БНХАУ, Д.Трамптай хэвлэлээр “байлдлаа”

БНХАУ-ын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг Хятадын эх газар болон Тайвань нэгэн бүхэл улс гэж үздэг “Нэг Хятад” бодлого бол “хэлэлцээрийн тохиролцоо төдий бус”. Хэрэв энэ бодлогыг дэмжихгүй бол Хятад АНУ-д дайсагнахыг ч үгүйсгэх аргагүй хэмээн АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трампыг сүрдүүлэв.
 
Учир нь энэ мэдэгдэл гарахаас яг нэг өдрийн өмнө АНУ-ын “Фокс ньюс” телевизийн нэвтрүүлэгт үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Д.Трамп оролцсон байх бөгөөд сэтгүүлчийн “Нэг Хятад” бодлогыг АНУ цаашид дэмжих үү” гэх асуултад “Бээжин худалдаа болон бас бус асуудалд буулт хийж, найр тавихгүй юм бол заавал тэдний бодлогыг дэмжиж хэрэг байна уу” хэмээн эргэлзсэн өнгө аястайгаар хариулсан байна. Тэрбээр энэ үгээрээ Хятад худалдаа, гадаад худалдааны бодлогодоо буулт хийхгүй бол АНУ “Нэг Хятад” бодлогыг дэмжихгүй байж болно гэх санааг илэрхийлсэн нь ийнхүү БНХАУ-ын талыг бухимдуулахад хүргэсэн хэрэг.
 
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараа Доналд Трамп Тайванийг салан тусгаарлахыг дэмжигч Ерөнхийлөгч Цай Инвеньтэй утсаар холбогдож, баяр хүргэсэн мэндчилгээг нь хүлээн авснаараа Хятадыг уурлуулж байсан удаатай. 1979 оноос хойш “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрч ирсэн АНУ-ын үе үеийн төрийн тэргүүн Тайванийн удирдлагатай ингэж шууд холбогдож байгаагүй бол Д.Трамп Цай Инвений дуудлагыг хүлээн авснаараа Бээжингийн хамгийн эмзэг цэгээр оролдсон юм.
 
Гэхдээ зарим шинжээчид Д.Трампын энэ байдлыг Ерөнхийлөгчийн улс төрийн бодлого гэхээс илүү хамгийн том түнш бөгөөд өрсөлдөгч болох БНХАУ-тай харилцан ашигтай харилцах гэсэн эдийн засгийн зорилготой хэмээн үзэж байгаа ажээ.


Хятад АНУ-тай харилцан ашигтай худалдааны гэрээ хийхгүй юм бол Вашингтон тэдний “Нэг Хятад” бодлогыг сөрж, БНХАУ-ын нэг мужаа гэж үздэг Тайваньтай харилцахад ч гайхах зүйлгүй гэдгийг Д.Трамп илэрхийлсэн байна

 
Хятадыг худалдааны зах зээлд шударга бус өрсөлддөг гэж үздэгээ эртнээс илэрхийлж, ил тодоор шүүмжилж ирсэн Д.Трамп “Хятад юанийн ханшаа зориуд доогуур барьж, хил дээрээ биднээс өндөр татвар авч манай эдийн засгийг хохироодог. Гэтэл бид тэднээс татвар ч авдаггүй. Тэд бас Өмнөд Хятадын тэнгист асар том “цайз” босгож байна. Ингэх ёсгүй шүү дээ. Хачирхалтай нь, тэд Хойд Солонгосын асуудлаар ч бидэнд туслахгүй байна. Хятадад Хойд Солонгос байна. Цөмийн зэвсэг байна. Хятад энэ бүх асуудлыг шийдэж чадах атлаа бидэнд огт туслахгүй байна” гээд “Нэг Хятад бодлогыг би бүрэн ойлгож байна. Гэхдээ худалдааны гэрээг оролцуулаад Хятадтай хэлэлцээ тохиролцоо хийж чадахгүй л юм бол яагаад заавал тэдний бодлогыг дэмжих ёстойг би ойлгохгүй байна” гэжээ.
 
Өөрөөр хэлбэл, Хятад АНУ-тай харилцан ашигтай худалдааны гэрээ хийхгүй юм бол Вашингтон тэдний “Нэг Хятад” бодлогыг сөрж, БНХАУ-ын нэг мужаа гэж үздэг Тайваньтай харилцахад ч гайхах зүйлгүй гэдгийг Д.Трамп илэрхийлсэн байна.
 
Гэтэл түүний ярилцлагын хариу болгож БНХАУ-ын төрийн мэдлийн англи хэлээр хэвлэгдэн гардаг “Global Times” сонинд “Нэг Хятад” бодлого хэлэлцээрийн заалт төдий биш” гэх гарчиг бүхий нийтлэл гарсан байв. Уг нийтлэлийг өчигдрөөс интернэтэд байршуулжээ. Хэн бичсэн нь тодорхойгүй тэрхүү нийтлэлд Доналд Трампын ярилцлагын талаар бичсэнээс гадна АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгчийг “Гадаад бодлогын талаар өчүүхэн ч ойлголтгүй хүүхэд” хэмээн доромжилсон байжээ.
 
Түүнчлэн, хэрэв АНУ Тайванийг салан тусгаарлахыг дэмжиж, Тайвань руу хийх зэвсгийн худалдаагаа нэмэгдүүлбэл, БНХАУ “АНУ-тай дайсагнахыг ч үгүйсгэх аргагүй” гэдгийг онцолсон байлаа. Мөн БНХАУ-ын ГХЯ-ны харьяа Их сургуулийн профессор Ли Хайдунг мөн АНУ-ын 45 дахь төрийн тэргүүнийг гадаад бодлогод “Анхлан суралцагч” хэмээн тодорхойлж, Тайвань болон Хятад АНУ-ын харилцааг тун өнгөц ойлгож буйг шүүмжилсэн байна.
 
Энэ мэтээр АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын тал “Нэг Хятад” бодлогыг аль аль талдаа ашигтайгаар эргүүлэх санаархлаа хэвлэлээр илэрхийлж, ширүүхэн “байлдаж” эхлэв бололтой.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.