
Энэ сарын 2-7-ны өдрүүдэд Вьетнамын Хо Ши Ми хотод болсон Азийн залуучуудын шилдэг арван тамирчдын дунд болдог “Chess for Asia girls” рапидын олон улсын тэмцээнд манай шатарчин А.Энхтуул амжилттай оролцоод иржээ. Энэ талаараа тэрбээр өнөөдөр багш нарынхаа хамтаар мэдээлэл хийлээ.
А.Энхтуул тус тэмцээнд гуравдугаар байр эзэлсэнээр Дэлхийн шатрын холбооны эмэгтэй их мастерийн болзолыг биелүүлсэн байна. Уг тэмцээний нэгдүгээр байрт, Энэтхэгийн тамирчин орсон бол хоёрдугаар байрт, Индонез улсын тамирчин орсон аж. А.Энхтуул тус тэмцээнд амжилттай оролцсоноор манай эмэгтэй тамирчдаас шатрын их мастер Мөнгөнтуул, Батчимэг нарын дараа орж байгаа ажээ.
Тэрбээр энэ үеэр "Дэлхийд чансаагаар аравт багтахын төлөө улам хичээх болно. Багш, гэр бүлийнхэн гээд эргэн тойрны бүхий л дэмжиж тусалдаг хүмүүстээ баярлалаа. Тэднийхээ дэмжлэгийн үндсэн дээр амжилттай оролцлоо. Мөн мөнгө санхүүгээр ивээн тэтгэдэг олон газрууд, хувь хүмүүс бий тэдэнд маш их талархснаа илэрхийлье" гэлээ.
Г.Уянга
оллоо.мн