“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд одоог хүртэл байрандаа орж чадаагүй байна
Түрээсийн орон сууцны хөтөлбөр 2015 оны долдугаар сард батлагдаж түүнийг хэрэгжүүлэх тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан юм.  Түрээсийн орон сууцны хөтөлбөрт орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн нөхцөл хангаагүй, орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй, бага дунд орлоготой /амжиргааны түвшингийн 3-10-р бүлэгт хамаарах/, иргэд хамрагдахаар болоод байсан. Улмаар нийслэлд уг хөтөлбөрт хамрагдах иргэдийг сугалаагаар тодруулж, өнгөрсөн наймдугаар сард гэрээ хийн иргэдээс түрээсийн төлбөрийг нь хүртэл аваад байсан билээ. 

Тодруулбал Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны шинээр ашиглалтад орох байруудад иргэдийг оруулахаар гэрээ хийжээ. Гэвч иргэд өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй байна. Иймээс асуудлыг шийдвэрлүүлэхээр өчигдөр Барилга хот байгуулалтын яамны  үүдэнд жагсаал хийхээр товлоод байсан юм. 

Эдгээр иргэд наймдугаар сард барьцаа нэг сая төгрөг болон эхний гурван сарын түрээсийн мөнгө болох 660 мянган төгрөг, нийтдээ 1,660 мянган төгрөгөө гэрээ хийхдээ бүрэн төлжээ. Гэвч удахгүй байранд орох гэсэн тэдний хүлээлт талаар болж, өвлийн хүйтэнд зарим нь зуслангийн байшинд, зарим нь хажуу өрөө түрээсэлж амьдрахаас өөр аргагүй болж байгаад бухимдаж буйгаа иргэдийн төлөөлөл хэлж байлаа. Эдгээр иргэдэд чирэгдэл учруулж байгаа нь цахилгааны асуудлаас болсон гэдгийг албаныхан хэллээ. 

Энэ талаар иргэн Б.Батбаатар хэлэхдээ “Аль тавдугаар сард сугалаа болж, наймдугаар сард гэрээгээ хийн төлбөр мөнгөө төлчихсөн байхад өнөөдрийг хүртэл байр ашиглалтад ороогүй л байна. Бидэнд хэлэхдээ есдүгээр сарын 1 гэхэд байр ашиглалтад орно гэж байсан. Энэ асуудлыг шийдүүлэх гэж их явлаа. Бидний харж байгаагаар  таваас зургаан байгууллага дунд хариуцах эзэнгүй болсон байна. Одоо ингээд өвлийн хүйтэн болчихлоо. Удахгүй байрандаа орно гээд хүлээж байсан хүмүүсийн зарим нь зуслангийн байшин түрээсэлж сууж байна. Энэ бол 12 давхар гурван байшингийн цахилгааны асуудлыг  шийдэхэд болох зүйл. Гэтэл үүнийг шийдэж чадахгүй дөрвөн сар боллоо” гэв. 

Тэгвэл жагсаал хийхээр цугласан иргэдийн төлөөллийг БХБЯ-ныхан хүлээн авч уулзан асуудлыг ярилцлаа. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга болон ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй нар хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр С.Магнайсүрэн “Асуудлыг бид сайтар ойлгож байгаа. Энэ бол том эрчим хүчний сүлжээ байгуулж, хуваарилах байгууламжид очин, цааш жижиг байшин руу цахилгаан нь хуваарилагддаг нарийн ажиллагаатай зүйл юм. Бид өдөр бүр Эрчим хүчний яамтай холбогдож, хамтран ажиллаж байгаа. Маргааш туршилтын холболт хийгдэнэ.Асуудал гарахгүй бол та бүхэн ойрын хугацаанд байрандаа орох боломжтой. Төр нэгэнт гэрээ хийгээд шийдсэн асуудлыг өөрчлөхгүй. Гэрээ хийсэн айлууд санаа зоволтгүй байрандаа орно” гэлээ. 

 Дашрамд дуулгахад,  Төрийн өмчийн түрээсийн орон сууцны сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 6500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4500 төгрөг/, нэг байр 30-50 метрквадрат байхаар тусгасан.Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгаж өгсөн.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.