Рене Зеллвегер: Хуучны танил газартаа эргэн ирж буй мэт мэдрэмж төрсөн
“Брижет Жонсын өдрийн тэмдэглэл” киноныхоо дүрээр манай кино сонирхогчдод аль хэдийнэ танигдсан  эрхэм бол жүжигчин Рене Зеллвегер. Энэ онд тус киноны гурав дахь цуврал нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд мэргэжлийн ажлаасаа нэлээд хугацаанд хөндийрсөн жүжигчин бүсгүй тоглож, кино урлагтаа эргэн ирсэн билээ. Уг кинонд Брижет Жонс бүсгүй жирэмсэн болсноор инээд хүргэм адал явдал өрнөх юм.  Ингээд жүжигчин бүсгүйн шинэхэн уран бүтээлийнхээ талаар дэлгэсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 
 
-“Брижет Жонсын өдрийн тэмдэглэл” кино гуравхан цувралтай. Гэсэн  хэдий ч,  яагаад ийм урт хугацааг зарцуулан бүтээгдэж байгаа юм бэ?

 
-Цаг хугацаа, мэдрэмж  зарцуулан бүтээж буй нь харин ч сайн хэрэг биш гэж үү.  Брижет Жонсын өөрчлөлт, өсөлт хөгжил, басхүү мэдрэмж нь кинонд шингэн гарах учраас тэр л дээ.  Яг зөв цагтаа цувралын шинэ анги  гарсан гэж бодож байна. Эмэгтэй хүн гэдэг амьдралдаа юу эсийг туулах билээ. Магадгүй хүүхэдтэй болох нь хамгийн сүүлчийн боломж байх. Бас  жил ирэх тусам  өмнөхөөсөө ч илүү том асуудалтай нүүр тулгардаг.  /инээв/ 
 
-Удаан хугацааны дараа Брижет Жонсын дүрд тоглох ямар байв. Та одоо телевизийн продюссерээр ажилладаг ч, өмнөх шигээ л тус дүрийг бүтээсэн байна шүү дээ?

 
-Тийм шүү. Яг л хаа нэгтээ орших хуучны танил газартаа эргэн ирж буй мэт сонин мэдрэмж төрсөн. Бэлтгэлийн явцад ч гэсэн ижилхэн байж билээ. Брижет Жонс энэ хүртэл хэрхэн өсч хөгжсөнийг дахин сөхөж буй мэт. Тэр бүсгүй яаж өөрчлөгдсөн бол,  аль эсвэл огт өөрчлөгдөөгүй болов уу гэх мэтээр. Би түүний бүтэлгүйтэл, болхи эв хавгүй байдлыг хоёуланг нь мэдэрдэг. Хэн нэгэн ямар нэг хэцүү зүйлийг хийхийг оролдож, улмаар бүтэлгүйтэж буй тэр агшныг харах үнэхээр инээдтэй шүү дээ. Түүний өөрийнхөө талаар ярьж буй хэсэг хамгийн хөгжилтэй нь байсан. 

 
-Дүрийнхээ талаар яриач?

 
-Энэ дүрд намайг санамсаргүй сонгосон гэж бодохгүй байна.  Брижет Жонсын дүрийг бүтээснээр амьдралд минь  маш их зүйл өөрчлөгдсөн. Тэр бол надад өгсөн гайхалтай бэлэг байлаа. Бас нөхөрлөл хийгээд туршлагыг хамтад нь өгсөн. Маш олон хүнд хайрлагдсан дүрийн амьдралаар амьдрах миний хувьд нэр төрийн хэрэг гэж боддог. 
 
-Рене та бараг зургаан жил орчим хугацаанд  уран бүтээлээсээ хөндийрсөн. Энэ хугацаанд юу хийж байв даа?

 
-Олон жилийн турш хамтран ном бичиж байгаа хамтрагчтайгаа телевизийн нэвтрүүлэг хийгээд тун завгүй байлаа. Туршилтын хувилбараа дуусгачихсан. Сургуульд сурч, кино уран бүтээлийн судалгаа  ч хийсэн. Жүжигчний ажил гэдэг гайхалтай, хөгжилтэй хэрнээ их завгүй байдаг учраас амьдралын нарийн зүйлсээ амжуулж чадахгүй байх тохиолдол бий.  Тиймээс их сургуульд сурч байхдаа өөртөө амласан амлалтаа биелүүлэхийн тулд зориуд ийм шийдвэр гаргасан юм. Бусад хүмүүсийн адил өсч хөгжихийг хүссэн учраас тэр. Гэхдээ эцэст нь  хийсэн нэвтрүүлгээ худалдаж чадаагүй ч гэсэн бизнесийг огт өөр өнцгөөс хардаг болсон. Сайн туршлага хуримтлуулсан гэж хэлж болно. 

 
-Тийм байх нь ээ. Эдүгээ ярианы гол сэдэв болж буй эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн талаар та ямар бодолтой байдаг вэ. Эмэгтэйчүүд өмнөхөөсөө ч илүү хүчтэй болсон гэдэгтэй санал нийлдэг үү?

 
-Маш олон зүйл өөрчлөгдсөн мэт санагддаг.  Би эмэгтэйчүүд ч гэсэн өөрийн  явах ёстой замаа  сонгож, чухал албан тушаал хаших  эрхтэй гэж бодож өсч хүмүүжсэн хүн л дээ. Гэхдээ тухайн нийгмээсээ шалтгаалаад  эмэгтэйчүүдийг  хүлээж авах хандлага нь харилцан адилгүй байх нь бий. Бид Хиллари Клинтон ч юмуу, эсвэл өмнөх эрин үеийн эмэгтэйчүүдийн эдүгээг хүртэл хийж хэрэгжүүлсэн бүхэнд хангалттай талархаж байгаагүй юм шиг санагддаг.  
 
Яагаад гэвэл өнөө цагт тэдэн шиг хүнд хэцүү бүхнийг туулж, тэмцэх шаардлагагүй учраас тэр. Өнөөгийн нийгэм дэх өөрчлөлттэй  тэдний хичээл зүтгэл салшгүй холбоотой  шүү дээ. Өнөөдөр эмэгтэйчүүд хэнээс ч эмээж, эргэлзэхгүйгээр хэлэх гэсэн үгээ хэлж, хийх гэсэн зүйлээ хийдэг болсон. Энэ утгаараа тэдэнд баярлах хэрэгтэй.  
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.