Долоо хоногийн тойм
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр батлагдсан парламент анхдугаар чуулганаа өндөрлүүллээ. Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд даргаа сонгож, Байнгын хороодыг байгуулж, удирдлагыг сонголоо.
Түүнчлэн, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо.
Дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар арван дэд сайдыг томилж, тогтоол баталлаа. Үүнд:
- Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл
- Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр /УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/
- Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа /МАН-ын Нарийн бичгийн дарга/
- Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж / ОБЕГ-ын дарга асан /
- Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга /МАН-ын Нарийн бичгийн дарга/
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр
- Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн / “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан/
- Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн
- Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга/
- Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/
 
Төсөв тодотгоно

Мөн Засгийн газрын ээлжилт хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Энэ асуудал өчигдрийн Засгийн газрын хуралдаанд нууцын зэрэглэлд багтаж байсан юм. Засгийн газрын хуралдаанаар 2016 оны төсөвт тодотгол хийхээр болж, Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ. Монгол Улсын төсөв эхний хагас жилийн байдлаар 1.2 их наядын алдагдал амсаад байгаа билээ.
Мөн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталжээ. Нийслэлийн болон дүүргийн тамгын газруудын орон тооны хязгаарыг баталсан байна. Өөрөөр хэлбэл, нийслэл өмнө нь зургаан орлогч, 32 агентлагтай ажиллаж байв. Агентлагуудын тоог хадгалсан ч заримынх нь чиг үүргийг өөрчилсөн байна. Нийслэлийн иргэдийн 65 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тиймээс Залуучуудын хөгжлийн газрыг шинээр нэмж байгуулсан байна. Монгол Улсын нийт хүн амын 45, нийт өрхийн 40 хувь нь нийслэлд амьдардаг аж.
Долларын хаш өссөөр байна

Өнгөрсөн долдугаар сар гарсаар долларын ханш үргэжилсэн өсөлт үзүүлсээр өнгөрсөн пүрэв гарагт 2135 төгрөгтэй тэнцлээ. Валютын ханш огцом өсч байгаа талаар тус “найман шарга” захын ченжүүд банкинд валютын нөөцийн хомсдол үүссэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.  Харин эдийн засагчид валютын нөөц багасч, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь ам.долларын ханшид нөлөөлж байгаа хэмээн тайлбарлаж байна.
Олимп эхэллээ

Зуны 31-р олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа Рио де Жанейрогийн "Маракана" цэнгэлдэхэд өчигдөр боллоо.
Манай улсын хувьд 43 тамирчин Риог зорьсон. Монголын шигшээ багаа төлөөлөн эх орныхоо төрийн далбааг намируулах эрхэм үүргийг жүдоч Б.Тэмүүлэн хүлээсэн юм. Тэрээр энэ олимпод жүдогийн +100 кг-ийн ангилалд өрсөлдөх юм.
Олимпийн наадмын ёслолд нийт 28 орны төрийн тэргүүнүүд оролцсон бөгөөд тэдний дунд Аргентин, Франц, Чех, Итали, Португал, Нидерланд орны ерөнхийлөгч, ерөнхий сайдууд багтаж байв. Мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун ирсэн байлаа.
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.