А.Очир: Сумдын ойг тэмдэглэх гэж байгаа бол урдах засаг захиргааны нэгжийг үгүйсгэж болохгүй
""Одоо энэ сумын ой гэдэг чинь бас л гажуудал. Өмнө нь тэнд засаг захиргаа байсан уу, байсан. Хошуу ч гэж байсан, сум ч гэж байсан. Монголчууд чинь энэ газар нутагтаа эзгүй байхад нь 20 дугаар зууны үед ирсэн юм биш шүү дээ. Урьд нь  байсан засаг захиргааны нэгж гэж байсан""

Сүүлийн жилүүдэд манай улс төрөөс хамааралтай болон хамаалагүй ойн баяруудыг ихээр тэмдэглэх болсон. Тухайлбал энэ жил гэхэд л 100 гаруй сумын 90 жилийн ойн баяр давхцаж буй юм. Харин эрдэмтэн судлаачид буруу зөрүү тэмдэглэж буй ойн баярын он тоололтой холбоотойгоор, улмаар түүх соёлоо үгүйсгэх ойн баяруудын талаар ихэд шүүмжлэлтэй хандаж байна. Ингээд Олон улсын төслийн зохицуулагч, доктор(Sc.D) профессор А.Очиртой  Монголын түүхийн он тооллын гажуудал буюу Төрийн олон ойн баярын асуудлаар ярилцлаа.

-Та Монголын түүхийн он тоололд гажуудал үүссэн хэмээн үзэж байгаа юм байна. энэ талаар дэлгэрэнгүй яриахгүй юу?
-Монголын түүхийн он тооллын гажуудал гэдгийг  би юу гэж ойлгож байна гэхээр сүүлийн үед угсруулан тэмдэглэж байгаа олон ойнуудыг хэлж байгаа юм. Жишээлбэл, хэдхэн жилийн өмнөөс эхлээд арми байгуулагдсаны ой, цэрэг арми байгуулагдсаны ой, гаалийн  байгууллага байгуулагдсаны ой, Татварын газрын тэдэн жилийн ой, шуудан харилцааны байгууллага үүссэний ой гээд бүгдийг тэмдэглэж байна. Бүр төрөөс зохион байгуулаад хийж байна шүү дээ. Үүнийг хараад үзэхээр дээрх байгууллагууд бүгд 20 дугаар зууны үед байгуулагдсан болж таарч байна. Голдуу 90 жил болж байна гэнэ. Зарим нь 70 жилийн ой гэж тэмдэглэж байна л даа. Үүнийг би буруу гэж үзэж байна. Яагаад гэхээр аль дээр Хүннү гүрний үед гааль, татвар чинь байсан. Цагдаа чинь байсан,  цэрэг чинь байсан.

Армийн тухай хэлбэл наад зах нь Чингисийн үед ч байсан. Тэгэхээр Цагдаа цэргийн байгууллага 20 дугаар зуунд байгуулагдсан гэхээр Чингис хааныг армигүй байсан, цэрэггүй байсан гэдгийг нотлох ёстой юу. Эсвэл Чингис хааны байгуулсан төр бидний юм биш ээ гэж булзах ёстой юу. Зугтах ёстой юм уу. Энэ олон ойнуудыг буруу тэмдэглэснээр түүхээ үгүйсгэж байна шүү дээ.

Энэ бол бидний хуучин баримталж байсан марксист, социалист онол дээр тулгуурлагдсан зүйл гэж би хувьдаа бодож байна. Түүнд юу гэж заадаг гэхээр, дарлагч ангийн соёл гэж байна, дарлагдагч ангийн соёл гэж байна гээд заагаад өгчихсөн. Дарлагч ангийн соёл нь харгислал гээд заагаад өгчихсөн. Одоо энэ онолын  үзлээс лам ноёдоо аваад устгачихсан. Одоо бид бүхнийг шинээр эхэлж байна. Шинэ соёлд суралцаж байна гээд бүх юм аа аваад “устгачихсан”.
Тэгэхээр сүүлд сэргээж байгуулсан гааль, татвар зэрэг байгууллагуудаа анх удаа байгуулж байна гээд өөрсдөө ойлгоод, түүгээрээ явчихсан. Эдгээр байгууллагууд чинь хуучин байсан юм шүү дээ. Аль Чингисийн үеэс л байсан. Манайхан үүх түүхээ мэддэг болмоор байна.

-Тэгэхээр энэ олон төрийн ойн баяруудын гажуудлын үр дагаврыг та юу гэж харж байна вэ?
-Энэ бүхний үр дагавар нь юу байна вэ гэхээр бүх түүх соёлоо үгүйсгэж байна. Түүхээ тасалж, хэрчиж тайраад өчүүхэн юм болгож байгаа хэрэг шүү дээ. Тэр хэдэн мянган жилийн түүхийн ерөөсөө тайраад 70, 80 жилийн түүхтэй болгочихож байна. Энэ нь Монголын үндэсний үзэл, эх оронч үзэлд халтай. Маш аюултай зүйл юм шүү дээ.
Яагаад гэхээр манай улс ийм жаахан богинохон түүхтэй юм уу. Үгүй шүү дээ, бүүр эртний түүхтэй. Эртний соёлтой. Гэтэл энэ бүхнээ цаагуураа үгүйсгэсэн байна шүү дээ. Энэ ойнуудаараа. Үүнийгээ болиоч ээ гэж хэлмээр байна. Энэ байгууллагууд аль эрт байгуулагдсан. Монголын түүхэнд энэ чинь та нарын тэмдэглээд байгаа шиг тахир дутуу төр байгаагүй ээ. Гаалийн албагүй цагдаагүй, татвар авдаггүй төр байгаагүй гэдгийг хэлье.

-Таны хийсэн судалгаагаар манай улс хичнээн төрлийн ойг тэмдэглэж байна вэ?
-Яг Төрийн байгууллагуудын 20-оод ойг тэмдэглэж байна. Энэ их олон ой чинь дандаа нэг тахир дутуу ой болоод байна.

-Таны бодлоор энэ олон тахир дутуу ойг тэмдэглэдэг байдлыг болиулж, залруулахын тулд яах ёстой вэ?
-Үнэхээр л төрийн байгууллагууд ойгоо тэмдэглэх гэж байгаа бол тэр Чингисийн үеэс нь тэмдэглэх хэрэгтэй. Хэрэв бид ойг нь тоотойгоор тэмдэглэх гэж байгаа бол тэр Чингисийн үеэс, тэр Хүннүгийн үеэс ойг нь тооцон тоотойгоор тэмдэглэх хэрэгтэй.
Эсвэл зүгээр “тэр байгууллагын өдөр” гээд л тэмдэглэх хэрэгтэй шүү дээ.

-Өдөр гэдгээ тодруулбал?
-Тэр байгууллага байгуулагдсаны тэдэн жилийн ой гэхгүйгээр зүгээр л “Гаальчдын өдөр” гэж тэмдэглэж болно шүү дээ. Олон улсад ийм жишиг байна.  Заавал 80 жилийн ой, гээд тавиад байх шаардлагагүй шүү дээ. Бүр яг хэзээ нь байгуулагдсан нь мэдэгдэхгүй байгууллагууд ч олон байна.  Тодорхой нь ч байна.
Бид цэргийн баярын өдөр гэж тэмдэглэдэг шүү дээ. Түүн шиг  л тэмдэглэчих л дээ.
Өнөөдөр гаальчдын  өдөр, эрүүл мэндийн ажилчдын өдөр гэх мэтээр тэмдэглэж болмоор шүү дээ.
Тэгэхгүй заавал  энэ  байгууллагын ойг тэмдэглэхийн тулд түүхээ үгүйсгэмээргүй байна.

-Тун удахгүй улсын наадам болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор  сумдууд ойн байраа тэмдэглэх гэж байна. Энэ жил маш олон сумын 90 жилийн ой тохиож байгаа гэнэ билээ. Үүн дээр таны бодол?
-Энэ жил олон сумын 90 жилийн ойг тэмдэглэхээр болж байх шиг байна. Үүнээс улсаас мөнгө зардал төлөвлөчихсөн. Энэ богино настай ойнууд яагаад болоод байна гэхээр нэг хэсэг хүмүүсийн төрөөс мөнгө салгах арга болчихоод байна. “Манай байгууллага, манай сум ойгоо тэмдэглэх гэж байна, мөнгө өгөөч” гэдэг.  Бас нэг хэсэг хүн бие биенээ шагнах арга болж байна. “Өө, манай тэдэн жилийн ой болж байна ,энэ хүнийг шагнуулмаар байна” гэдэг арга болчихсон.

Одоо энэ сумын ой гэдэг чинь бас л гажуудал. Өмнө нь тэнд засаг захиргаа байсан уу, байсан. Хошуу ч гэж байсан, сум ч гэж байсан. Монголчууд чинь энэ газар нутагтаа эзгүй байхад нь 20 дугаар зууны үед ирсэн юм биш шүү дээ. Урьд нь  байсан засаг захиргааны нэгж гэж байсан. Хошуу, отог ч гэж юм байсан. Тэгэхээр бид үнэхээр засаг захиргааны нэгж байгууллагуудын ойг тэмдэглэх гэж байгаа бол урдахаа үгүйсгэж болохгүй.
Жишээлбэл, нэг хүн өвдлөө гээд зарим тохиолдолд нэрээ сольдог шүү дээ. Тэгэхэд тэр хүний нас өөрчлөгддөг үү. Үгүй л байхгүй юу. Түүнтэй л адилхан шүү дээ. Тэгэхээр бид үүнд маш болгоомжтой хандая. Түүх уламжлалаа бодож хандая гэж эцэст нь хэлмээр байна даа.
 
 Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-07-03 04:09:23
    Эрдэмтэн баагий гэж байгаа шүү дээ. Манай эрдэмтэд нэг иймэрхүү л болчихоод байгаа юм даа. Хамгийн гол нь тэд өөрсдийгөө эрдэмтэд гэж үнэхээр хатуу итгэсэн, түүгээр ч барахгүй төр нь үүнийг нь баталж байгаа юм л даа.
    202.21.106.169
    Мэдэгдсэн Хариулах
  • элжигэн халх 2014-07-03 03:10:09
    маш зөв, бүрэн дэмжиж байна
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах