Гурван гийгүүлэгч: Та бороотой өдрүүдэд бэлэн үү

Гийгүүлэгч Тогоо

Өдөр хоногууд урссаар л...Зарим өдрүүд яг л бурханд ивээгдсэн мэт аз жаргалаар дүүрэн байхад  зарим өдрүүд яг л тас харанхуй шөнө мэт тэсэж тэсвэрлэхийн аргагүй уйтай байдаг. Үнэхээр ч хүний амьдрал аз жаргал, зовлон гунигаар сүлэлдэж байдагтаа л жинхэнэ утга учир нь оршдог бизээ.

Гэвч хэн ч харанхуй шөнө шиг амьдралыг хүсдэггүй.  Наран ээж, солонго татсан тэр л сайхан өдрүүдэд дуртай билээ. Тэгвэл та гэнэт асгарах бороотой өдрүүдэд бэлэн үү? Та шүхрээ бэлдэж амжаагүй байгаа юм биш биз?

Шинэ дарга ирлээ. Таны оронд танилаа томилох гэнэ. Ажилгүй болсон таны ард, хоол нэхэн ангайх хэдэн ам байгаа вэ? Дараагийн ажлаа олтол, хэдэн хүүхдээ юугаар тэжээх билээ? Гэр бүлийн тань хэн нэгэн өвджээ. Эм тариа нь эмнэлэгт байхгүй гэнэ. Энд тэндээс сурж хайгаад оллоо ч авдаг хэдэн бор төгрөг тань хаанаа ч хүрэхгүй байна уу?

Энэ бол таны амьдралд гэнэт асгарч буй “Бороо”. Хэзээ арилах нь үл мэдэгдэх аадар бороонд та нэвт норох нь тодорхой боллоо.

Энэ хүртэл уншсан таны хувьд, муу ёр надад ийм зүйл тохиолдохгүй гэж бодож байгаа бол эндүүрэл юм. Зовлон гэдэг хэлж ирдэггүй, хийсэж ирдэг, хэнийг ч үл ялгадаг жамтай билээ. Ядахад зовлон тохиолдоход олон хүн нүүрээ бууралдаг шүү дээ. Тэгвэл энэ бороо зогстол танд сэтгэлийн тэвчээрээс гадна хамгийн гол нь “Мөнгө” л хэрэг болдог.

Өнөөдөр дэлхийн  3 хүн тутмын 1 нь хадгаламжтай гэсэн судалгаа бий. Харин танд хуримтлал бий юу? Үгүй бол хэн нэгнээс мөнгө зээлэх, дараа нь түүнийгээ төлөх гэдгээс өөр сонголтгүй үлдэх нь ээ. Тэгвэл яг одоо хамтдаа бороотой өдрүүдэд бэлдье.
 
1-р алхам - Хэдийг цааш нь хийх вэ?

Эдийн засагчид бороотой өдрүүдэд хэрэглэх хуримтлал нь тухайн хүний 3-6 сарын амьжиргааны мөнгөтэй тэнцэхүйц байх ёстой гэдэг. Иймээс:

  • Сар бүрийн зардлаа бодитоор тооцож хэдэн төгрөг хадгалахаа тооцоол

  • Одоохондоо ихийг цааш нь хийж чадахгүй бол багаас эхэл

  • Болж өгвөл орлогынхоо 10 хувийг эхлээд хуримтлуулж зурш.

Жишээ нь:  Таны сарын зардал 500,000 төгрөг гэж тооцвол та юун түрүүнд гэнэтийн өдрүүдэд бэлэн байхын тулд 1,500,000₮ хуримтлуулаарай. Ингэхийн тулд та  сар бүр 100,000₮ хадгалснаар 15 сарын дотор 3 сарын амьдрах зардалтай тэнцэх хэмжээний хуримтлалыг бий болгоно.  Энэ хурдаараа хуримтлалаа нэмэгдүүлбэл та 2,5 жилийн дотор  6 сарын амьдрах зардалтай тэнцэх хэмжээний мөнгө хуримтлуулж чадна.

2-р алхам Зөв хадгаламжаа сонго

  • Гэнэтийн зүйл хэзээ ирэхийг мэдэхгүй учраас мөнгөө уян хатан нөхцөлтэйгээр хадгал.

  • Мэдээж таны мөнгө удаан хугацаанд ч хадгалагдаж магадгүй учраас өндөр хүүтэйг нь сонго.

3-р алхам Хойшлуулалгүй хадгалж эхэл

  • Шийдсэн л бол шууд хадгалж эхэл

  • Мартахгүйн тулд сар бүрийн автомат шилжүүлгийг тохируул

4-р алхам Гэнэтийн зүйлд л зарцуул

  • Аялал, томоохон худалдан авалтад зориулж хадгалаагүй гэдгээ үргэлж сана

  • Гэнэтийн зүйл болоход та хэдэн төгрөг цааш хийж байсандаа баярлах болно

Тэгэхээр танд байх ёстой зайлшгүй хуримтлалын нэг нь яах аргагүй гэнэтийн нөхцөлд хэрэглэх хуримтлал юм. Мэдээж үүний эсрэг талд баяртай зүйл тохиолдоход зарцуулах хуримтлал үүсгэж яагаад болохгүй гэж. Хүүхэд тань гэнэт гадагшаа сургуульд явах гэж байгаа бол, танайх шинэ хүнээ хүлээн авах гэж байгаа бол гээд урт хугацааны хуримтлал танд ямар ч үед ашиг тусаа өгөх болно. Та дээрх 4 алхамыг хийгээд үзээрэй. Та гэнэтийн бороо асгарахад өөрийгөө хамгаалах “Шүхэр”-тэй боллоо.
 
Гийгүүлэгч Сэржээ

Дараагийнхаа сэдвийг сонсоод миний толгойд орсон хамгийн анхны үг бол “Монголд очоод...”.

Аав, ээж, ах, эгч ер нь тэгээд Монголоо санаад насаараа энд амьдрахгүйгээс хойш нутаг буцая гэж шийдээд удаагүй байгаа ч Монголдоо очоод яаж амьдрана даа гэсэн бодол санааг минь зовоосоор. Ажлын байр олдох болов уу, тэр их утаанд үр минь өвдчих болов уу, авсан цалин нь амьдралд хүрэлцэх болов уу гээд санаа зовох зүйлүүд өчнөөн. Ганц бие эсвэл ханьтайгаа 2уулахнаа байсан бол болж л таараа болохгүй байсан ч болгож л таараа гээд зоригтойгоор буцах л байсан байх. Одоо “ядуу амьдрах эрхгүй” ээж аав болсон болохоор ямар нэг байдлаар хүүхдийнхээ амьдрах аюулгүй орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

Үүний тулд Монголд очоод нэн шаардлагатай мөнгөнүүдээ тооцож үзэе. Хэзээ ажилд орох нь тодорхойгүй тулд 6 сараар тооцлоо.

  1. Байрны урьдчилгаа мөнгө – 30 сая төгрөг /дунджаар/

  2. Амьжиргааны мөнгө – 6 сая төгрөг /сарын 1сая/

  3. Хүүхдийн цэцэрлэгийн – 1,8 сая төгрөг /улсын цэцэрлэгт орох магадлал маш бага учир хувийн цэцэрлэг сарын 300мянга/

  4. Гэнэтийн үед хэрэглэх мөнгө – 3 сая төгрөг

Машин болон зуслангийн байр зэрэгүүдийг оруулвал Монголруугаа буцахаас халшрах шинжтэй тул очоод ажилын байртай болтолоо шаардагдах мөнгө хамгийн доод талдаа 40,8 сая төгрөг. Очоод ажилд оролгүй хувиараа бизнес эрхлэх төлөвлөгөөтэй бол үүнээс их мөнгө шаардагдах нь ойлгомжтой.
Яг одоо бид удахгүй болох борооны улиралдаа бэлдэж байна. Энэ болох орох нь тодорхой бороо. Дундуур нь гэнэтийн аянга цахилгаантай аадар, гуниг дагуулсан шиврээ бороо орж магадгүй ч энэ бүгдийн ард солонго татдаг болохоор бороонд зориулсан шүхрээ эртнээс бэлдэцгээе...
 
Ингээд уншигч танд нэгэн сонирхолтой тооцооллыг хүргэе.

Хэрвээ та хүүхдийнхээ ирээдүйд зориулан 1 настайгаас нь сар бүр 50,000 төгрөг хуримтлуулвал 18 нас хүрэхэд 50 сая төгрөгтэй болно. Гэтэл та энэ хугацаанд өөрөөсөө ердөө 10,800,000 төгрөгийн мөнгө хийжээ. Бусад мөнгө нь банкны хүү юм. Ийм учраас хамгийн зөв хуримтлал бол, өндөр хүүтэй урт хугацааны хадгаламж байдаг.

18 нас   50 сая төгрөг
17 нас   42 сая төгрөг
16 нас   36 сая төгрөг
15 нас   31 сая төгрөг
14 нас   26 сая төгрөг
13 нас   22 сая төгрөг
12 нас   19 сая төгрөг
11 нас   16 сая төгрөг
10 нас   13 сая төгрөг
9 нас   10 сая төгрөг
8 нас   9 сая төгрөг
7 нас   7 сая төгрөг
6 нас   6 сая төгрөг
5 нас   4 сая төгрөг
4 нас   3 сая төгрөг
3 нас   2 сая төгрөг
2 нас   1 сая төгрөг
1 нас   648 750
Бусдад түгээх
  • gplus