Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдал бол  Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа байв. Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд сонгуулийн санал хураах ажиллагаа явагдав. Мөн УИХ-ын дарга урд хөршид айлчиллаа. Эдийн засгийн хүндрэлээс гарах хамгийн оновчтой гарцыг валютын сангийн тусламж хэмээн эрх баригчид үзсэн. Иймээс энэ өдрүүд ОУ-ны валютын сангийнхан манай улсад ажиллахаар болов. “Мэргэжил”-ийн гэх Засгийн газар 100 хоногоосоо урьтаж энэ сангийн тусламжийг авах эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болох нь.

Өнгөрсөн долоо хоногийн онцлох, содон үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Орон нутгийн сонгуулийн эргэн тойронд

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох учиртай юм. Тодруулбал 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлсан байгаа юм.  

Гэвч сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт ирц хүрээгүйгээс 1764 тойргийн 135 тойрогт нэмэлт санал хураалт явагдахаар боллоо. Үүнээс Аймагт 57 тойрог, нийслэлд 78 тойрогт нэмэлт санал хураалт явуулна. Энэ дагуу өнөөдөр нэмэлт санал хураалт болж байна.

Мөн 117 нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул 19 аймгийн 58 хэсэгт дахин санал хураалт явуулахаар СЕХ-оос мэдэгдсэн.

УИХ-ын дарга БНХАУ-д хөгжлийн зээл олгох хүсэлт тавьжээ

УИХ-ын дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд энэ сарын 14-17-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийгээд энэ сарын 19-нд эх орондоо ирлээ.

Энэхүү айлчлалын үеэр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Чунчинь хотод болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон байна.

УИХ-ын дарга М.Энхболд айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНХАУ-ын БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дөзян нартай албаны уулзалт хийж, Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор 2.0 хүртэл хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл олгох хүсэлт тавьснаа мэдэгдлээ.

"Мөн хоёр жилийн өмнө буюу 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас манай улсад нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эрхийг олгосон. Энэ зээлийн 15 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг манай тал гаргах ёстой бөгөөд хоёр жилийн хугацаанд ашиглаж чадаагүй байгааг Монголын талд ашигтай байдлаар шийдвэрлэх, хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарахыг уулзалтын үеэр хүссэн. Дээрх саналуудын талаар БНХАУ-ын дарга Си Зиньпин судалж үзэхээ илэрхийлсэн" гэсэн мэдээллийн УИХ-ын Тамгын газрын олон нийттэй харилцах албанаас өгөөд байгаа юм.
 
ОУВС-ынхан ирлээ

Эн сарын эхээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар АНУ явж, Олон улсын валютын сангийнхантай уулзсан. Харин энэ уулзалтын дараа буюу энэ долоо хоногийн пүрэв ОУВС-ийнхан Монголд ирж, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцахаар ирлээ.

Тэд Монголд ажиллах хугацаандаа Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч нартай дахин хэлэлцээ хийж, тусламж үзүүлэх эсэх асуудлаар эцсийн шийд гаргах юм.
 
"Чингис хаан-Улаанбаатарын цом" тэмцээн боллоо

Боксын олон улсын "Чингис хаан-Улаанбаатарын цом" тэмцээн энэ сарын 18-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Тэмцээнд  ОХУ, Казахстан, Узбекистан, БНХАУ, ХБНГУ, Нигерийн боксчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байгаа аж. Манай  улсаас дэлхийн армийн аварга Б.Чинзориг тэргүүтэй боксчин өрсөлдлөө. Харин “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай болон ОУХМ Б.Түвшинбат нар тэмцээнийг өнжсөн юм_

"Улаанбаатар цом"  тэмцээн нь 2000 оноос өмнө зохион байгуулж хэвшсэн олон улсын тэмцээн бөгөөд нийт 26 удаагийн тэмцээнийг Монголд явуулаад байгаа нь энэ юм.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.