Монгол судлаач эрдэмтдийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчийн зарлигаар гадаад, дотоодын зарим эрдэмтэн, судлаачдыг Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хагас зууны туршид ажил амьдралаа зориулан хөдөлмөрлөж ирсэн хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж,

Монгол Улсын Их сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Гэлэгжамцын Цэрэнханд,  

Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Жавзангийн Цолоо нарыг,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ринчинсамбуугийн Отгонбаатарыг,

Алтангадас одонгоор ОХУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Бойкова Елена, СУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Чулууны Алтанцэцэг, Япон улсын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Хироки Ока, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Магсаржавын Баярсайхан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Жалсангийн Ринчиндорж, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Доржсүрэнгийн Бүрнээ, ОХУ-ын иргэн, Иркутскийн Улсын их сургуулийн багш Лиштованный Евгений Иванович, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Хаапангаагийн Чойжинжав, МУИС-ийн түүхийн тэнхимийн багш Дашдондогийн Баярсайхан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Өвөр Монголын багшийн  их сургуулийн захирал Балданжамцын Бүрэнжаргал, ШУА-ын түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Жамсранжавын  Гэрэлбадрах, Бүгд Найрамдах Франц улсын иргэн, Францын Ле Харве их сургуулийн доктор, профессор Пиэр Шабал, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн эрхлэгч Галиндэвийн Мягмарсамбуу нарыг,

Найрамдал медалиар ХБНГУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Ута Шёне, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн,  монголч эрдэмтэн Родика Поп, ХБНГУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Инес Штольпе, ОХУ-ын иргэн, Эрмитаж улсын музейн Дорно дахины салбарын ажилтан Крамаровский Марк Григорьевич, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Өвөр Монголын их сургуулийн багш Сэйнгойровын Насан-Урт нарыг тус тус шагналаа.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурал нээлтээ хийж буй энэ өдөр монгол судлалын салбарт амжилт бүтээлээрээ тэргүүлж байгаа дотоод гадаадын шилдэг эрдэмтдэд Есөн хөлт цагаан тугийн цэнгэн орших хүндэтгэлийн өргөөнд Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монгол үндэстний хэл соёл, түүх, сэтгэлгээний онцлог, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны салбарыг шинжлэх ухаанд үндэстэй судлан тайлбарлах үйлсэд нөр хичээнгүй зүтгэл гарган ажиллаж байгаа судлаач та бүхэнд баярлалаа.

Энэ шагнал бол Монголыг судалж, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж буй Монгол төрийн хүндэтгэл юм. Мөн таны багш, шавь, хамтран зүтгэгчдэд тань олгож байгаа урам юм. Монголын төр, судлаачид хамтран монгол судлалыг хөгжүүлэхийн төлөө улам бүр хичээнгүйлэн ажиллана. Өнөөдөр хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол төрийн сүлд өнөд биднийг ивээх болтугай. Баяр хүргэе” гэлээ.





 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.