Иргэд нь хуримтлалтай улс хөгждөг
Саяхны нэг өдөр статистикийн мэдээ харж суулаа. Үүнээс ургуулаад манай улсын хөгждөггүй шалтгаан ч энэ байж мэдэх юм гэх бодол төрлөө. Намайг ингээд хэлэхээр  улсын хөгжилд хүн хамгийн чухал. Тэр дундаа боловсролтой, мэдлэгтэй чадварлаг залуу хүн гол нөлөөтэй гэж  хэлэх л байх. Мэдээж хэрэг тэгж хэлж болно. Онолын хувьд ч тийм. Гэвч  бодит байдал дээр манай улсын эдийн засаг маш хүнд байдалд байгааг та бид мэднэ. Үүнд маш олон шалтаг, шалтгааныг жагсаан бичиж болно. Харин энэ жагсаалтын хамгийн түрүүнд миний хувьд Монголын хүн ам хуримтлалгүй байгааг нэрлэж бичмээр байна. Үүнээс л үүдэж өнөөдөр зах зээл дээрх бэлэн мөнгө хомс, иргэдийн амьдрал ахуй ядуу, өргөн хэрэглээний барааны үнэ өндөр, инфляци хоёр оронтой тоотой, валютын ханшийн савлагаа жирийн иргэдийн нуруун дээр ачаа болж байна.
 
Монгол улсын 820 мянга орчим айл өрхийн 760 мянга нь  их бага ямар нэгэн хэмжээгээр хуримтлалгүй байна гэсэн тооцоо гарчээ. Уг статистик мэдээг цааш үргэлжлүүлбэл Монгол улсын  үндэсний хуримтлалын хэмжээ 28 хувьтай бол Катарт энэ үзүүлэлт 62, Кувейтэд 56, БНХАУ-д 50 хувьтай байна.  Олон улсын валютын сангийн тооцоогоор  Катарын иргэд өнгөрсөн жил 200 тэрбум, Кувейт улсын иргэд 186 тэрбум, БНХАУ-ын иргэд 8.9 их наяд ам.доллар хадгалсан байна. Гэтэл Монголын хүн амын дийлэнх нь дансандаа ганц ч төгрөгийн хадгаламжгүй. Дийлэнх нь хадгаламжийн дэвтэр ч үгүй явж байна. Арилжааны банкуудад хадгаламжтай Монголчуудын 83 хувийнх нь дансан дахь мөнгө нэг сая төгрөг ч хүрэхгүй байгаа бол ердөө ганцхан хувь нь 50 саяас дээш төгрөгийн хадгаламжтай байна. Энэ нь нийт Монголчуудын хадгаладаг мөнгөний 62 хувийг хэдхэн тооны хүн эзэлж байна гэсэн үг юм.
 
Харин дээр жишээ болгон дурдсан улс орнуудыг харахад  хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж  байгааг бид харж байна. Энд бас нэг зүйлийг хэлэхэд  дэлхийд техник технологийн хөгжил, эдийн засгийн бат тогтвортой байдлаарай тэргүүлдэг Герман улсын иргэдийн 97 хувь нь хуримтлалтай аж. Тиймээ дээрх жишээнүүд хуримтлалтай улс хөгждөг гэдгийг батлан харуулчихлаа. Үүнийг эдийн засагчид хэлсээр ирсэн. Тухайлбал  МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Л.Оюун хэлэхдээ “Иргэн хуримтлалтай байж улс хуримтлалтай болдог. Улс хуримтлалтай байж иргэн хуримтлалтай болдог.Яагаад  гэхээр иргэдийн хадгаламжийн мөнгө банкнаас зээлийн хэлбэрээр эдийн засаг руу ордог. Эдийн засагт ороод өртөг бүтээгдэж аж ахуй нэгж хөгжинө. Улс орон компаниудаасаа татвар авна. Авсан татварынх нь хэмжээ нэмэгдэх тусам төсвийн орлого өснө. Төсвийн орлого өсвөл хөрөнгө оруулалт ч нэмэгдэж, халамж ч зохих ёсондоо нэмэгдэнэ гээд бүгд  хоорондоо холбоотой. Эдгээр нь нэг түвшиндээ тасарчихаар гинжин хэлхээ үгүй болчихоод байгаа юм” гэж тайлбарласан байдаг.
 
Ингээд хэлэхээр манайхан иргэдийн цалин бага, юмны үнэ өндөр ийм байхад яаж мөнгө хуримтлуулах вэ гэж  өөрсдийгөө өмөөрөх байх.  Тэгвэл энд дахин нэг жишээг дурдахад сард 500 мянган төгрөгийн цалин авдаг. Жижигхэн компанийн оффис менежер хийдэг нэгэн найз маань бага байхын л арвилж хямгалах дуртай, бүр бидний дунд харамч нэр хүртэл зүүж явсан бүсгүй  сар бүр 10 мянган төгрөгийг “Голомт” банкин дахь өөрийнхөө нэрийн дансанд хийгээд хоёр жил болжээ. Нэгэн өдөр найз маань хадгаламжийн хүүгээ авчихлаа гэсээр инээгээд гарч ирсэн. Чи надаас бага цалинтай байж яаж банкинд мөнгөө хадгалаад байдаг юм бэ гэхэд анх цалингаасаа 20 мянган төгрөгтэй нээж байса дансанд маань одоо хоёр сая орчим төгрөг хуримтлагдсан байгаа. Би цалин  дээрээсээ тогтмол мөнгө хийхээс гадна гэнэтийн орлогын мөнгийг  хэд ч байсан хийчихдэг. Харин энэ хооронд хүү нь ч өсөөд миний мөнгө овоо болсон. Ямар ч л байсан баяр ёслол, гэнэтийн мөнгөний хэрэгцээтэй үед хүнээс гуйж явахгүй болсон гэх найзынхаа үгийг сонсоод хажууд нь 800 мянган төгрөгийн цалинтай гэж томордог ч нэг ч төгрөгийн хадгалмжгүйдээ ичсэндээ сууж байсан ширээнийхээ доогуур орох дөхсөн юмдаг.
 
Уг нь хэрэв гурван өрх тутмын нэг нь яг өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, Монгол улс 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болох боломжтой. Хэрэв тэгж чадвал бид өнөөдөр заавал эдийн засгийн хүндрэлийг даван туулах гэж гадны улс орнуудаас мөнгө гуйж царай алдан тал тал тийш гүйх шаардлагагүй болно. Адаглаад  л  хувь хүнд өөрт хэрэгтэй.  Тогтмол мөнгө хадгалуулсан бол орон сууцны зээлд хамрагдах боломж хэн бүхний өмнө нээлттэй. Хүүхдэдээ хадгаламж нээгээд сар бүр  багахан мөнгө хийгээд өсөж том болсных нь хойно  сургалтын төлбөрөөс нь эхлээд зайлшгүй гарах зардлуудыг  шийдчихэж ч болно. Мөн гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарахад адаглаад л хадгаламжаа барьцаалаад зээл авчихаж болно. Гэх мэт олон давуу талтай. Хамгийн гол нь манайхны толгойны өвчин болж буй  орон сууцны зээл хүртэхэд банкинд байсан хадгаламж чухал түлхэц болж өгнө. Бүр томоор яривал дотоодын мөнгөн хуримтлалаараа томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явах боломжтой. Мэдээж хэрэг ашиг тус нь бидэнд өөрсдөд минь л наалдана шүү дээ. Манай улс олон жилийн турш   эдийн засагт чухал түлхэц болох “Оюутолгой”,  “Тавантолгой”  гэсэн төслүүдээ хөдөлгөх  мөнгөгүйдээ дээр жишээ болгон дурдсан Катар, БНХАУ, Япон зэрэг улсуудаас зээл тусламж хүсч ирсэн. Хамгийн сүүлд гэхэд л эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Олон улсын валютын сангаас 1.5 тэрбум ам.долларын зээлийг маш хатуу нөхцөлтэйгөөр зээлэхээр Засгийн газар хөөцөлдөж байна. Мөн урд хөршөөс дөрвөн сая ам.долларын зээлийн сураг ч  дуулдаж буй. Хэрэв манайхан хуримтлуулж сурсан байсан бол энэ бүх нэг их асуудал болохгүй байлаа. Бүр эдийн засаг ийм хэмжээнд хүртлээ доройтохгүй байлаа.
 
Эцэст нь хэлэхэд хуримтлалтай улс хөгжлөөрөө цойлдог гэдгийг дэлхийн улсууд харуулж байна.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-12-22 10:26:16
    Банк дахмпуурсан ч 20 хүртэл сая-ыг улс даах хуультай шүү дээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • ааан? 2016-12-22 08:00:11
    манай мал чинь банкинд байдаг цаасаас чинь илүү хуримтлал юм шүү. банкинд хадгалах найдваргүй шүү дээ. дээгүүрээ хуйвалдаж банкаа дампуураалаад идчихдэг шүү дээ...
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • bayrtsogt 2016-12-22 06:23:34
    hurimtlal bgaa sh dee. offshort zunduu hadgaluulsan
    202.9.42.61
    Мэдэгдсэн Хариулах
  • - 2016-12-22 05:20:17
    “Улс төр сонирхдоггүй ухаантнууд өөрөөсөө дор тэнэгүүдээр удирдуулж, шийтгэлээ амсдаг” хэмээх мэргэний үг Монголд хэт гүнзгий мэдрэгдэнэ!!!!!!
    66.181.185.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-12-22 03:30:21
    Хадгаламжийг зөвхөн төгрөгөөр хийх хууль гаргах хүн бүр хадгаламжтай бол хүний амьдрал одоо өнгөрсөн ирээдүй гэж байдаг ганцхан өнөөдрөөр амьдарч болохгүй
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • ..... 2016-12-22 01:21:00
    Төр засаг нь долларын хадгаламжийг хүүгүй болгоно н.т. гэсэн тэнэг, балмад бодлого явуулаад байхад яаж иргэн чинээлэг, улс баян байх вэ дээ???
    66.181.185.94
    Мэдэгдсэн Хариулах