж,  Х.Тэмүүжин сайд үгүйсгэж нэлээд ширүүн хэрүүл маргаан өрнөсөн сурагтай. Прокурорын байгууллагын  төлөөлөл Х.Тэмүүжинг  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа тухай мэдээлэл хийсэн тул  энэ асуудлыг эцэслэн шалгах нь зүйтэй гэж УИХ-ын олонх үзжээ.  Санал хэлэх үед МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч хэлэлцүүлгийг зогсоожээ. Учир нь мэдээлэл хангалтгүй, тодруулах шаардлагатай зүйл олон байна гэж үзсэн байна. Завсарлага ирэх долоо хоногийн пүрэв гаригт дуусч, тухайн өдрийн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Энэ хугацаанд Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж,  зарим зүйлийг тодруулах санал ч гарсан байна.

Аугаа их ялалтын баяр тохиолоо
Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан арми 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд түүхэн үйл явдал байлаа.1941 оны зургадугаар сарын 22-нд ЗХУ-д Гитлерийн арми гэнэт цөмрөн халдсанаар Дэлхийн II дайн эхэлсэн.Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан билээ. 1944 оны ханшаар дайны нийт өртөг нь триллион америк доллар болсон нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. Тvvхэн тэмдэглэлт энэхүү өдөр манай хойд хөршийн үндэсний баяр. Улаан талбайд Орос орны цэрэг дайчид, батлан хамгаалахын сүр хүчийг харуулсан цэргийн сүрт жагсаал зохион байгуулж, дайны хүнд жилүүд, их ялалтыг авчирсан ахмад дайчдаа хүндэтгэдгийг дэлхий нийтээрээ цэнхэр дэлгэцээр бишрэн үзэцгээдэг.
Монгол Улс нь Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн эхний өдрөөс эхлэн ЗХУ-ын цорын ганц холбоотон байсан бөгөөд дайны эхний үеэс эхлэн эдийн засгаа дайны байдалд бүрэн шилжүүлсэн байна.1942 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлын 25 дугаар чуулганаас Улаан армид танкийн цуваа бэлэглэх шийдвэр гаргасны дагуу 1942 оны хоёрдугаар сар гэхэд Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100.000 ам.долларыг ЗХУ-ын “Внешторговый” банкинд шилжүүлж байсан түүхтэй.Мөн 1942 оны 1-7 дугаар сард Монголын ард түмнээс хоёр сая төгрөгийн хандивыг сайн дураараа өргөснийг цуглуулж шилжүүлжээ. Энэ үед Улаан армид хандив өргөх хөдөлгөөн Монгол Улсын бүхий л аймаг сумдад өрнөсөн бөгөөд Монголын Засгийн газар, ард түмний хөрөнгөөр бүтсэн ТЗ-4 загварын 32 танк, Т-70 загварын 21 танк бүхий “Хувьсгалт Монгол” хэмээх танкийн бригадыг 1943 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын төрийн удирдлага Улаан армид гардуулан өгч байжээ.

“Буянт-Ухаа 1”хорооллын азтан шалгаруулах эхний  тохирол явагдлаа
“Буянт-Ухаа 1” хорооллын азтан шалгаруулах эхний тохирол өчигдөр боллоо. Төрийн орон сууцны корпорациас хийсэн сугалааг МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар 10.00-13.00 цагийн хооронд шууд дамжуулсан юм. Өчигдрийн сугалаагаар нэг, хоёр өрөө байрны тохиролыг явуулсан. Нийт 709 хүн шалгаруулсан байна. Харин өнөөдөр үлдсэнийг нь тодруулах аж. Сугалааг МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар 10.00-14.00 цагийн хооронд явуулах юм.  “Буянт-Ухаа 1” хорооллын бүртгэлд нийт 9094 иргэн бүртгүүлснээс 3991 төрийн албан хаагч, 2392  өндөр настан, 1370 залуу гэр бүл, 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгүүлжээ. Үүнээс тодорхой шалгаруулалт явуулсны дагуу 5935 хүн сугалаанд оролцож байгаа юм. Тодруулбал, 2740 төрийн албан хаагч, 947 залуу гэр бүл, 1748 ахмад настан, 500 хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоёр өдөр үргэлжлэх сугалаанд оролцох аж.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.