Бодибилдинг, Фитнессийн холбооны ерөнхийлөгчөөр Г.Анархүү сонгогджээ

Тайландын Бангкок хотноо 2016 оны бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ өнөөдрөөс эхэлж байна. Тус тэмцээнд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо. Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Бодибилдинг, фитнессийн ДАШТ нь нийт 36 ангилалд болдог. Манай тамирчид бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд оролцох юм байна.
 

БАГ ТАМИРЧИД АМЖИЛТАА АХИУЛАХ БОЛОМЖТОЙ

Өнөөдрөөс эхэлж буй бодибилдинг, фитнессийн ДАШТ-д Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй. Энэхүү тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, мастерсийн ангилалд зэрэг болдгоороо онцлогтой. Манай баг тамирчдаас насанд хүрэгчдийн ангилалд хамгийн олон буюу 13 тамирчин өрсөлдөх бол залуучуудад хоёр, мастерт нэг тамирчин оролцох юм. 2015 оны дэлхийн аваргаас эмэгтэйчүүдийн атлетик-бие бялдар ангилалд алтан медаль хүртсэн Г.Угалзцэцэг, мөн ангилалд хүрэл медалийн эзэн болж байсан Г.Гансаруул нарын шилдэг тамирчид энэ удаагийн багт багтжээ. Мөн Азийн аварга болон олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлж байсан тамирчид байгаа бөгөөд тэд өмнөх амжилтаа ахиулах боломжтой байгааг өчигдөр /2016.11.28/ болсон хурлын үеэр мэдэгдлээ. ДАШТ долоон өдөр үргэлжилж, арванхоёрдугаар сарын 5-ны өдөр өндөрлөх юм.

ДАШТ-д шүүгчээр Монголын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар ажиллахаар болжээ. Түүний хувьд олон улсын зургаа дахь тэмцээндээ шүүгчээр ажиллах аж. ДАШТ-д оролцож байгаа баг тамирчдыг “Пэпси” брэнд дэмжин ажиллаж байгаа юм байна.


БОДИБИЛДИНГ, ФИТНЕССИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Г.АНАРХҮҮ СОНГОГДЖЭЭ


2013 оны оноос хойш Монголын бодибилдинг, фитнессийн холбоо ерөнхийлөгчгүй байжээ. Тэгвэл тус холбооны ерөнхийлөгчөөр "Октобус консалтинг" компанийн Гүйцэтгэх захирал Г.Анархүү саяхан сонгогдож, залуу удирдлагатай болжээ. Тэрбээр,

-“Залуу хүний хувьд спорт холбоо удирдах амаргүй. Энэ саналыг хүлээн авч, үүрэг хариуцлага хүлээн ажиллах шийдвэр гаргахдаа спортын болон ойр дотны хүмүүстэйгээ сайтар зөвлөж, ярилцсан. Холбооны үйл ажиллагааг улам идэвхжүүлэхийн тулд олон ажил хийхээр төлөвлөж байна. Гол нь тамирчдаа яаж илүү дэмжих вэ гэдэг дээр анхаарна. Бидний хамгийн ойрын тэмцээн ДАШТ байна. Энэ тэмцээнээс олон тамирчид амжилт дүүрэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. 2017 онд манай холбооны хувьд чухал жил байх болно. Учир нь Монгол Улсад анх удаа бодибилдинг, фитнессийн ДАШТ болох гэж байгаа. Үүнд бид маш сайн бэлтгэл, оролцож, зохион байгуулах үүрэгтэй. Миний хувьд үргэлж спортод ойр байсан. Хөлбөмбөгт дуртай. “Улаанбаатарын унаганууд” багт тоглож байсан учраас спортын ялалт, ялагдлын амтыг мэдэрнэ. Өвөө маань Монголын морин спорт, уяачдын холбоонд 18 жил нарийн бичгийн даргаар ажилласан хүн бий. Тиймээс спортын төлөө ажиллахыг би амаргүй боловч сайхан ажил гэж үздэг” гэлээ.

Монголын бодибилдинг, фитнессийн холбооны өмнөх ерөнхийлөгчөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ү.Бат-Үүл ажиллаж байжээ. Г.Анархүүгийн хувьд спортын холбоодыг удирдаж буй хамгийн залуу ерөнхийлөгч болж байна. 


БОДИБИЛДИНГ, ФИТНЕССИЙН 2017 ОНЫ ДАШТ МОНГОЛД БОЛНО

2017 онд тус холбооноос тэмцээн, уралдаан олноор зохион байгуулахаар болжээ. Жил бүр болдог хот, улсын аваргын тэмцээнийг өвөрмөц байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус спортыг үзэгчдэд илүү ойр байлгах үүднээс сонирхолтой хэлбэрээр хийхээс гадна шагналын санг өндөр хэмжээнд байлгах аж. Мөн анх удаа бодибилдинг, фитнессийн ДАШТ-ийг Монгол Улсад зохион байгуулахаар болсныг өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа. Энэхүү тэмцээн Улаанбаатар хотноо 2017 оны аравдугаар сарын 3-9-ний өдөр болох аж. Тус тэмцээнд дэлхийн 61 орны 1000 гаруй тамирчид оролцох боломжтой гэнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.