Өмнөд хөршийн бизнесмэнүүд манай төмөр замын бодлогыг сонирхлоо
Өмнөд хөршөөс 200 гаруй хөрөнгө оруулагч иржээ. Тэдний хагас нь Монголд шинээр хөрөнгө оруулахаар “зэхэж” байгаа аж. Гэхдээ монголчуудыг энэ салбартаа хийсэн хууль, эрх зүйн өөрчлөлтөө хэрхэн хэрэгжүүлэхийг харзнаж буйгаа онцоллоо. Мөн БНХАУ, ӨМӨЗО-ны бизнесмэнүүд ирэх сард болох Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын уулзалтаас шинэ зүйл хүлээж буйгаа илэрхийлсэн юм. Тэд Монголын хөрөнгө оруулалтын орчин хэрхэн өөрчлөгдсөнийг албаны хүмүүсээс асуухаас гадна Монгол Улсын төмөр замын бодлогыг илүү сонирхож байв. Өмнөд хөршийн зам тээвэр, уул уурхайн компанийн төлөөллүүд Монголыг төмөр замын бодлогодоо олон улсын туршлагаас юуг нь илүү чухалчилж байгаа, ямар бодлогоор энэ салбараа хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг албаны хүмүүсээс асуусан ч энэ асуудлыг УИХ дээр хэлэлцэж байгаа гэсэн товч хариулт авсан юм. Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ ӨМӨЗО-ны Худалдааны танхимтай хамтран хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх уг чуулга уулзалт өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зохион байгуулах юм. Урд хөршийн бизнесмэнүүдийн дийлэнх нь манай улсын уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарт хамтрах сонирхолтой байгаагаа хэллээ.
 

ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дарга Сүн Вэй Дун: ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА

Хятад, Монголын улстөрийн харилцаа таатай байгаа энэ үед хоёр орны бизнесмэн, хөрөнгө оруулагчид чуулж, асуудал, боломжоо ярилцаж байгаад олзуурхаж байна. Манайхаас уул уурхай, барилга, банк санхүү, зам тээвэр зэрэг эдийн засагт гол байр суурь эзэлдэг  есөн салбараас төлөөлөл оролцож байна.  Тэд Монголын хөрөнгө оруулалтын салбарын эрх зүйн орчны шинэчлэлд талархаж байгаа. Гэвч манай хөрөнгө оруулагчид шинэ хуулийг хэрхэн хэрэгжүүлэх нь  тодорхойгүй байна гэдгийг онцолж байна. Мөн Монголд шинээр хөрөнгө оруулахаар судалгаа хийж буй компаниуд Монголын компаниудтай хамтарч, хөрөнгө оруулахад хуулийн орчин бэлэн болоогүй гэж үзэж байна.

 

ӨМӨЗО-ны Хөрөнгө оруулалтын холбооны дарга Л.Баатар: ӨМНӨ НЬ ТУЛГАРЧ БАЙСАН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ГАРЦ ХЭРЭГТЭЙ

Манай орны хөрөнгө оруулагчдын гол хүлээж байгаа зүйл Монголын хөрөнгө оруулалтын салбарын эрх зүйн өөрчлөлт тодорхой болох явдал. Тэд өнгөрсөн онд энэ салбарын хуулийн орчин хэрхэн өөрчлөгдөн сайжрах талаар хүлээж байсан бол одоо шинэ хууль яаж хэрэгжих, ямар журмаар хэрхэн хөрсөнд буулгахыг хүлээж байна. Өнгөрсөн оныг бодоход нөхцөл байдал сайжирсан гэж тэд дүгнэж байгаа. Манай бизнесмэнүүд Монголд бизнес явуулахад ажилч­дын квот, тэдний ор­шин суух асуудал, орн нутгийн­хантай хэрхэн хамтарч ажиллах нь тодорхой болохыг хүсч байна.

 

Өнгөт металлын хайгуулын компанийн захирал Лю Жин Чан: “ЦАГААН ШОНХОР” КОМПАНИТАЙ АЛТ, ЗЭСИЙН ОРДОД ХАМТРАХААР БОЛСОН

Манай компани уул уурхайн хайгуулын чиглэлээр ажилладаг. Өвөрмонголд “Баян-Овоо” төмрийн хүдрийн уурхай, Баяннуурын зэс молбидений уурхайн нөөцийг тогтоож байсан. Монголын “Цагаан шонхор” компанитай хамтран Монголд алт, зэсийн ордод хайгуул хийхээр ярилцаж байна. Энэ ажлыг үргэлжлүүлэхэд бидэнд хайгуулын лиценз маш чухал. Энэ уулзалтын дараа тус компанитай хамтарч ажиллах талаар дахин ярилцаж, хайгуул хийх талбайтай танилцан, хөрөнгө оруулалтын хэмжээгээ ярилцахаар төлөвлөж ирсэн.

 

“Алтайн хянгана” компанийн менежер Т.Түмэнжаргал: ЗАРИМ ЛИЦЕНЗ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙДАГ

Манай компани Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад дөрвөн жил болж байна. Монголд хөрөнгө оруулагчдын орлогыг хамгаалах талаар нарийн журам заалт байдаггүй. Энэ нь бидэнд асуудал болж байна. Мөн уул уурхайн салбарт Монголын компаниудтай хамтарч ажиллахад тухайн лицензийг хувь хүн, байгууллагын аль нь эзэмшиж байгаа, лиценз эзэмших хугацаа нь хэзээ дуусах зэрэг тодорхойгүй, эргэлзээтэй байдаг.

Э.СОЛОНГО
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.