Л.Месси шигшээ багаасаа зодог тайлахаа мэдэгдлээ
“Копа Америка” тэмцээний 100 жилийн ойд зориулан явагдсан “Копа Америка”2016 тэмцээний шигшээ тоглолтод  Чилийн багт торгуулийн цохилтоор ялагдсан Аргентиний шигшээ багийн ахлагч Л.Месси шигшээ багаасаа зодог тайлахаа мэдэгдлээ. Хоёр багийн тоглолт үндсэн цаг, нэмэлт цагт 0:0-ээр өндөрлөж, улмаар торгуулийн цохилтоор хувь заяа нь шийдэгдсэн юм. Л.Месси багийнхаа хамгийн эхний цохилтыг хийж алдсан бөгөөд дөрөв дэх цохилтоо мөн алдсанаар Аргентинчууд хоёр жил дараалан “Копа Америка” тэмцээний  шигшээ тоглолтод  Чилийн багт ялагдлаа.Ингэснээр Аргентинчууд гурван жил дараалан томоохон тэмцээний шигшээ тоглолтод ялагдсан юм. 

Уг тоглолтын дараагаар  Барселона клубын од Л.Месси  тун сэтгэл дундуур байгаа нь харагдсан. Тэрбээр шигшээ багаасаа зодог тайлахаа хүртэл мэдэгдээд байна.  Энэ талаар спортын томоохон хэвлэлүүд мэдээлсэн ч түүний хөгжөөн дэмжигчид одоо хэр нь итгээгүй бөгөөд дэлхийн  шилдэг тамирчны шагналыг таван удаа хүртсэн, энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгч  Л.Месси  шигшээ багтайгаа ОУ-ын томоохон тэмцээний цом өргөж чадахгүй байсаар  шигшээ багаасаа зодог тайлах уу гэдэг асуултыг асуусаар байна.

Дашрамд дуулгахад 2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ээр 29 настай түүнийг өндөр амжилт үзүүлнэ хэмээн хөгжөөн дэмжигчид нь хүлээж суусан юм.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus