П.Лхагвасүрэн: Сургалтын төрийн сангийн зээлд 3500 оюутан хамрагддаг

Жил бүр сургалтын төрийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй, хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд оюутны сургалтын төлбөрийн зээл олгодог. Энэ талаар сургалтын төрийн сангийн захирал П.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сургалтын төрийн сангаас оюутнууд зээл авч, их, дээд сургуульд элсэн ордог шүү дээ. Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ зээлд хэрхэн хамрагдах вэ?

-Манай байгууллагаас олгодог сургалтын хөнгөлөлттэй зээлд тодорхой нөхцөл, шаардлагыг хангасан оюутнуудад хамрагддаг. Уг зээлд хагас өнчин, малчин өрхийн,амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхийн суралцагч хамрагдах боломжтой. Мөн гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгүй хугацаанд хаасан суралцагч хамрагдана.

-Хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн олон оюутнууд байгаа байх. Яаж хамрагдах вэ. Ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Хөнгөлөлтэй зээлд хамрагдахыг хүссэн оюутнууд материалаа өөрийн орох гэж буй сургуульдаа бүрдүүлж өгнө. Үүний дараа тухайн сургууль нэгдсэн журмаар манай байгууллагад оюутнуудын материалыг явуулдаг юм. Бүрдүүлэх материалын хувьд  өргөдөл, суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар хэрэгтэй. Мөн Боловсролын үнэлгээний төвийн батламж, үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт, эцэг, эхийн аль нэг нь нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар, малчин өрх болохыг нотлох сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт шаардлагатай. Хэрвээ гэрээт цэргийн алба хаасан бол түүнийг тодорхойлох харьяа аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт хэрэг болно. Эдгээр материалуудыг бүрдүүлж, сургуульдаа өгснөөр тэтгэлэгт хамрагдах боломжтой.

-Зээлийн эргэн төлөлтийг нь сонирхож болох уу. Ер нь зээл тусламжид хамрагдсан оюутнууд сургалтын төлбөрөө хэдийд нь төлж дуусгах вэ?

-Хоёр талт гэрээний дагуу зохих журмаар заасан хугацаанд нь төлж барагдуулах ёстой байдаг. Зээлийн хэмжээ нь их, дээд сургууль, коллеж зэргээс шалтгаалан өөр өөр олгогддог. Тодорхой мөнгөн дүнгийн хязгаарлалт байхгүй. Зээлээ гэрээний дагуу заасан хугацаанд нь төлж барагдуулах ёстой. Сургуулиа төгсөөд зээлээ барагдуулаагүй тохиолдолд их сургуулийн мэргэжлийн диплом олгодоггүй.

-Сургалтын төрийн сангаас буцалтгүй тусламж олгодог. Энэ тусламжийг ямар оюутнуудад олгодог вэ?

-Оюутны сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй, эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчдад олгодог. Гэхдээ хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Зөвхөн гэр бүлийн гишүүний нэг нь хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд олгоно. Хүмүүс хамаатны хүн маань хөдөлмөрийн чадвараа алдсан, төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдъя гэж ирдэг. Энэ бол буруу. Бат гэдэг айлынх дөрвөн гишүүнтэй байлаа гэж бодоход тэр гишүүдийн хэн нэг нь хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд л энэ тусламжийг авах боломжтой.

-Буцалтгүй тусламжид хамрагдах боломжтой ч хаана хандах, ямар материал бүрдүүлэхээ мэдэхгүй олон оюутан байгаа байх. Бүрдүүлэх материалын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Суралцагчийн өргөдөл, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, Боловсролын үнэлгээний төвийн батламж, БСШУЯ-ны суралцах эрхийн бичиг /томилолт/, үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт, эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолтыг авч ирэхэд болно. Буцалтгүй тусламжийн нөхцөл, шалгуурыг хангасан тохиолдолд эдгээр материалыг бүрдүүлэхэд болно.

-Жилд хэчнээн оюутан сургалтын төрийн сангаас зээл авдаг юм бэ?

- Манай байгууллага 1993 оноос хойш өдгөө 23 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд олон мянган оюутан залуусыг сургалтын төрийн сангийн зээлд хамруулж, гадаад, дотоодод мэргэжил боловсрол эзэмшихэд нь тусалсан. Ер нь жил бүр 3500 оюутан сургалтын төрийн сангийн зээлд хамрагддаг.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хулан 2016-12-13 02:24:41
    сайн байна уу энэ жилээс төрийн сангийн зээл олгохоо больсон юмуу
  • ЗОЧИН 2016-08-18 01:30:50
    Гадаадад суралцагчдад хэдэн доллар,дотоодод суралцагчдад хэдэн төгрөг,нийт хэдэн төгрөг зарсан,хэдийг нь буцаан авсан гээд тодорхой мэдээлэл өгөхгүй дээ.