2016 онд тохиосон соёл урлагийн салбарын онцлох үйл явдлуудыг нэрлэж байна
Улиран одож буй 2016 он Монголын соёл урлагийн салбарт томоохон амжилтыг дагуулсан  жил боллоо. Уламжлал ёсоор сонгодог урлагийнхан маань энэ онд томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцож, дэлхий нийтэд өөрсдийгөө батлан харуулж чадлаа. Улмаар МУГЖ Г.Ариунбаатар энэ онд гаргасан амжилтаараа Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгчөөс “Чингисийн одон” хүртсэн нь энэ оны соёл урлагийн салбарын хамгийн том онцлох үйл явдал болсон билээ.  Алс баруун хязгаарын бүргэдчин охин энэ дэлхий нийтийн анхаарлыг татаж чадлаа. Түүний амьдралаас сэдэвлэсэн  баримтат кино нээлтээ хийж, кино урлагийн хамгийн том наадам болох “Оскар”-т нэр дэвших эхний даваагаа даваад байна. Түүнчлэн ердөө ганцхан хоногийн өмнө гоо сайхны олимп гэгддэг Ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй төгс, төгөлдөр бүсгүй шалгаруулдаг “Дэлхийн мисс”-2016 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 11-т багтаж чадсан гайхалтай амжилтыг үзүүллээ. Мөн энэ онд  их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн.

Дуурийн дуулаач Г.Ариунбаатар “Чингисийн одон” хүртлээ

Жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ онд  уг шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээсэн нь энэ оны онцлох үйл явдлуудын нэг байлаа. Түүний хувьд хамгийн залуудаа /28 настай/ энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн билээ. Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм. Тэрбээр энэ оны долоодугаар сард П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдаанаас Гранпри шагнал хүртсэн билээ.
 

Г.Ариунбаатар Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.
 
Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны I байр, Шилдэг баритон дуучны шагнал; Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны I байр; Олон улсын дуулаачдын Байгал II уралдааны тэргүүн байрын шагнал; П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналыг тус тус хүртсэн билээ.

Бүргэдчин охин Н.Айшолпан дэлхий нийтийн анхаарлыг татаж чадлаа

Энэ онд 13 настай бүргэдчин охин Н.Айшолпан Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадлаа. Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртсөнөөр түүний нэр алдар дэлхий даяар түгсэн юм. Улмаар Холливуудын  найруулагч түүний амьдралаас сэдэвлэсэн баримтат кино бүтээсэн нь өдгөө тун амжилттай явж байна. Бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” буюу "Бүргэдийн анчин охин" киноны гол дүрийг тун сайн амилуулж чадсаныг кино урлагийнхан хэлж байна. Түүний амьдралаас сэдэвлэсэн тус кино АНУ, Канад зэрэг олон улсад албан ёсоор нээлтээ хийгээд байгаа. АНУ-д киноныхоо нээлтэд оролцож байх үеэр бүргэдчин охин Н.Айшолпан болон түүний аав ээжийг Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн эцэг, эх үдийн зоогонд урьжээ. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршжээ.


Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, баримтат киноны гол дүрийг бүтээсэн, тус баримтат киноны дууг Австралийн нэрт дуучин Сиа дуулсан гээд л Н.Айшолпан охины хүрээлэл холливууд дотор эргэлдэх болсон. Түүнчлэн уг кино олон улсын кино наадмаас эхнээсээ шагнал хүртэж эхэлсэн бөгөөд Оскарын наадамд нэр дэвшихээр эхнийхээ давааг даваад байгаа нь энэ оны соёл урлагийн салбарын онцлох үйл явдлуудын нэг байлаа. 

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиолоо

Энэ онд орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд БСШУЯ, УДЭТ, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран жүжгийн зохиолын уралдаан зарласан билээ.Уралдаан нь их зохиолчийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн жүжгийн зохиолыг тайзны бүтээл болгох зорилготой.
 

Тэгвэл уг жүжгийн уралдаанд түрүүлсэн “Жаргаагүй нар” түүхэн үзэгчдийн хүртээл болж, УДЭТ-ын тайзнаа тавигдсан.  Тус жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичиж, найруулагчаар СТА Ч.Түвшин ажилласан. Уг жүжгээр  их зохиолчийн ээдрээтэй амьдралыг харуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихээхэн хөдөлгөж чадсан билээ. 

А.Баярцэцэг “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож, түүхэн амжилтын эзэн боллоо

Ертөнцийн хамгийн гоо, төгс төгөлдөр бүсгүйг шалгаруулдаг  “Дэлхийн мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээн  АНУ-ын Вашингтон хотноо болж өндөрлөлөө. 120 орны гоо бүсгүй авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн “Miss World”-н энэ жилийн ялагчаар Пуэрто Рико улсын мисс Стефани дел Валле тодорлоо.66 дахь удаагийн "Miss World"-д эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг шилдэг 11 оролцогчийн нэг боллоо. Түүний хувьд авьяас миссийн санал асуулгад түрүүлснээр шилдэг 20-д шууд оролцох эрхийг авсан  билээ. Улмаар шилдэг 10 миссийг шалгаруулсны дараа Үзэгчдийн сонголтоор /People's choice/ 11 дэх миссийг тодруулахад А.Баярцэцэг ялагчаар тодорсон.


Түүний хувьд "Дэлхийн мисс" тэмцээнд оролцсон Монголын оролцогчдынхоо амжилтыг ахиулж, түүхэн амжилтын эзэн боллоо. Манай миссийн тухайд урьдчилсан шатны тэмцээнүүдэд тун амжилттай оролцож, түрүүлэх магадлалтай миссүүдийн тоонд багтаж байсан юм. А.Баярцэцэгийн хувьд  Шилдэг Эх орноо сурталчилсан видeо танилцуулга, Шилдэг 10 авьяас үзүүлбэрт шалгарч, mobstar саналаар тэргүүлсэн, Шилдэг спортлог баг, Шилдэг Зорилго гоо бүсгүй /"Агаа, эгээ" төсөл/ 24-т багтсан гээд олон амжилтыг гаргаж чадлаа. 

Цөөн үгээр:

-Монголын дизайнеруудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл” наадмын хаалтын ёслол энэ сарын эхээр болж,  шилдгүүдээ тодруулав. Загварын  шилдгийг тодруулдаг уг  наадамд 50 гаруй дизайнер ур чадвараараа өрсөлдсөн байна. Тэд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо”, “Шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч” зэрэг номинацад өрсөлдсөн. Ингээд уг наадмын оргил мөч болох энэ жилийн  шинэ топ моделийг тодруулах мөч ирэхэд зохион байгуулагчид  топын шалгуурыг хангах загвар өмсөгч байсангүй хэмээн шинэ топ  моделийг шалгаруулаагүй. Харин энэ жилийн шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Д.Долгион шалгарав.

- Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг үүсгэн өнөөгийн залууст зөв үлгэр дууриал болон хөдөлмөрлөсөөр яваа загвар өмсөгч Э.Энхболд өнгөрсөн наймдугаар сард Хонконгт зохион байгуулсан “International Fashion Super Model” тэмцээнд оролцож, шилдгийн шилдгээр шалгарсан.Тэрбээр энэхүү тэмцээнээс шагналын хур буулган гурван номинацид шилдгээр шалгарч, Азийн кино компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан гээд олон баярт үйл явдал давхацсан юм.

- “Монгол HD” телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны хоёр дахь удаагийн ялагчаар 20 настай дуучин залуу Э.Энх-Эрдэнэ түрүүлж 100 сая төгрөгийн шагналын эзэн боллоо.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • би 2016-12-26 03:25:35
    Монголчууд авьяаслаг монголчуудаар бүтэн улирал шуугисан нь онцлох үйл явдал шүү дээ Ирэх жил байхгүй
  • byrgedchin gej?... 2016-12-20 09:36:08
    Byrgedchin ohin baih daa yana daa!!byrgedchin hebgyyn yagaad baij bolohgyi gej?jaahan gaj sanagdaad bna!
  • Зочин 2016-12-20 07:00:01
    Аз жаргалтай УБ эссэ бичлэгийн уралдаан зарласан нь онцлог үйл явдал биш үү, мөн үндэсний үзэлтэн хүүгийн зодуулдаг шоу ч гэсэн онцлог доо
  • ochir 2016-12-20 06:10:54
    Яг үнэндээ өөрсдөө хийгээд гадагшаа гаргаж доллар болгочих юм алга даа.Бүргэдээр аялал жуулчлал л бага зэрэг татах юм бйна.