П.Цагаан хуулийг төсөл өргөн барилаа
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өчигдөр “Нийтийн сонсголын тухай”  хуулийн төслийг өргөн барилаа.

Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж, нөхцлийг бүрдүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны суурь зарчмыг хангахад чухал суурийг бүрдүүлэх учиртай.

Гэтэл бодлого боловсруулах, шийдвэр гаргах ажиллагаан дахь  иргэдийн улс төрийн идэвх өрнөж, соёл төлөвшиж буй өнөө үед тэднийг сонсох, санаа бодлыг хууль тогтоогч, шийдвэр гаргагчид уламжлах эрх зүйн тогтолцоо хангалтгүй байсаар өдийг хүрлээ.

Иймд Улсын Их Хурлын хууль тогтоох, хяналт тавих, мөрдөн шалгах чиг үүргийн хүрээнд төдийгүй төрийн байгууллага, албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэм хэмжээ тогтоосон акт болон нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах, хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нийтийн сонсгол зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэв.

Энэхүү хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 7 төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгасан байна.
Мөн  хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох сонсголыг явуулахаар хуулийн төсөлд  тусгаснаас гадна хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор  Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулахаар тусгажээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.