Т.Мөнхбаатар: Олон жил амьдарсан иргэдийн газрыг баталгаажуулж байгаа
Нийслэлд амьдарч буй газраа өмчилж аваагүй иргэд олон бий. Тэд хашаа байшингаа босгож, олон жил тухайн газартаа амьдарч байгаа ч өмчилж авч чадахгүй байна гэх гомдлыг ихээр гаргадаг. Тэгвэл тэдгээр иргэдийн асуудлыг дүүргийн Өмч газрын харилбааны албад хэрхэн шийдвэрлэж байна вэ. Мөн  өөрийн гэсэн өмчилсөн газаргүй иргэдэд шинээр газар олгох ажил ямар шатандаа яваа бол.  Эдгээр асуултуудад хариулт авахаар Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатартай уулзлаа. Түүний яриаг хүргэе.

-Сүхбаатар дүүрэгт ногоон бүс буюу зуслангийн газрыг гэрчилгээтэй хүмүүст нь баталгаажуулж өгч байгаа гэх юм. Газар өмчлөл угаас иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан.  Энэ ажил хэзээнээс эхэлсэн юм бэ?
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 тогтоолоор иргэдийн газраа баталгаажуулах асуудлыг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ нь Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлагдтал шинээр газар өмчлүүлэхийг хориглосон тогтоол байсан. Тэгвэл одоо 2020 он хүртэлх нийслэлийн төлөвлөгөө батлагдсан учир хуучин амьдарч байсан айлуудын газрыг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу баталгаажуулах ажил эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн газар дээрээ олон жил амьдарсан, хашаа байшинтай айлуудын газрыг ямар нэгэн маргаангүй тохиолдолд баталгаажуулж гэрчилгээ олгох юм. Энэ ажил тавдугаар сарын 15-аас эхэлсэн. Гэхдээ энэ нь шинээр газар олгож байгаа хэрэг биш шүү. Хуучин амьдарч байсан хүмүүсийн газрыг газар дээр нь очиж судалгаа хийсний үндсэн дээр баталгаажуулж байгаа. Энэ ажил зөвхөн манай дүүрэг дээр бус бүх дүүрэгт адил явагдаж байгаа. Тус дүүргийн хувьд баталгаажилтыг 14 хоногт багтаан шийдвэрлэж байна.
Тодруулбал, манай дүүрэгт Хуурай мухар, Гоодой, Хандгайтын богино, Санзай, Бэлхэд зуслангийн газар өмчлөлийг  8 дугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

-Тэгэхээр зуслангийн газраа өмчлөх хүсэлтэй байгаа иргэдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Ерөнхий төлөвлөгөөний дагуу ойн сан, усан сан, өндөр хүчдэл, гуу жалга, автозамын хамгаалалтын бүсэд ороогүй, орц гарцын маргаангүй, эзэмших эрхийн гэрчилгээтэй иргэд заасан хугацаанд материалаа бүрдүүлэх ёстой. Мөн бусдын эзэмшил газартай давхцаагүй байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьж байна.

-Иргэд дуртай хувийн кадастраар зураг гаргуулчихаад хоорондоо газар булаалдах асуудал их байдаг. Үүнийг хэрхэн шийддэг вэ?
-Дүүргийн газрын албанд хэн нь түрүүлж  хүсэлт өргөдөл гаргасан байна, түүний талд шийдвэрлэнэ. Угаас хуулиндаа тэгж заасан байдаг юм. Түүнээс бус хэн нь түрүүлж, хувийн кадастрт бүртгүүлсэн байх нь ердөө ч хамаагүй. Учир нь тухайн газрын эрх бүхий мэргэжилтэн зөвшөөрсний үндсэн дээр л иргэд хувийн кадастр хийлгэх ёстой байдаг. Үүнийг Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газрын даргын тушаалаар баталсан журамд тодорхой заасан байдаг. Гэтэл манайхан дур мэдэн кадастр хийлгэчихээд түүгээрээ асуудал үүсгээд байдаг, ингэж болохгүй л дээ. Уул нь хувийн кадастр хийлгэх үгүйг тухайн газар асуудал хариуцсан эрх бүхий мэргэжилтэн газар дээр нь очиж судалгаа хийсний үндсэн дээр “боломжтой” хэмээн зөвшөөрсөн тохиолдолд хийдэг юм.

-Зөрчилтэй газар эзэмшиж байгаа иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
- Яг газрын зөрчилтэй хүмүүст арга хэмжээ авая гэхээр манай газрын байцаагч нарт тийм эрх байдаггүй. Хуучин журмаар бол дүүргийн газрын албаны дарга нарт улсын байцаагчийн эрх байсан. Одоо бол байхгүй болсон. Нэг үгээр, яг хууль дүрмийн дагуу арга хэмжээ аваад торгууль тавина гэсэн зүйл бидэнд байхгүй. Харин тухайн иргэн газар дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан бол тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эхлээд хугацаатай албан шаардлага хүргээд биелүүлээгүй тохиолдолд албадан буулгана. Тэгэхдээ мэргэжлийн байгууллагуудтай нь хамтран буулгах ажлыг хийх ёстой байдаг. Ингэж л газар чөлөөлөх арга хэмжээг авдаг даа.

-Өнгөрсөн хугацаанд маргаантай хичнээн газрын асуудлыг шийдвэрлэв?
-Сүхбаатар дүүргийн засаг даргын 2014 оны 04 сарын 28-ны өдрийн А/168 тоот  захирамжийн хүрээнд Дүүргийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Өмч газрын харилцааны алба , Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газартай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн газрууд буюу ногоон бүсэд шалгалт хийсэн. Ойн сан бүхий газар, усан сан бүхий газарт газар эзэмшилт, ашиглалтын байдлыг тогтоох болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын газар эзэмших эрх болон хууль тогтоомж зөрчин зөрчил гаргасан газар эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийх удирдамжын дагуу шалгалтыг явуулсан. Энэ шалгалтаар олон зөрчил илрүүлсэн.Тухайлбал, нэг иргэн 400 метр га талбайтай эзэмших гэрчилгээтэй мөртлөө талбайгаа томруулаад хашаа хатгачихсан, бүр нэг га-аар, амаар нь хашаа хатгачихсан айл хүртэл байна. Ийм хүмүүст прокурорын байгууллагатай хамтарсан албан шаардлага мэдэгдэл өгсөн. Биелүүлэхгүй  бол албадан буулгах ажлыг эхэлнэ.Шалгалтаар 27 иргэн,  15 аж ахуйн нэгж байгууллага зөрчилтэй нь илэрсэн. Шалгалтын үр дүнд зарим аж ахуйн нэгж байгууллагууд зөрчлөө арилгаж байна.Миний хувьд, 2013 оны 10 дугаар сард энэ албанд даргаар ирснээсээ хойш 5 удаагийн захирамжаар 200-аад иргэний дахцсан газрын асуудлыг шийдвэрлэж хүчингүй болгоод байна.

- Хотын төвд ч гэсэн иймэрхүү асуудал их гардаг шиг санагдана?
-Хотын төвд ч гэсэн дээрх судалгаа шалгалтыг явуулахаар төлөвлөгөөнд тусгагдчихаад байна. Учир нь 2010 оны НИХТ-ийн тогтоолоор Улаанбаатар хотын төвд хашаа байх ёсгүй. Харин сургууль, цэцэрлэг гэх мэт байгууллагууд хашаатай байж болно. Бусад нь хашааны оронд ногоон байгууламжтай байна гэж заасан байдаг. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс бэлтгэл ажлаа хангаад явж байна. Нийслэлээс төсөв нь шийдэгдчих юм бол энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд бэлэн.

-Дүүргийн Өмч газрын харилцааны албаныхан ачаалал ихтэй ажиллаж байх шиг байна. Хэдийгээр дүүргийн хэмжээнд шинээр олгох газар байхгүй гэж байгаа ч газартай болох гэсэн иргэд, мөн аль хэдийн хашаагаа хатгаад, байшингаа барьчихсан ч зөвшөөрөл нь байхгүй гэх зэрэг асуудалтай иргэд олон байна. Тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Иргэд өөрсдөө газрын албаар үйлчлүүлэхдээ мэдээлэл дутмаг байдгаас газрын асуудал их үүсдэг. Тухайлбал, тухайн газартаа олон жил амьдарсан иргэн газрынхаа гэрчилгээг авсан ч кадастрын зургаа мэдээллийн санд оруулаагүй тохиолдол их байна. Эсвэл программын алдаанаас устгагдсан, нэр нь хасагдсан, солигдсон тохиолдол ч гарч байна. Хороо хариуцсан газар зохион байгуулагчид маань хувийн компаний кадастрыг гарсан шийдвэрийн дагуу жижүүрийн зурагт өөрсдөө хөтөлж нэгдсэн мэдээллийн санд оруулдаг. Уг нь иргэд газрын эрх үүссэнээс хойш 30 хоногийн дотор газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх ёстой байдаг юм. Гэтэл түүнийгээ биелүүлээгүйгээс болоод асуудал үүссэн иргэд их хандаж байна. Газрын албаныхан ачаалалтай ажиллаж байна. Энэ албаны 20 гаруй ажилтан өдөрт 600 гаруй хүнд үйлчилж байна. Мөн хөдөө орон нутгаас хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор газрын асуудал их гардаг.

-Нийслэлээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд газар олгоно гэснээс 20  байршлыг баталснаа саяхан зарлалаа. Угаас Сүхбаатар дүүрэгт хамгийн нягтаршил ихтэй дүүргүүдийн тоонд ордог учраас маш бага буюу хоёрхон байршилд газар олгохоор заасан байсан. Гэтэл тэдгээр байршилд нь айлууд амьдардаг газар гэх юм?
-Нийслэлээс баталсан төлөвлөгөөгөөр бол  Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд Тоосгоны 1-р хэсэгт 64 га, нөгөө нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд Тоосгоны 2-р хэсэгт 64 га гэсэн хоёр байршилд газар өмчлүүлнэ гээд заагаад өгчихсөн. Гэтэл эдгээр газраас  ердөө 3,6 га газар нь хоосон талбайтай байна. Өөрөөр хэлбэл бусад га газарт нь зөвшөөрөлтэй айлууд байгаа гэсэн үг. Мөн төлөвлөлтийн дагуу орон сууцны хотхон байгуулахаар ерөнхий төлөвлөгөө гарчихсан байх жишээтэй. Тийм газрыг тэр чигээр нь оруулаад еорөнхий төлөвлөгөө баталчихсан байна. Бид энэ талаар зохих хүмүүст нь дуулгасан байгаа. 

-Та онлайн бүртгэлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бидэнд өгсөн мэдээллээр гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх ажлын онлайн бүртгэлийг наймдугаар сард явуулна. Тэр болтол бэлтгэл ажил хангагдах юм. Энэ хугацаанд Нийслэлийн өмчийн харилцааны газрын Мэдээлэл технологийн хэлтэс болон Газар өмчлөлийн хэлтсийнхэн хороодоор явж, хэсгийн анхлагч, нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгуулна. Энэ сургалтаараа иргэдэд онлайнаар хэрхэн бүртгүүлэх ёстой вэ гэдгийг тайлбарлаж, бүртгүүлж чадахгүй нэгэнд нь бүртгэлийг нь хийж өгөх чадварыг хорооны мэргэжилтнүүдэд суулгах юм. Тэгэхээр компьютертэй харьцаж чаддаггүй хүмүүс хорооны нийгмийн ажилтнаараа дамжуулаад бүртгүүлж болно. Ингээд бүртгүүлээд газар сонгох эрхтэй болсон хүмүүс тухайн дүүргийнхээ Өмч газрын харилцааны албанд хандана. Нэг үгээр, газраа сонгосон иргэд дүүрэг дээрээ ирж бичиг баримтаа бүрдүүлж өгнө. Тэгээд дүүргээс ямар кадастрын байгууллагаар газрынхаа кадастрыг хийлгэх ёстой вэ гэдгийг чиглүүлж өгнө. Тэдгээр кадастрын байгууллага нь  тендерээр сонгон шалгаруулаад шалгарсан компани байх ёстой. Тэгэхээр тэр компаниудынх нь чиглэлийг иргэдэд дүүргийн газрын албадынхан нь хэлээд өгнө.

-Тэгэхээр кадастр хийлгэх хувийн компанийг тендерээр шалгаруулна гэсэн үг үү. Манайхан дуртай хувийн кадастрын компаниараа дуртай үед кадастр хийлгэдэг болчихоод байна шүү дээ?
-Уул нь Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны  83 дугаар тушаал гэж байдаг юм. Тэр тушаалаар кадастрын зураглал хийгдэх ёстой л доо. Би дээр яриандаа цухас дурдсан, эхлээд хээрийн судалгаагаа хийнэ. Тухайн иргэний газрыг тухайн газрын асуудал хариуцсан байцаагч газар дээр нь очиж үзнэ. Долоо хоногийн  мягмар, пүрэв гаригуудад байцаагч нар маань иргэдийн хүсэлт гаргасан газрыг очиж үзэн хээрийн судалгааг хийдэг. Хээрийн судалгаагаар өндөр хүчдэлийн дор  байна уу, үер усны аманд байна уу, бусдын эзэмшил газартай давхацсан байна уу, үгүй юу, газрын хэвгий налуу ямар байна вэ, түргэн тусламж, гал түймэр гарлаа, янз бүрийн осол аваар боллоо гэхэд очиход бэрхшээл байна уу, үгүй юу гэдгийг судална. Хэрэв газрын байцаагч “боломжтой газар байна аа. кадастрын зургаа хийлгэ” хэмээн өргөдөл дээр нь гарын үсгээ зурсан бол хувийн кадастраар тухайн иргэн кадастрын зургаа хийлгэх ёстой. Гэтэл энэ журмыг иргэд нь кадастрын компаниуд ч биелүүлдэггүй. Дураараа хийчихдэг.Иймээс иргэдийн дунд “за, энэ газрын кадастрын зургийг хийлгэчихээд буучихвал энэ газрыг авчихна” гэсэн буруу ойлголт төрчихөөд байна.Мөн хувийн кадастрын байгууллагууд ашгийн байгууллага учраас энэ журмыг мөрдөхгүй байна.

Ярилцсанд баярлалаа.
 
Г.Уянга
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дорж 2014-07-08 06:04:30
    Худалдаж авсан газартаа 5 -аас дээш жил суусан иргэдэд хорооны засаг даргын бүртгэлийг үндэслээд газрыг өөрийнх нь нэр дээр болгож болдоггүй юм уу? Хэн нэг хүнээс худалдаад авчихсан байдаг боловч кадастрын зурагны нэр нь өөр хүн дээр гарч ирээд байх,эсвэл
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах