Хилийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн явууллаа. УИХ-ын чуулганы өчигдрийн /2016.12.01/ нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ өдөр гишүүд хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Байр сууриа илэрхийлсэн гишүүдийн олонхи хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллагад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан нь зөв хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан бөгөөд хүн хүч, техникийн хувьд боломж багатай Гадаадын иргэн, харьяатын газарт дээрх үүргийг шилжүүлснээр зөрчил дутагдал олноор гарсаар ирснийг дурдаж байлаа. Гэхдээ олон улсын жишигт хилийн шалган нэвтрүүлэх ажлыг ямар байгууллага хариуцан ажилладаг талаар гишүүд тодруулж байсан. Түүнчлэн хилийн бүсгүй болгож буй шалтгаан, улсын хилийг бүсчилэн хамгаалах гэсэн ойлголтын талаар тодруулж байлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн нар гишүүдийн асуултад хариулт өгсөн. Монгол Улсад хилийн 46 боомт үйл ажиллагаа явуулж буй бөгөөд жилд 4.3 сая иргэн, 1.6 сая тээврийн хэрэгсэл, 1 сая вагон зорчдог байна. Эдгээр хилийн боомтуудад шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахад Гадаадын иргэн, харьяатын албаны хүч хүрэлцдэггүйгээс олон зөрчил гарсан аж. Тиймээс хил хамгаалах байгууллага дээрх үүргийг гүйцэтгэх нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн төслийг боловсруулах явцад 30 гаруй улсын туршлагаас судалсан бөгөөд судалгаанд хамрагдсан улсуудын 15-16 нь хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллагадаа хариуцуулжээ. 10 гаруй улсад хилийн цагдаа дээрх үүргийг гүйцэтгэдэг байна. Манай улсын хөрш ОХУ, БНХАУ-д хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллага нь гүйцэтгэдэг болохыг сайд С.Бямбацогт тодруулж хэлсэн.

Тэрбээр, Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар  улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болсон. Иймд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулахаар тусгасан хэмээлээ.

Улсын хил хамгаалалтыг өөрийн улсын онцлогт тохирсон бүсчилсэн байдлаар зохион байгуулахтай холбоотой зохицуулалтын талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн доорх тайлбарыг хийсэн.

Тэрбээр, Хилчид өдөр шөнөгүй хил зөрчигчидтэй тэмцэж байгаа. Гэхдээ хилчдийн ажиллаж байгаа нөхцөл бүс нутгаасаа шалтгаалаад өөр өөр байдаг. Зарим газарт намар цас ороод бүх зам хаагдан шувуунаас өөр амьтан очихооргүй болж тусгаарлагддаг бол тал хээр газарт арай өөр байх жишээтэй. Мал идэх өвс байхгүй, ямаанаас өөр мал тогтдоггүй газарт байгаа хилчид лаазалсан мах, хоолоор хүнсээ залгуулж байдаг. Хилийн нөхцөл байдал, байгаль, газар зүй, цаг агаарын онцлогийг харгалзан улсын хил хамгаалалтыг ялгавартайгаар зохион байгуулахыг бүсчилсэн хил хамгаалалт гэх бөгөөд цас их ордог газрын хилчдээ цанаар хангах гэх мэт арга хэмжээ авах юм. Үүнийг дагаад хил хамгаалах тактик ч өөрчлөгдөнө гэж хэлсэн.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын, Хууль зүйн байнгын хороодод шилжүүллээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.