30 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэж байна
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлагаар хотын удирдлагууд нийслэлээс УИХ-д сонгогдсон төрийн түшээдтэй “Зөвлөлдөх уулзалт” хийсэн. Харин өчигдөр НИТХ-ын төлөөлөгчидтэй хотын удирдлагууд уулзаж, нийслэлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн гарцын талаар болон ирэх дөрвөн жилд ямар зарчмаар ажиллах вэ гэдгийг ярилцлаа. НИТХ-д 45 төлөөлөгч ажиллаж байна.

Улс төрийн нам, эвсэл үл хамааран Улаанбаатар хотоо хөгжүүлэх нэг зорилготой. Тиймээс юун түрүүнд “Нийслэл хотын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн зорилт”-оо  ярилцаж, бие биенээ дэмжин хамтарч ажиллахаар уулзаж байгааг хотын дарга онцоллоо. Төлөөлөгчид иргэд нь амар тайван, сэтгэл хангалуун амьдрах аз жаргалтай хотыг хэрхэн бий болгох талаар өөр өөрийн саналаа дуулгасан.

Тухайлбал, “Гэр хорооллын дахин төлөвлөлт, агаар хөрсний бохирдлыг ярисаар байгаад өнөөдрийг хүрсэн. Хөрөнгө зарцуулсан ч дорвитой өөрчлөлт гарахаар ажил хийгдээгүй. Тэгэхээр үүн дээр шинэлэг технологиудыг илүү ашиглах нь зөв. Тухайлбал, цэвэрлэх байгууламж гэхэд гэр хороололд хороо хороогоор нь шийдвэл хөрсний бохирдлыг бууруулах боломжтой гэж харж байна.” гэсэн санал гарлаа. Үүнээс гадна нийслэл хот өөрөө төсвийн судалгаа хийгээд, удийн засгийн үр ашигтай байдлаа гаргаад, хөрөнгө оруулалтаа шийдээд явах хэрэгтэй. Улсын улс болсон өрх тусгаар айл гэдэг утгаараа эдийн засгаа өөрөө зохицуулдаг, хараат бус байх зарчмаар явбал зүйтэй гэдгийг төлөөлөгчид хэлсэн юм.

“Өнгөрсөн жилүүдэд 70 мянга гаруй айлд цахимаар газар олгосон. Ингэснээр л гэр хорооллын тоо нэмэгдсэн. Нэг жилд тодорхой хэдэн айлыг орон сууцанд оруулдаг ч нөгөө талаас энэ мэтээр гэр хорооллоо тэлэх бодлого бариад байгаа нь буруу. Дэд бүтэц, зохион байгуулалтыг зөв шат дараалалтай явуулбал эмх замбараагүй байдлыг зогсоох боломжтой.” гэлээ.

НИТХ ын төлөөлөгч  С.Мөнхчулуун “Засаг даргын мөрийн хөтөлбөр удахгүй батлагдана. Бид “Аз жаргалтай хот” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Үүнийг Засаг даргын мөрийн хөтөлбөр болгоод цаашид үйл ажиллагаагаа хурдан шуурхай явуулж, хэрэгжүүлэх хэрэгтэй.” гэсэн юм.

Мөн зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцсан нэг чухал сэдэв нь боловсролын хүртээмж, сургуулиудын ачааллын талаар байлаа. 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 237 мянган хүүхэд суралцаж байна. Сургуулиудын хувьд нийт хүчин чадлаасаа 20 хувь илүү суралцагчтай байгааг хотын дарга танилцуулсан. 30 гаруй сургууль 3 ээлжээр хичээллэж байгааг 2 ээлжид шилжүүлэх зорилтыг хотын удирдлага тавиад байгаа юм. Төлөөлөгчдийн зүгээс сургуулиудын ачааллыг бууруулж, хүүхэд бүр тэгш боловсрол эзэмших боломжийг бий болгоход анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ. Харин сургуулийн өмнөх боловсролын хувьд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн тодорхой хувь нь гэртээ цоожтой хаалганы цаана үлдэж байгаа. Цэцэрлэгийн хүртээмжийг мөн нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм. Энэ талаар “Ирэх жил хүүхдийн цэцэрлэгт орох хувь заяаг сугалаагаар шийдэхгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа.  Одоогийн байгаа цэцэрлэг дээр дахин 200 цэцэрлэг барьж байж хүүхдүүдийн асуудлыг шийднэ. Ирэх жил гэхэд үүнийг барьж чадахгүй учраас ээлж дараатайгаар шийдвэрлэнэ” гэдгийг иргэдийн хурлын төлөөлөгч хэлсэн юм.

Төсвийн хэмжээндээ тааруулж, хийх ажлаа эрэмбэ дараатайгаар мэргэжлийн байгууллагын саналыг сонссоны үндсэн дээр тооцоо судалгаатай ажлыг төсвийн төлөвлөгөөнд батлуулж явах хэрэгтэй зэрэг саналууд зөвлөлдөх уулзалтын үеэр гарсан юм.

Уулзалтын төгсгөлд НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн шат шатны үйл ажиллагаа уялдаатай байх ёстой. Төлөөлөгчдийн хэлсэн саналыг сонслоо. Бидний өмнө тулгамдаад байгаа энэ  асуудлууд дэлхийн өндөр хөгжилтэй олон хотын туулаад гарсан зүйл. Гол нь зөв гарцыг л олох хэрэгтэй. Тиймээс бид ирэх 4 жилд энэ зөв гарцыг олж, суурийг нь бат бөх тавих хэрэгтэй. Үүний тулд хотын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Мөрийн хөтөлбөрийн ч 2 дахь бүлэг нь энэ талаар байгаа. Төлөөлөгчдийн хэлсэн саналууд буюу амжиргааг дээшлүүлэх, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байртай болгох нь “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн эхний бүлэгт багтсан. Тиймээс эдгээр асуудалд түлхүү анхаарч ажиллах болно” гэлээ . Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С. Батболд хэлэхдээ  улирал тутамд  НИТХ ын төлөөлөгчтэй  ажил хэрэгч уулзалт хийнэ. Хагас жилд нэг удаа  УИХ-ын гишүүдтэй  Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, харьяа агентлаг, хэлтсийн дарга нартайгаа уулзаж байх болно. Ингэснээр бид  Улаанбаатар хотын хөгжлийнхөө зөв  бодлогыг хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нэг зорилготой, нэг баг болон ажиллах зорилт тавьж байгааг хэллээ.  НИТХ ын  төлөөлөгчид  Нийслэлийн засаг даргын санаачлагаар  хотын хөгжлийн асуудлаар “Зөвлөлдөх уулзалт“ хийж сайн, муу, алдаа оноогоо ярьж байгааг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.