Академич Ц.Дамдинсүрэнгийн охин А.Д.Цендинаг “Хубилай хаан одон”-гоор шагнана
Монгол улс, ОХУ-ын эрдэм шинжилгээний хамтарсан төслийн хүрээнд бүтээгдсэн “Монгол үсэг бичгийн дээж” номын нээлт өчигдөр ШУА-ийн байранд болжээ. Тус номыг Монголын талаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын тасгийн ажилтан Р.Отгонбаатар, Оросын талаас Москвагийн дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Хүмүүнлэгийн их сургуулийн багш А.Д.Цендина нар  хамтран бичжээ. А.Д.Цендина нь академич Ц.Дамдинсүрэн агсны охин юм байна.

“Монгол үсэг бичгийн дээж” ном нь 6 бүлэгтэй бөгөөд үлэмжхэн ховор эх хэрэглэгдэхүүн ашиглан монгол, орос хэлээр хэвлэгдэн гарчээ. Уг номыг монгол хэл бичгийн гарамгай судлагч академич Ц.Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан бөгөөд түүний дэг сургууль уламжилсаар байгаагийн тодорхой баримт юм.  Уг ном “Монгол үсэг бичгийн дээж” нэртэй боловч Монгол улсын нутагт сүүлийн хэдэн зуун жилийн турш ноёлог хэрэглэж байсан төвд хэл бичиг, түүнийг сурч байсан монголчуудын өв ухааны дээж, түүнчлэн самгарьд, төвд хэлийг галиглах ёс, түүгээр ном судар бичиж байсан жишээ төдийгүй манж хятад үг үсэг бичгийг буулгах ёс болон тод, соёмбо, хэвтээ дөрвөлжин үсэг зэрэг олон зүйл үсэг хэрэглэсний зарим дурсгал, тэдгээр хэл бичиг, бүр орос хэлийг ч сурч байсан сонин баримт зохих хэмжээгээр туссан байна. Энэ нь монгол, төвд хэлбичгийн зохих мэдлэгтэй хүмүүс хийхээс өөр аргагүй баримт эх хэрэглэгдэхүүнд түшиглэсэн төвд судлалын чиглэлтэй эх бичгийн судалгааны бүтээл болсон хэмээн зохиогчид онцолжээ.

Номын нээлтийн үеэр монгол бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Москвагийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Хүмүүнлэгийн их сургуулийн багш А.Д.Цендинад ШУА-ийн Дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар, ССАЖЯ-наас Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын тасгийн ажилтан Р.Отгонбаатарыг “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан ажээ.

Тэгвэл өнөөдөр 12.30 цагаас  ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын зургаадугаар давхарт Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн охин Эрдэмтэн Цендинад  монгол сурвалж судлалын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан одон”-г гардуулан өгөх юм байна.
 
 Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.