Бразилийн домогт хөл бөмбөгч Зико Монголд ирнэ
Монгол Улсаас Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа Бразилийн домогт хөл бөмбөгч Зикотой уулзаж, Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатарын урилгыг уламжиллаа. Зико урилгыг хүлээн авч ирэх есдүгээр сард Монголд айлчлах боломжоо илэрхийллээ.

Алдарт хөл бөмбөгч маань өөрийн төрөлх Рио дэ Жанейро хотноо бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдэд зориулан хөл бөмбөгийн төв ажиллуулдаг бөгөөд уулзалтын үеэр түүний нэрэмжит хүүхдийн болон мэргэжлийн хөл бөмбөгийн клуб Монголд байгуулах буюу аль нэг клубийг түүний нэрэмжит болгох талаар санал солилцлоо. Энэ талаар “Зико сан”, Монголын Хөл бөмбөгийн холбоо хооронд яриа хэлэлцээ явуулж буй бөгөөд Зиког Монголд айлчлах үеэр талууд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохироод байна. Элчин сайдын яамнаас санаачлан эхлүүлсэн уг ажил Зикогоор дамжуулж Бразилийн хөл бөмбөгийн арвин их туршлага, багийн тоглолт, соёлыг эх орондоо нэвтрүүлэх цаашид дэлхийд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх зорилготой. Монголд байгуулагдахаар яригдаж буй Зикогийн нэрэмжит клубт бразил дасгалжуулагчид ажиллах бөгөөд олон улсын стандартын дагуу хүүхэд, залуучуудыг бэлтгэх юм.

Зиког Бразилийн хөл бөмбөгийн домогт Пелетэй эн тэнцүү зүйрлэж, “цагаан Пеле” хэмээн нэрийддэг. Тэрбээр Бразилийн Хөл бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд гоцлон 71 удаагийн тоглолтод 48 удаа гоол оруулсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ шигшээ багийнхаа түүхэнд 4 дүгээрт жагсдаг аж. 1978, 1982, 1986 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай тоглож алдар хүндээ олсон тэрбээр зодог тайлж, 2004 оны Ази тив, 2006 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Японы шигшээ багийг дасгалжуулан бэлтгэж байжээ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus