Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний импортод хатуу шаардлага тавих нь зүйтэй гэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн/12.27/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Амарзаяа нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа 2012 онд Монгол Улсын Их Хурал Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасан бөгөөд уг хуульд, удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг гадаадын зээл, тусламжаар авахыг хориглосон байна. Гэвч энэ төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэх, импортлоход ямар нэгэн хязгаарлалт тавьж, хяналт тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлээгүй учир хоол хүнсээр дамжуулан хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах эрсдэлийг үүсгэж байгааг дурдлаа. 

2000 онд дэлхийн 84 орны 828 эрдэмтэн хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний хор нөлөөг анхааруулсан ил захидлыг Засгийн газруудад илгээж, сав шим ертөнц, хүн төрөлхтөнд асар их хохирол учруулж болзошгүй талаар сэрэмжлүүлэн, цаашид арилжааны зориулалтаар тариалах, үйлдвэрлэх, худалдаалах, хүнсэнд хэрэглэхээс татгалзахыг уриалжээ. Хувиргасан амьд организмын талаар судалгаа хийсэн эрдэмтдийн туршилтад оруулсан амьтад үхэж, тариалсан хөрсний бактери бүр мөсөн устсан байна. Тухайлбал А.Pusztai, S.Ewen /Ихбритани/, M.Malatesta /Итали/, V.Prescott /Австрали/, И.Ермакова /ОХУ/ зэрэг олон судлаач генийн өөрчлөлттэй төмс, шар буурцаг, вандуйгаар тэжээсэн харх, хулганын элэг, бөөр, уушиг, нойр булчирхай, бүдүүн гэдэс, түрүү булчирхай муудаж, биеийн болон зүрхний жин, дархлааны систем өөрчлөгдөх зэрэг олон сөрөг үр дагавар илэрч байгааг тогтоосон.

Монгол Улсын хүн амын тоо цөөн, байгалийн арвин баялаг нөөцтэй тул дотоодын хүнсний хэрэглээг генетикийн өөрчлөлтөд ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хязгаарлалт тавих эрхзүйн орчныг боловсронгуй болгож, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортод хяналт тавих зайлшгүй шаардлагатай байна. Дээрх шаардлагын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тариалахыг хориглож, импортолж буй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний найрлагад тодорхой хязгаарлалт тавих зорилгоор Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гурван зүйлтэй. Төслийн нэгдүгээр зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тариалах, үйлдвэрлэхийг хориглох болон импортын стандартыг тогтоох тухай, хоёрдугаар зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсэнд тавих хяналтын тухай, гурав дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг заах бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортод тавих хяналтыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дагалдуулсан гэдгийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн онцолсон юм.

Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхийг  бүр мөсөн хязгаарлах, манай улсад энэ чиглэлээр хийсэн судлагаа бий эсэхийг илүүтэй тодруулж байлаа. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ОХУ хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг хориглосон байдаг бол Европын орнуудад бүтээгдэхүүний стандартыг маш өндөр, чанга хатуу заасан байдаг. Монгол Улсын хувьд ч хатуу шаардлага тавих нь зүйтэй гэж үзсэн гэж хариуллаа.

Харин ажлын хэсгийнхэн Монгол Улсын газар тариалангийн бүс нутагт хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн тариалагдсан эсэх талаар есөн зүйлээр судлагаа хийсэн. Долоон аж ахуйн нэгж хувиргасан амьд органимзмаас гаралтай бүтээгдэхүүн тариалсан байсан. Түүнчлэн цагаан будаа, ургамлын тос, гурил гээд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн дотор хувиргасан амьд организмтай бүтээгдэхүүн байсан нь судалгаагаар тогтоогдсон. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Тиймээс олон улсын стандартын түвшинд шаардлага тавьж байгаа. Үүнээс илүү шаардлага тавихаар бол хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн Монгол Улсын хүн амд хэрхэн нөлөөлсөн эсэх талаар судлагаагаа танилцуулж, тайлбар хийх ёстой байдаг хэмээн хариулж байлаа.

Дараа нь уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ гэж УИХ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-12-29 01:35:57
    Орос байцаа гээд их том байцаа захуудаар зарж байх юм. Энэ үнэн юм уу. Эсвэл тэр генийн өөрчлөлттэй гэдэг нь юм болов уу. Хятадууд оросын нутагт тарьдаг гэсэн
  • маш сайн .баярлалаа. 2016-12-28 03:55:50
    Энэ асуудлыг №1-т бүрэн шийдэгдсэн гэж бодож байлаа.Үүнийг хуульчилахгүй яаж эх орон гэж хашигчиж УИХ д хэдэн жил дараалан суудал бөгөлсөн хүмүүс вэ хуучин ги...