Түрээсийн орон сууц хөтөлбөрт өөрчлөлт орууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Автобензинийн үнэ нэмэгдэхгүй

Сүүлийн үед  ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан бензин, шатахууны үнэ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор  Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулж, автобензинд тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянган төгрөг болгосон  юм.

Сүүлийн үед газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ 30-33 ам.доллараар буурч байгаа сайн талтай ч, долларын ханшийн өсөлт нь нефть импортлогч компаниуд санхүүгийн алдагдалтай ажиллах, зах зээл дээр жижиглэнгийн үнэ нэмэгдэх шалтгаан болж байгаа юм. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт дахин тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол баталлаа. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг  автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болголоо.

Түрээсийн орон сууц хөтөлбөрт өөрчлөлт оруулав

  “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Ипотекийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасч байгаагаас “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт барьсан 70 м2 хүртэл талбайтай орон сууцнууд борлогдохгүй байна. Иймээс эдгээр орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлэх хүсэлтээ аймгийн Засаг дарга нар Засгийн газарт ирүүлж байсан юм.

Үүнийг үндэслэн “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг орон нутагт баригдсан 70 м2 хүртэл талбайтай 360 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүллээ.

Дээрх 360 айлын орон сууцны барилгыг барихад зарцуулсан зээлийн төлбөрт шаардагдах 30 тэрбум 286 сая төгрөгийг хянаж тодотгон улсын төсөвт үе шаттай тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгав. Зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрийг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэн 360 айлын орон сууцны түрээсийн төлбөрөөс бүрдүүлэхээр боллоо.

Одоогоор 1000 гаруй өрхийг төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамруулах боломжтой байгаа нь хүсэлт гаргасан иргэдийн 37 орчим хувь юм.

 

Залуучуудын тухай хуультай болно

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд нарт даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу салбарын яамнаас боловсруулснаар 16-40 насны залуучууд анх удаа бие даасан хуультай болох юм. Статистикаас үзвэл 2015 оны эцсийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 42.9 хувийг 16-40 насны залуучууд эзэлдэг байна. Уг хуулийг баталсны дараа Засгийн газраас “Залуучуудын хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм. Судалгаанаас үзэхэд залуу 10 өрх тутмын нэг нь түрээсийн байранд амьдардаг бөгөөд залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг баталснаар залуу гэр бүлүүд хөнгөлөлттэй үнээр   орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчин бүрдэх юм.

 

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилнэ

  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжив.

  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш Улаанбаатар хот өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр гарахын хэрээр хууль цаг үетэйгээ нийцэхгүй болж байгаа учир шинэчлэх шаардлагатай болжээ.  

Манай улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь нийслэлд төвлөрсөн гэсэн статистик мэдээлэл байдаг.

Үзэл баримтлалын төсөлд байгаль орчин, нийгэм, эдийн засаг, татварын бодлогоос гадна хотын оршин суугч, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой тусгажээ. Нийслэл хотыг санхүүгийн хувьд бие даасан чадавхтай болгоход чиглэсэн эрс шинэчлэлийн шинжтэй эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдүүлэх зорилгоор төрийн үйлчилгээг шуурхай болгох арга замуудыг тодорхой болгоод байна.

Хууль батлагдсанаар Улаанбаатар хот тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэх юм.

Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган хүн амтай болсон нь 2-3 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэж байгаа. Гэтэл дүүрэг учир сумтай адил статустай байдгийг өөрчилж аймагтай ижил статустай болгох юм байна. Ингэснээр төрийн үйлчилгээ 2000 хүнтэй сумынх шиг биш аймгаас авдаг үйлчилгээтэй ижил түвшинд хүрнэ гэсэн үг юм.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар засаг захиргаа, дарга нарын эрх, үүргийг л хуульчилснаас бус иргэний үүрэг гэдэг зүйл огт тусгагдаагүй юм. Үүнийг өөрчлөхөөс гадна тогтоосон стандартаа хаа хаанаа хатуу мөрдөн хамтын хүчээр эрүүл, аюулгүй, амгалан тайван хоттой болохыг зорьжээ.

Төвлөрлийг сааруулах чиглэлээр багагүй зүйл хийхээр төсөлд тусгасан байна. Тухайлбал нийслэлийн дагуул хотод шилжин байнгын үйл ажиллагаа явуулах, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 10 жилийн хугацаанд 40 хувь, нийслэлийн дэд төвүүдэд бол татварыг таван жилийн хугацаанд 40 хувиар хөнгөлөхөөр тусгажээ. Мөн дагуул хотод шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 15 жил, дэд төвүүдэд бол 10 жил татвараас чөлөөлөх боломж бүрдэх юм.

Хууль батлагдсанаар нийслэл хот үнэт цаас гаргах, газрын бирж ажиллуулах, Засаг дарга газар өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх, барилга барих зөвшөөрөл олгохдоо иргэдийн Нийтийн Хурлын саналыг заавал авч байх зэргийг тусгажээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шинэчилнэ

  Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 1943-1974 оны хооронд баригдсан, 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ.

  Энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гарч байна.

  Сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас үзэхэд энэ замаар хоногт дунджаар 2600 тээврийн хэрэгсэл өнгөрч байгаа учир нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.

  Шинэчлэлийн хүрээнд дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна.

Автозамын шинэчлэлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаа, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад даалгалаа.   

Товч мэдээ

-  Бүгд Найрамдах Хорват Улс нь Европын Холбооны гишүүн улс болсонтой  холбогдуулан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколыг батлав. Ингэснээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, нийгэм, байгаль орчин, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбарт эрчимжүүлэх эрх зүйн суурь тавигдаж байна.

-  Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг ирэх оны нэдүгээр улиралд багтаан улсын хэмжээнд зохион байгуулахаар болов.

-  Мэргэжлийн боловсрол, сургалтын Зндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.