Монгол улсын гадаад өрийн хэмжээ эрсдэл дагуулж  байгааг онцоллоо

Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр “Азийн хөгжлийн төлөв”-ийн 2016 оны тайланд тусгах, Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тодруулбал АХБ-ны эдийн засгийн гол тайлан болох “Азийн хөгжлийн төлөв”-ийн 2016 оны сүүлчийн тодруулгад Монгол улсын эдийн засгийн өсөлт 2016 оны эхний хагаст 1.4 хувь болж саарсан хэдий ч 2016 оны эцсийн байдлаар жилийн өсөлт 0.3 хувь, 2017 онд 1.4 хувь буюу өмнө тооцоолсноос харьцангуй өндөр байх таамаглалыг дэвшүүлсэн байна. Төлөвт хамаарах хугацаанд эдийн засгийн өсөлтийг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйл Оюу толгой төслийн 2-р үе шат далд уурхайн бүтээн байгуулалт болон хатуу хахир өвлийн дараагаар сэргэх хандлагатай байгаа хөдөө аж ахуйн салбар байна хэмээн үзжээ.

Хүнсний нэрийн бүтээгдэхүүнүүд болон түлшний үнийн харьцангуй тогтвортой байдал төгрөгийн сулрал, төсвийн тэлэх бодлого болон мөнгөний нийлүүлэлтээс үүдэх инфляцын өсөлтийн эсрэг сөрөх нөлөөллийг үзүүлсэн бөгөөд инфляцын түвшин энэ жилийг дуустал 3.2 хувь орчим байх бол 2017 онд 5.4 хувь болж өснө хэмээн үзсэн байна.

“Монгол Улсын хэтийн төлөв гэрэл гэгээтэй байна” гэж АХБ-аас тус улсад суугаа Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн хэлсэн бөгөөд “уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төслүүд улсын төсвийн болон төлбөрийн тэнцлийг хэдэн жилийн дотор эерэг болгоно гэж харж байна. Эрдэс түүхий эдийн арвин их баялгаа захиран зарцуулах нь Монгол Улсын хувьд чухал байсаар байх хэдий ч илүү олон зүйлсээс улс орны сайн сайхан хамаарах болно. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй болгох явдал нь эдийн засгийг төрөлжүүлэх, бүтээмжийн өсөлтийг эрчимжүүлэх зорилтын хажуугаар хөгжлийн хамгийн том сорилтуудын нэг байх болно” гэж онцлов.

Бараа бүтээгдэхүүний экспорт оны эхний 7 сарын байдлаар өмнөх онтой харьцуулахад 9.6 хувиар буурсан бол импорт 17 хувиар буурч худалдааны тэнцэл илүү өндөр ашигтай, урсгал тэнцэл харьцангуй бага алдагдалтай гарах нөхцөлийг бүрдүүлсэн нь төлбөрийн тэнцэлийн алдагдал 46 сая ам.доллар болж буурахад нөлөөлсөн гэдгийг тайланд мөн дурдсан байна.

Гэсэн ч гадаад валютын цэвэр нөөц хасах үзүүлэлт рүү орсон, 2017-2018 онуудад гадаад өрийн их хэмжээний эргэн төлөлт хүлээгдэж байгаа зэрэг нь төлбөрийн тэнцэлд томоохон дарамтыг учруулж байгаа бөгөөд ирэх хугацаанд урсгал дансны алдагдал өргөсөж гадаад өр төлөгдөх хэрээр энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна. Засгийн газрын сүүлд авсан гадаад өрийн нөлөөллөөр гадаад валютын албан нөөц 6-р сарын эцсээр 1.3 тэрбум ам.доллар буюу 3-аас дээш сарын импорттой тэнцэх хэмжээнд очсон. Төгрөгийн ханш суларсны улмаас Төв банк бодлогын хүүгээ 4.5 пунктаар өсгөж 15 хувьд хүргэх шийдвэрийг 8-р сард гаргасан. “Дэлхийн зах зээл дээрх эрдэс түүхий эдийн үнийн савалгаа, гадаад санхүүжилтийн олдоц болон гадаад өрийн томоохон эргэн төлөлт зэргийг таамаглалын гол эрсдэл” хэмээн үзэж байгаагаа Суурин төлөөлөгч мөн онцоллоо.

Б.Сансар
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongoliin toriig olgiorhyyd ezelsenees a 2016-09-30 09:12:48
    Mongolchyyd tordee itgej baisan ch ted ni olgiorhyyd baijee,zebhen har amia hoohoilogchid yum asanj?Getel Delhiin aldartai Pranch ylasiin 2017 onii teseb zardal...
    148.60.180.128
    Мэдэгдсэн Хариулах