EXIT-2017 буюу Европын ямар улсууд Брюсселиэс салахыг хүснэ вэ

Айлчлан ирж буй 2017 онд Европын холбоо хэд хэдэн том гишүүн орноосоо салах магадлалтай байна. Эдгээр улсын нэн тэргүүнд Их Британи улс бичигдэж байгаа юм. Ерөнхий сайд Тереза Мэй ч ирэх гуравдугаар cap гэхэд тус байгууллагаас гарах үйл явцаа эхлүүлнэ гэж амласан билээ. Нэгдсэн Вант улсын энэхүү шийдвэр Франц, Нидерланд, Итали, Австрийн сөрөг хүчнүүдийн удирдагчдын ч зоригийг өдөөж, тэд ч улс орондоо адилхан санал асуулга явуулахыг хүсч эхэлжээ. Тэгвэл яг ямар нөхцөлүүдэд Евроинтеграцийн эрин үе төгсөх бол.
 

ТҮҮЧЭЭ БРИТАНИЧУУД

 
Өнгөрсөн оны зургаадугаар сард болсон бүх нийтийн санал хураалтаар британичуудын 52 хувь нь Нэгдсэн Вант улсыг Европын холбооны бүрэлдэхүүнээс гарахыг дэмжсэн билээ. Тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон санал хураалтын үр дүнг танилцуулсныхаа дараа огцрох болсноо зарласан.
 
Харин энэ онд Британийн Засгийн газар холбооноос гарах нөхцөлүүдээрээ Европын парламенттай хэлэлцээ хийж эхлэхээр төлөвлөөд байна. Юуны түрүүнд улстөрчид Европын холбоонд аж төрж буй британичуудын тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн төлөх болон өмнө нь байгуулсан гэрээгээр хүлээсэн бусад үүрэг хариуцлага зэргээр хэлэлцээ хийх аж.
 
Холбооноос гарах болсонтой холбоотой үүсэх зардал 60 тэрбум еврод хүрэх төлөвтэй байна.
 
Үүнээс гадна Их Британи улс бас нэгэн ярвигтай асуудалтайгаар энэ оныг угтаж байна. Учир нь Лондоны зүгээс энэ онд Европын зах зээлд нэвтрэх чадвараа хадгалах асуудлаар зөвшилцөж чадахгүй бол Шотланд салан тусгаарлах асуудлаараа бүх нийтийн санал хураалт зохион байгуулна.
 
Энэ мэт олон хүндрэл бэрхшээл үүсээд буй хэдий ч Их Британи Европын бусад орны барууны намуудын лидерүүдийг “эксит”-ээрээ урам зоригийг нь дэмжиж чаджээ.
 

ХЭТ БАРУУНЫХНЫ “ФРЕКСИТ”

 
Британичууд Европын холбооны гишүүнчлэлийн эсрэг саналаа өгсөн нь тодорхой болмогц Францын Марин Ле Пен тэргүүтэй “Үндэсний фронт” намынхан улс орноо Европын холбоонд онцгой статустай болгохоор тэмцэнэ, татгалзсан тохиолдолд фрексит явуулна гэж зарласан билээ.
 
“Хэрвээ бид засгийн эрхэнд гарвал бидний гол зорилго Франц улсад Их Британийн адил онцгой статус олгох асуудлаар Евро комисстой зөвшилцөл хийх байх болно. Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал энэ нь санхүү, эдийн засгийн тусгаар байдлыг сэргээж, тэр ч бүү хэл цагаачлалын асуудлыг ч зохицуулах болно. Харин ийм статус олгохгүй бол бид Франц улсаа Европын холбооноос гаргах эсэх асуудлаар францчуудынхаа дунд бүх нийтийн санал асуулга явуулах болно” хэмээн Марин Ле Пен өмнө нь мэдэгдэж байсан удаатай.
 
Марин Ле Пен еөрөө 2017 оны хавар болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Хэрвээ тэрбээр сонгуульд ялбал Франц улс евро бүсээс гарч, Ойрхи Дорнодоос ирэх цагаачдын тоог хязгаарлаж, ОХУ-тай харилцаагаа хэвийн болгох гэнэ.
 
Францын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар сонгуулийн өмнө сунгаанд өдгөө Ле Пений гол өрсөлдөгч, Ерөнхий сайд асан Франсуа Фийон тэргүүлж байгаа юм. Түүнийг олон нийтийн судалгаанд оролцогсдын 55 хувь нь дэмжжээ.

 
ВИЛДЕРСИЙН “НЕКСИТ”

 
Нидерландад ирэх гуравдугаар сард парламентын сонгууль болно. Энэхүү сонгуульд Европын холбоог шүүмжлэгч, Герт Вилдерсийн толгойлдог “Эрх чөлөөний нам” оролцохоор болсон. Вилдерсийн хувьд сонгуульд ялсан тохиолдолд Европын холбооноос гарах асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулна хэмээн нэг бус удаа мэдэгдэж байгаа билээ.
 
Түүний үзэж буйгаар Европын холбооны гишүүн болсноор бие даан улс төрийн шийдвэр гаргах, худалдааны хэлэлцээр хийх боломжуудаа алдсан гэнэ.
 
“Европын холбооны гишүүнчлэлийн асуудлыг аль болох хурдан хугацаанд шийдэх хэрэгтэй байна. Брюссель бидний хэнтэй нь эдийн засаг, улс төрийн харилцаатай байгааг мөрдөж шалгах ёсгүй. ОХУ- тай харилцаагаа сэргээх нь уламжлалт худалдаанд тун эерэг чиглэл юм” хэмээн Вилдерс Оросын хэвлэлүүдэд мэдэгдэж байсан удаатай.
 
Тэрбээр мөн Европын холбооны цагаачлалын бодлогыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Нидерландын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үздэг аж. Тэр ч бүү хэл Европ руу цутган орж ирж буй дүрвэгсэд дунд алан хядагчид ч байж мэднэ гэж анхааруулжээ.
 
Эрх чөлөөний намын тэргүүн өмнө нь ч Нидерландын парламентад Европын холбооноос гарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах тухай санаачилга өргөн барьж байсан. Гэвч гишүүд түүний санааг дэмжээгүйгээр барахгүй 14-ийн эсрэг 124 санал өгчээ.
 

ИТАЛИ МАЯГИЙН САЛАЛТ


Парламентын суудлын төлөө тэмцэл өрнүүлж буй Вилдерсийн намынхнаас ялгаатай нь Италийн сөрөг хүчнийхэн 2016 онд явагдсан үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаарх бүх нийтийн санал асуулгаар иргэдийнхээ дэмжлэгийг хүлээгээд эхэлснээ мэдэрчээ.
 
Арванхоёрдугаар сарын 4-нд италичуудын 59 хувь нь Ерөнхий сайд Маттео Ренцийн санал болгосон өөрчлөлтийн эсрэг саналаа өгсөн юм. Ингээд санал асуулгын үр дүн тодорхой болмогц Маттео Ренци огцорч, парламентын ээлжит бус сонгууль явуулахаас өөр аргагүй болсон билээ. Урьдчилсан байдлаар уг сонгууль ирэх зургаадугаар сард болно.
 
Одоогийн байдлаар сөрөг хүчний Беппе Грилло тэргүүтэй “Таван одны хөдөлгөөн”, Маттео Сальвини тэргүүтэй барууны “Умардын лиг” намынхан засгийн эрхэнд гарах магадлал өндөр байна. Тэднийг Европын холбоог шүүмжлэх, Евро бүсээс гарах эрмэлзэл нэгтгэж байгаа юм. “Манай нам евро бүсээс гарах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах болно. Бид ялна гэдэгтээ ч итгэлтэй байна. Улс орон маань үндэсний валютдаа шилжих шаардлага бий” хэмээн “Умардын лиг” намын төлөөлөгч Жанлука Савоини мэдэгджээ.
 
Францын алдарт эдийн засагч Жак Сапирын үзэж байгаагаар ийм алхам нь Европын холбоог задрахад ч хүргэж болзошгүй гэнэ.
 
“Итали улс евро бүсээс гарах нь Европын холбоог сулруулна. Тэдэнд системээ өөрчилж, оролцогч улсуудынхаа дунд шинэ гэрээ байгуулахаас өөр арга зам үлдэхгүй. Ингээгүй тохиолдолд холбоо нуран унах болно” хэмээн Жак Сапир мэдэгджээ.
 

САЛАХЫН ИРМЭГТ ИРЭЭД БУЦСАН НЬ    

 
Ердөө л сарын өмнөхөн Австри улсыг Европын холбооноос гарч болзошгүй нэр дэвшигчдийн тоонд оруулж байсан юм. Тэгвэл Евро интеграцийг эсэргүүцэгч, хэт барууны Эрх чөлөөний намын нэр дэвшигч Норберт Хофер өнгөрсөн сарын 4-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадаагүй билээ.
 
Сонгуулиас өмнөхөн Хофер Европын парламентын зүгээс гишүүн орнууддаа хяналтаа чангатгавал Австрид Брекситтэй төстэй бүх нийтийн санал асуулга явуулна гэж мэдэгдэж байлаа.

 
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.