БНСУ-ын Ерөнхийлөгч огцрох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн дотны найз Чой Сун Шил тус улсын бизнесийн томоохон байгууллагуудаас өөрийн хоёр ч сандаа их хэмжээний мөнгийг хандив нэрийдлээр төвлөрүүлж байсан нь ил болсон билээ. Улмаар мөрдөн байцаагчид Чойг авлигын хэрэгт холбогдуулан шалгах үед өнөөгийн Ерөнхийлөгчтэй холбоотой материалууд ил болж эхэлсэн байдаг.
 
Тодруулбал, Пак Гын Хе улс төрийн үйл хэрэгтээ найзыгаа оролцуулж, зөвлөгөө авч, хэлэх үгээ хүртэл засварлуулж байсан нь олон нийтэд ил болсны улмаас нийслэл Сөүл хотноо хэд хэдэн удаагийн томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөх шалтгаан болж БНСУ-ын Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорч магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
 
Пак Гын Хегийн хувьд найздаа улс төрийн нууц баримт бичгийг дамжуулж, зөвлөгөө авч байсан нь томоохон корпорациудаас их хэмжээний авлига авахад нөлөөлсөн гэж буруутгаж байгаа. Үүнийг улс төрийн жижиг сөрөг хүчнүүд ч овжиноор ашиглаж, Пак Ерөнхийлөгчийг өөрийн хүслээр албан тушаалаасаа буухыг хэд хэдэн удаа шаардсан юм.
 
Тэгвэл өнөөгийн Ерөнхийлөгчийн хувьд гурван ч удаа ард түмэндээ хандсан мэдэгдэл хийхдээ найзаасаа тусламж авч байсан гэдгээ хүлээж, толгой бөхийлгөн уучлалт хүссэн удаатай. Гэсэн ч, түүний мэдэгдэл иргэдийн уур бухимдлыг улам лавшруулж, сая сая хүн Сөүлийн гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал хийх хэмжээний нөхцөл байдлыг үүсгэснээс гадна эрх баригч Сэнүри намын рейтингийг навс унагасныг эх сурвалжууд онцолж байна.
 
Ямартай ч, өнөөдөр Пак Гын Хе Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буух эсэх нь тодорхой болох учиртай. Учир нь өнөөдөр БНСУ-ын парламент Ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэх эсэх acyyдлаар санал хураах билээ. Сөрөг хүчний зүгээс парламентаар Пакад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд парламент өнөөдөр 14:00 цагт уг асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Парламент 300 суудалтай бөгөөд хуулийн төслийг гишүүдийн 200 нь дэмжих төлөв ажиглагдаж байгааг ажиглагчид онцолжээ.
 
Учир нь эрх баригч Сэнүри намын зарим гишүүд ч Ерөнхийлөгчөө огцруулах шийдвэр гаргаж магадгүй байгаа гэнэ. Ерөнхийлөгч Пак Гын Хе өмнө нь гурав дахь удаагаа мэдэгдэл хийхдээ сайн дураараа сууддаасаа буух бодолгүй байгаагаа илэрхийлж, түүний хувь заяа хэрхэхийг шийдвэрлэх эрхийг парламентын гишүүдэд үлдээж буйгаа мэдэгдсэн.
 
Тодруулбал, тэрбээр энэ баасан гарагт болох парламентын хуралдааны үеэр гишүүд түүнийг суудлаас нь буулгахыг хүсвэл огцроход бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Пак “Үндэсний ассамблей миний Ерөнхийлөгчийн албыг хаших хугацааг богиносгох, эсвэл огцруулах ямар ч шийдвэр гаргасаэ бай, би тэдний шийдвэрийг дагах болно. Хэрэв үндэсний ассамблей улс төрийн эмх замбараагүй байдал, хий хоосон улстөржилтийг шийдвэрлэхийн тулд эрх мэдлийг тогтвортойгоор шилжүүлнэ гэвэл би Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна” гэжээ.
 
Ирэх жил Ерөнхийлөгчийн халаагаа өгөх Ерөнхийлөгч Пак Гын Хе, түүний найз Чой Сун Шил нарын хэрэгт Солонгосын нэр нөлөө бүхий компаниуд болох Lotte, Samsung гэх мэт есөн компани холбогдоод буй бөгөөд саяхан гэхэд тэдгээр компаниудын удирдлагууд парламентад   дуудагдан хэргийн талаар тайлбар хийсэн байдаг.
 
Ямартай ч, парламент өнөөдөр ямар шийдвэр гаргахаас хамаарч, Пак Гын Хегийн ирээдүй хэрхэх нь шийдэгдэх билээ. БНСУ-ын хуулийн дагуу Парламентын шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх хэлэлцэж, батлах эсэхээ шийдвэрлэдэг байна.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.