Евро 2016: Бельги, Герман, Франц шөвгийн наймд шалгарлаа
“Евро 2016” тэмцээний  шилдэг 16 багийн тоглолтууд өнөөдөр өндөрлөнө. Өнгөрөгч амралтын өдрүүдэд шилдэг наймд өрсөлдөх зургаан багийн нэр тодорлоо. Өнгөрсөн шөнийн хамгийн эхний тоглолт зохион байгуулагч Франц, Ирландын багуудын тоглолт байлаа. Тус тоглолт 2:1 харьцаатайгаар талбайн эздийн давамгайллаар өндөрлөлөө.  Талбайн эзэд эхний үед  гоол алдаж нэлээд хүнд байдалд орсон ч хоёрдугаар үед тоог тэнцүүлж, улмаар  нэмж гоол оруулан хожил авлаа. Энэ өдөр А.Гризман шигшээ багтаа том тус хүргэж, ялалт байгуулахад чухал нөлөө үзүүлсэн юм. 





Өнгөрсөн шөнийн хоёр дахь тоглолт Герман болон Словакийн шигшээ багуудын хооронд  болсон. Дэлхийн дөрөв, Европын гурван удаагийн аварга Герман машинуудын хувьд тэмцээний гол фавторитаар нэрлэгдэж байгаа хэдий ч Словактай тоглолт таардаггүй бөгөөд нэг сарын өмнө нөхөрсөг тоглолтод 3:0-ээр хожигдоод байсан тул энэ удаад Словактай тун ширүүн өрсөлдөөн үзүүлнэ хэмээн олон хүн хүлээж суусан. Гэсэн хэдий ч Герман машинууд өөрсдийн шилдэг тоглолтыг үзүүлж өрсөлдөгчөө 3:0 харьцаатай буулгаж, шөвгийн наймд итгэл төгс шалгарлаа. Тоглолтын эхний гоолыг Баерн Мьюхэн болон Германы шигшээ багийн хамгаалагч Жеромэ Боутэнг булангийн цохилтоос ойж ирсэн бөмбөгийг шууд гуядаж цохисноор тоглолтын тоог нээсэн. 43 дахь минутанд Юлиан Дракслэрийн дамжуулалтаар Марио Гомэс гоолдож тоог 2:0 болгож холдуулсан юм. Улмаар 63 дахь минутад  хагас хамгаалагч Юлиан Дракслэр булангийн цохилтоос ирсэн бөмбөгөнд хүрснээр тоог холдуулсан нь тэдний хожлыг бататгасан юм.  Мөн тоглолтын нэгдүгээр үед Мэсүт Өзил 11 метрийн торгуулийн цохилт алдаж, олныг гайхшруулсан. Энэ удаагийн ЕАШТ-ий үеэр таван удаа торгуулийн цохилт алдсан тохиолдол гарсан сонирхолтой мэдээлэл байна. К.Роналдо, С.Рамос, М.Өзил зэрэг дэлхийн шилдгүүд торгуулийн цохилтыг одоогоор алдаад байна. 



Энэ өдрийн гурав дахь тоглолт Бельги болон Унгарын шигшээ багуудын хооронд явагдаж, Бельгийн улаан чөтгөрүүд 4:0 харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэлээ. Тоглолтын 10 дахь минутанд Т.Алдэрвэилд, 78 дахь минутанд Батшуай, 79 дахь минутанд Э.Азар, 90+1 Я.Карраско нар гоолдож багтаа ялалт авчирлаа. Бельгичүүд тоглолтын турш илт илүүрхэж байсан бөгөөд  тэд 79 хувьтай бөмбөг эзэмшиж байсан юм.Ингэснээр одоогийн байдлаар Польш, Португал, Уэльс, Бельги, Герман, Францын шигшээ багууд шөвгийн наймд өрсөлдөх эрхээ өвөртлөөд байна. Өнөө шөнө  Итали, Испани, Англи, Исландын  хожсон хоёр нь тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхтэй болно. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus