Д.Трамп: Цагаачлалын хуулийг илүү боловсронгуй болгоход л анхаарна

АНУ-ын сонгууль өнгөрөгч сарын 8-ний өдөр явагдаж, улс төрийн туршлагагүй ул хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп ялалт байгуулан Нэгдсэн улсын 45 дахь Ерөнхийлөгчөөр тодорсон билээ. Сонгуулийн дун албан ёсоор гарсны дараа тэрбээр гэр бүлийнхээ хамт CBS телевизийн нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгсөн байдаг. Тиймээс энэ удаагийн буландаа түүний ярилцлагаас орчуулан хүргэж байна.

 

-Юуны өмнө баяр хүргэе, Трамп. Та Ерөнхийлөгч болох нь?

-Баярлалаа.

-Сонгуулийн ур дунг хараад гайхав уу?

-Бидний хийж буй ажил үр дүнгээ өгнө гэдгийг мэдэж байсан учир гайхаагүй. 21 өдрийн турш тасралтгүй илтгэл тавьж байсны зэрэгцээ нэг өдөрт хэд хэдэн удаа ч ярих тохиолдол гарч байлаа. Харин сонгуулийн сурталчилгааны сүүлийн хоёр өдөр миний хувьд маш сайхан үе байсан. Зургаа, долоон ч удаа илтгэл тавьсан байх.

-Гэхдээ хүн бүр л өөрийг тань сонгуульд ялагдана гэж бодож байсан?

-Би хамгийн сүүлийн илтгэлээ Мичиганд өглөөний 01:00 цагт тавьсан юм л даа. 31 мянган хүн цугларсан байлаа. Талбайн гадна нь ч маш олон хүн байсан. Өмнөх өдрийн уулзалтын төгсгөлд би “Бид яагаад ялагдах ёстой юм бэ” гэж хэлсэн. Харин тэр өглөө 01:00 дагт би “Бид ялагдагч шиг харагдахгүй байна” гэсэн. Бид үнэхээр урам зоригтой байж билээ.

-Сонгуулийн орой таныг чив чимээгүйхэн ялалтаа зарлахаар гарч явсан гэж сонссон юм байна. Таны хувьд асар олон зүйл биелсэн мөч байсан байх?

-Үнэхээр гайхалтай мөч байлаа. Өмнө нь хэзээ ч хийж байгаагүй асар том зүйлийн ард гарч чадсан. Энэ бол маш том, бас гайхалтай. 

-Амьсгалж ч, ярьж ч чадахгүй байв уу?

-Бага багаар амьсгалаад л. Миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж буй мэт санагдсан.

-Хиллари Клинтон тань руу залгасан гэсэн. Тэрхүү дуудлагын талаар бидэнд яриач?

-Тийм ээ, Хиллари над руу залгасан. Их сайхан яриа болж өнгөрсөн. Гэхдээ мэдээж, түүний хувьд хүндхэн л байсан байх. Хиллари ямар байдалтай байсныг би төсөөлж л байна. Магадгүй надаас ч илүү хүнд байсан болов уу.

Үнэнийг хэлэхэд, надад ч бас хэцүү байлаа. Тэр над руу залгаад зүгээр л “Баяр хүргэе, Доналд. Чи чадлаа” гэж хэлсэн. Би хариуд нь “Маш их баярлалаа. Чи ч гэсэн үнэхээр хүчтэй өрсөлдөгч байлаа” гэж билээ. Хиллари маш хүчтэй, бас ухаалаг бүсгүй.

-Харин Билл Клинтоны тухайд. Та түүнтэй ярьсан уу?

-Билл маргааш нь ярьсан.

-Тийм үү. Тэгээд юу гэж хэлсэн бэ?

-Яг үнэндээ өчигдөр шөнө над руу ярьсан юм байна.

-Тэгээд юу ярив даа?

-Тэр тийм ч эелдэг байгаагүй. Хүнд өрсөлдөөн байлаа гэсэн. Түүний харж байсан хамгийн хүндхэн өрсөлдөөн байсан гэж хэлсэн дээ. 

-Кампанитынхаа үеэр та нэлээд ёс жудаггүй авирласан. Ер нь түүний талаар хэлсэн үгэндээ одоо харамсдаг уу?

-Аль аль нь л өөдгүй загнасан байх. Тэд хүндхэн байдалд орсон бол би ч бас адилхан нөхцөл байдалд байсан. Би харамсах ёстой гэж үү. Улсынхаа төлөө гэсэн чин сэтгэл надад байхгүй байсан бол одоо чамтай ингээд сууж байхгүй. Бид аугаа Америкийг дахин сэргээнэ. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд яг одооноос эхлэх хэрэгтэй. Хийх ажил их байна.

-Тэгэхээр огт харамсдаггүй гэсэн үг байх нь ээ?

-Би харамсахгүй байна. Би илүү зөөлөн, илүү эелдэг байхыг хүссэн бол магадгүй баахан бодлого ярьж, эсвэл таны сонсохыг хүсээд буй тэр үгийг хэлэх байсан байх. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд, өөрийн явуулсан сурталчилгаагаараа бахархаж байна.

-Хууль бус цагаачдыг ямар байдлаар албадан гаргах вэ?

-Бидний тооцоолж буйгаар гэмт хэрэгтэн, гэмт хэргийн бүлэглэл, хар тамхины наймаачид гэх мэт хоёр, эсвэл гурван сая хууль бус цагаач байгаа. Тэднийг эх орноосоо хөөж, эсвэл шоронд хорино.Тэд бол хууль бус оршин суугчид. Тиймээс бид өөрсдийнх нь улс орон руу албадан гаргах хэрэгтэй. Хилийн аюулгүй байдал хангагдаж, бүх зүйл зөв горимдоо орсон цагт л бид аз жаргалтай, гайхалтай ард түмний талаар ярьж суух байх. Гэхдээ юу юунаас ч илүү хилийн аюулгүй байдлыг бий болгохыг хүсч байна.

-Одоо таны кабинетын тухай ярилцъя?

-За

-Ер нь бол аль хэдийн шийдвэрээ гаргачихсан уу?

-Тэгэлгүй яах вэ.

-Бидэнд сонирхуулаач?

-Шийдвэрээ гаргачихсан. Гэхдээ энд ярихгүй.

-Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр та үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөхийг эсэргүүцдэг эрхмийг Дээд шүүхэд томилно гэж ярьж байсан. Магадгүй үр хөндөлтийг зөвшөөрөх тухай хуулийг хүчингүй болгох нэгнийг томилохоор хайж байгаа байх?

-Би үр хөндөлтийн эсрэг байр суурьтай байх болно. Шүүгчид ч гэсэн үр хөндөлтийн эсрэг байх учиртай.

-Та цалин авах уу?

-Энэ талаар тайлбар хиймээргүй байна. Гэхдээ миний хариулт бол “Үгүй”. Хуулийн дагуу хамгийн бага цалин буюу нэг ам.долларын цалин авах бодолтой байгаа. Би жилд ердөө л нэг ам.долларын цалин авна. Гэхдээ энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна. Чи цалин хэд байдгийг мэдэх үү.

-400 мянган ам.долларыг та авна?

-Би цалин авахгүй. Үүнийг авахгүй.

-Улс орны яг өнөөгийн нөхцөл байдлын талаар танаас хэдэн асуулт асуумаар байна. Үнэн хэрэгтээ маш олон хүмүүс айж байна. Африк гаралтай америкчууд өөрсдийг нь нутаг буцаана гэж бодож байгаа. Мусальман шашинтнууд ч гэсэн айдастай амьдарч байна?

-Тэдний айх зүйл нь өөр. Миний бодлоор хэвлэл мэдээлэл л энэ бүгдийг бий болгож байгаа. Ний нуугүй хэлэхэд, энэ улс оронд болж буй маш жижиг хэргийг ч өмнө нь байгаагүй мэт том асуудал болгон дэвэргэх нь бий.

-Айдастай байгаа хүмүүсийн нэгэн төлөөлөл бол бэлгийн цөөнх. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Тэдний талаар БНН-ын Үндэсний хүний эрхийн конвенцэд дурдсан байгаа.

-Таны хувьд?

-Хүн бүр л ярьдаг. Би бол тэдний эрхийг дэмжигч.

-Тэгвэл бэлгийн цөөнхийнхөн ч тэгш эрхтэйгээр гэрлэх болох нь ээ. Та тэдний гэрлэлтийг хуулиараа зөвшөөрөхийг дэмжих үү?

-Миний зөвшөөрөх эсэх огт хамаагүй. Учир нь хуульд аль хэдийн тусгагдчихсан. Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа.

-Та хэт даврагч Лалын улс бүлэглэлийг устгана гэж хэлсэн. Одоогоор юу хийхээр зэхэж байна вэ?

-Би тэр талаар юу ч ярихгүй.

-Яагаад тэр билээ?

-Мосул хот руу довтлохоосоо бүр дөрвөн сарын өмнө яг одоо бид дайрах гэж байна хэмээн сүр дуулиан болгож зарладаг хүмүүстэй би огт адилгүй. Дайн гэдэг тийм амар зүйл биш.

-Та хуурай замын цэрэг хөдөлгөх үү?

-Би ямар нэг зүйл ярихыг хүсэхгүй байна.

-Та Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснийхөө дараа Хиллари Клинтоны хувийн И-мэйл хаягийг шалгах тусгай баг гаргах уу. Халз мэтгэлцээний үеэр түүнийг шоронд хийж, шалгуулна хэмээн хатуухан ярьж байсан?

-Би магадгүй өөрт тань түүнийг шалгаж, шоронд хорино гэж хэлж болно л доо. Гэхдээ энэ талаар ярихаас илүүтэй ажилдаа, эрүүл мэнддээ, улсын хил, цагаачлалын асуудал, цагаачлалын хуулийг илүү боловсронгуй болгоход л анхаарлаа төвлөрүүлэхийг хүсч байна.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ааааа 2016-12-01 04:22:12
    Д.Трампаа гаж хүмүүс, харуудаасаа салах хэрэгтэй дээ.
    202.179.23.62
    Мэдэгдсэн Хариулах