Д.Эрдэнэбат: Хугацаа алдвал эдийн засаг улам хүндэрнэ

Энэ оны төсвийн тодотголыг парламент хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт эхэлсэн бөгөөд төсвийн тодотголыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулав.

Энэ оны төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, саналаа төсвийн тодотголын төсөлд тусгахыг Засгийн газарт даалгасан. Иймээс нэгдсэн төсвийн 2014 оны урсгал зардлын төлөвлөгөөний тодотголын тухайд УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу энэ сараас арванхоёрдугаар сарыг дуусах хүртэл хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн зарим урсгал зардлыг 10-30 хувь бууруулахаар тооцож, нийт 40 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан төсвийн нийт урсгал зардлыг бууруулж төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ зарим арга хэмжээний урсгал зардлыг төсөлд нэмж тусгасан байна. Тухайлахад, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр 2014 оны төсвийн жилд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэр дээр төсвийн тодотголоор 35 тэрбум төгрөг нэмж тусгахаар харилцан тохиролцож, шийдвэрлэсний дагуу урсгал зардлыг уг хэм­жээ­гээр нэмэгдүү­лэхээр тусгажээ.

Мөн хууль тогтоомжийн дагуу Хадгаламжийн даатгалын санд Засгийн газраас төлөх хөрөнгийн үлдэгдлээс энэ оны төсвийн жилд нэн даруй олгоход шаардагдах хөрөнгөнд эхний ээлжид 7.2 тэрбум төгрөгийг тодотголын төсөлд тусгажээ. Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй хол­бог­дуу­лан төсвийн нийт урсгал зардлыг нэмэгдүү­лэхгүйгээр зохих зохи­цуу­лалтыг холбогдох Төс­вийн ерөнхийлөн захирагчдын хооронд шилжүүлэхээр төсөлд тусгасан байна.

 

“0.0” ДҮНТЭЙ ТӨСЛҮҮДИЙГ 139.4 ТЭРБУМААР САНХҮҮЖҮҮЛНЭ

 Сангийн сайдын энэ оны төсвийн багцад бөөн дүнгээр батлагдсан “0.0” дүнтэй төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 139.4 тэрбум төгрөгийг хол­богдох төсвийн ерөн­хий­лөн захирагч на­рын төсвийн багцад шил­жүүлэн тусгажээ.  Төс­вийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнц­вэржүүлсэн нийт орлого 39.2 сая төгрөгөөр буурч 6,883.8 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал батлагдсан түвшинд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна.

Гишүүд дээрх төслүүдтэй холбогдуулан тавьсан асуултдаа, Монгол Улсын Их Хурлаас Засгийн газарт хандаж өгсөн хугацаатай чиг үүрэг, даалгавар, шийдвэрийг өнөөдөр хэлэлцэж буй асуудалтай хэрхэн уялдуулж нийцүүлсэн, олон улсын зарим гэрээний нөхцөл байдлыг өөрчилсөн эсэх, гэрээг хэрэгжүүлэх явцад гарсан хохирлыг тооцсон үгүйг, мөн түүнчлэн улс орны нийгэм, эдийн засгийн шаардлагатай хөрөнгө оруулалтын обьектын жагсаалт тэдгээрийн санхүүжилт нь төсөвт хэрхэн тусгагдаж улмаар тендэрийг нь шуурхай зохион байгуулах гэж байгаа, бондын мөнгийг төсөвт яагаад тусгаагүй, төсвийн тодотголыг хэсэгчлэн оруулж ирж буйн учир шалтгаан, халамжийн бодлого төсвийн тодотголд хэр тусгагдсан, ямар аргачлалаар валютын ханшийг тооцсон, валютын ханш болон үнийн өсөлтийг тогтворжуулах боломж бий эсэх, урсгал зардлыг төсөвт хэрхэн бууруулж тусгасан зэрэг асуудлыг чухалчиллаа.

М.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Н.Батцэрэг, Я.Содбаатар нарын гишүүд хоёр үе шаттай төсвийн тодотгол оруулж ирж буйд шүүмжлэлттэй хандаж, Засгийн газар төсвийн тодотголоо татан авч улмаар эдийн засгийн хямралын үеийн бодитой тооцоо, үзүүлэлт, зарч­мыг тусгаж, бүтцээ цомхот­гох, зардлыг хэмнэх зэргийг бодолцож иж бүрнээр нь дахин өргөн мэдүүлэх талаар саналаа илэрхийллээ.

Гишүүн С.Баярцогт энэ төсвийн тодотголыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх, гарцгүй болох болгоомжлол байгаа гэсэн бол гишүүн Д.Эрдэнэбат, төсвийн тодотголыг зайлшгүй хэлэлцэх ёстой. Цаг хугацаа алдах ёсгүй, эс тэгвэл эдийн засаг улам хүндэрнэ гэдгийг анхаарууллаа.

 

“ЧАЛКО”-ИЙН ГЭРЭЭГ ШАЛГАХ САНАЛ ГАРГАВ

Гишүүн Сү.Батболд “Биднийг Засаг барьж байх үед янз бүрээр хардаж сэрдэж байсан.  Ялангуяа Тавантолгой дээр хийгдсэн Чалкогийн гэрээ бол үүний хамгийн том жишээ.  Хардах эрх та бүхэнд бий.   Гэрээ хэлэлцээ дутуу хийгдсэн, үнэ ханш нь бага гээд л янз бүрээр шүүмжилж байлаа. Түүнийг сайжруулах үүрэг нь Засгийн газарт  бий шүү дээ. Бид ч гэсэн Оюутолгойн  гэрээн дээр гарсан алдаа дутагдлыг сайжруулаад  явж байсан. Аливаа зүйлийн оношийг зөв тавибал эмчилгээ зөв хийгддэг. Энэ Засгийн газар Чалкогийн гэрээг дахин ярина гээд ачилтыг нь хэдэн сараар зогсоосон. Үр дүнд нь зээл буураагүй. Тэр үед үнэ ханш нь ч бас гайгүй байсан байх.  Энэ хохирлыг тооцож үзсэн үү. Өөрөөр хэлбэл  Чалкогийн гэрээг маргааны сэдэв болгосон хохирлыг тооцож үзсэн үү. Алдаатай байсан уу, үгүй юу гэдэг дээр намуудын төлөөлөл орсон ажлын хэсгийг УИХ-ын дэргэд байгуулж дүгнэх хэрэгтэй” гэв. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Чалкогийн гэрээний хувьд таны хэлсэнтэй санал нэг байна. Хоёр намын бүлгээс хамтарсан  ажлын хэсэг гарч, энэ асуудлыг дотооддоо нэг шийдэлд хүрч хаах хэрэгтэй. Хий хоосон зүйл дээр маргаад яах вэ” гэв. Энэ асуудлыг дотроо яриад шийдчих юмсан гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг ч хэлэв.


М.ГАН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.