Дугаартайгаа шилжих үйлчилгээ хүлээлт үүсгэж байна
УИХ-ын энэ сарын 1-нд өглөөнөөс эхлэн үдшийн бүрий болтол завсарлага авалгүй хуралдаж 10 гаруй хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Учир нь хуулийн дагуу хаврын чуулганыг завсарлуулах шаардлага тулгарсан хэрэг. Энэ өдрийн бөөндсөн хуулиудын нэг Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв.

Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар түүний дотор ярианы үйлчилгээний зах зээлд өрсөлдөөн оруулах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх бодлогын хүрээнд 1995 оноос эхлэн үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар  Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-иуд үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж байна.

Түүнчлэн үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн 12.21 хувийг дараа төлбөрт хэрэглэгч, 87.79 хувийг урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүрдүүлж байгаа юм. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4,247.4 мянгад хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн түвшин 144.9%-д хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр байгаа юм.

Үүнээс үүдэлтэйгээр үүрэн холбооны хэрэглэгч нь үйлчилгээ эрхлэгчийг чөлөөтэй сонгох боломжтой боловч өмнө ашиглаж байсан дугаараа зайлшгүй солих шаардлагатай болдог. Иймээс Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулах шаардлага тулгарсан байна. Хууль санаачлагчид ч хүсэлдээ хүрч чадлаа.

Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон (өөр оператор компанид шинээр бүртгүүлэн) шинээр хэрэглэгч болох үедээ шилжин очиж буй үйлчилгээ эрхлэгчээс дугаар авалгүйгээр одоо ашиглаж буй хуучин дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжтой болох юм байна.

Ингэснээр оператораа сольж байгаа хэрэглэгч бусдад дугаараа шинээр хэлэх, нэрийн хуудсаа солих үйлдлийг хийхгүй, ирж буй дуудлагыг алдахгүй, илүү чанартай үйлчилгээг авах зэрэг үр дүн гарна хэмээн тооцоолсон байгаа юм. Гэхдээ мэдээж хууль батлагдсан өдрөөс эхлэн энэ үйлчилгээ нэвтрэнэ гэдэг нь өрөөсгөл юм.

Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үүрэн болон суурин холбооны үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардагдах техник технологийн шийдлийг эцэслэн шийдвэрлэх, холбогдох дүрэм, журмыг боловсруулан батлах, тоног төхөөрөмж туршиж үзэх, техникийн болоод зохицуулалтын орчинд гарах зарим өөрчлөлтөд зохицуулалт хийх зэрэг цаг хугацаа шаардсан бэлтгэл ажлуудыг хангасны дараа дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хугацааг албан ёсоор олон нийтэд мэдээлэх аж.

 Албаны хүний тайлбараар бол дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх ажил наадмын дараагаас эхлэн идэвхжих аж. Энэ ажлыг талуудын уулзалт зөвлөгөөн зохион байгуулахаас эхлүүлэх гэнэ.

Ийнхүү  1990-ээд оны дунд үеэс дэлхийн улс орнууд үүрэн болон суурин холбооны зах зээлд нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн энэ үйлчилгээг 2015 оноос өмнөхөн ашиглах эхлэх юм. Өнөөдрийн байдлаар  манай үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх таатайгаар хүлээж авч байгаа тухай албаныхан мэдээлж байгаа юм. Ямар ч гэсэн  дугаартайгаа шилжих үйлчилгээг  иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн зүйлийн нэг болоод байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.