Ус хангамжийг сайжруулахад  Мянганы сорилтын корпорацитай хамтрана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгч хатагтай Фатима З.Сумарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Н.Гантөмөр, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн Гүйцэтгэх захирал Э.Тэмүүлин, Мянганы сорилтын корпорацийн Ази-Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан захирал Жонатан Брүүкс, Мянганы сорилтын корпорацийн усны асуудал хариуцсан Ерөнхий захирал Кумар Ранганатан нар оролцов. Уулзалтаар Улаанбаатар хотын ус хангамжийг шинэчлэн сайжруулах талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Юуны өмнө АНУ-ын Мянганы сорилтын корпораци Монгол Улсыг хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор сонгосонд талархал илэрхийлье. Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах цогц хөтөлбөрт хөрөнгө оруулах шийдвэр гарсанд таатай байна. Нийслэлийн удирдлагын зүгээс төсөл, хөтөлбөр боловсруулах үйл явцад идэвхтэй хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын гэр хорооллын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж тулгамдсан асуудлын нэг. Мөн гэр хороололд агаар, хөрсний бохирдол ноцтой асуудал үүсгэдэг. Эдгээр асуудалд ч бас хамтран ажиллахыг хүсч байна” гэлээ.

Харин АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгч хатагтай Фатима З.Сумар “ Бид Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах цогц хөтөлбөрт хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Хөтөлбөрийн хүрээнд саарал усны ашиглалт, чанарыг сайжруулах, гэр хорооллын ус хангамж, хөрсний бохирдлыг багасгах, мөн усны зөв хэрэглээ, иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллах болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.