Э.Бат-Үүл: Улс төрийн цунами боллоо
Нийслэлийн ИТХ-ын  2016 сонгуулийн дүн албан ёсоор гарсан. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сонгуулийн дүнгээр АН 11 суудал, МАН 34 суудал тус тус авч МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Нийслэлийн СЕХ-нд талархалаа илэрхийлье. СЕХ-нд ажилласан төрийн албан хаагчид сайн ажилласан. Технологийн дэвшлийг ажигласан итгэл үнэмшил төрүүлэхүйцээр зохион байгууллаа. Нийслэлийн нийт иргэд болон биднийг сонгосон  иргэддээ талархал илэрхийлье. Өнгөрсөн дөрвөн жилд ид шидийн юм шиг өөрчлөлт хийхэд итгэл үзүүлсэн та бүхэндээ бас талархалаа илэрхийлье. Дараа дараагийн удирдлагад тавих шаардлага өндөр болсон байх.

Бидний хувьд сонгуулийн үр дүн улс төрийн цунами байлаа. Үнэхээр бид ялна гэдэгтэй итгэлтэй байсан. Санаанд оромгүй үр дүн гарлаа. Бүтээн байгуулалтаас илүү түүнийг харлуулсан байдлыг сонгогчид дэмжлээ. Харлуулах замаар сонгуульд ялж болдог юм байна гэдгийг харууллаа, шинэ хандлага тогтлоо” гэлээ.

Мөн тэрбээр өөрийнхөө багийн эхлүүлсэн хорооллын дахин төлөвлөлт, “сайн хашаа” хөтөлбөр, Төрийн үйлчилгээний супермаркет, найрсаг Улаанбатар зэрэг төсөл хөтөлбөрүүдийг үргэлжүүлэх хэрэгтэйг сануулсан юм. Хотын даргын зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлт, “сайн хашаа” хөтөлбөр зогсох вий гэдэгт их санаа зовж байна гэдгээ илэрхийлсэн юм. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх ганц зам энэ дээрх хөтөлбөрүүд гэлээ.


 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus