Гурван гийгүүлэгч: 2016 оноо дүгнэж, 2017 оны төлөвлөгөөгөө хамтдаа эхлүүлье

ГИЙГҮҮЛЭГЧ ТОГОО 


Өдөр бүрийг утга учиртай өнгөрүүлээрэй

Сайн байна уу? 2017 он минь. Шинэ оны зааг дээр би өөртөө “Өдөр бүрийг утга учиртай өнгөрүүлэх болно” гэсэн амлалтыг өгсөн. Энэ амлалт маань миний хувьд 2017 онд өмнөө тавьж буй зорилгоо базаж буй хэрэг л дээ. Өнгөрсөн онд хумхын ордныхон баяжна гэж зурхайд буусан. Зөндөө хүлээсэн шүү гээд л үү... За, тоглосон юм аа.

Гэхдээ л манай гэр бүл өнгөрсөн жил элэг бүтэн, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байсан учир би их баян хүн л дээ. Мэдлэгээ дээшлүүлж, оюутан болж, олон найз нөхөдтэй, ажил дээрээ ч тус бүртээ амжилттай, үр хүүхдүүдийн минь сурлага өндөр  гээд л...2016 он танд баярлалаа.

Өнөөдөр улс орон маань эдийн засгийн хямралтай, сайнгүй байгаа ч хүн бүр дор бүртээ хичээгээд, ажилдаа эзэн болж, гэр бүлдээ жаргалтай байвал эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр гэж би боддог юм. Тиймээс 2017 ондоо улам их хичээх болно.

2016 онд иргэдэд санхүүгийн боловсрол олгох зорилгоор эхлүүлсэн “Гурван гийгүүлэгч” цуврал нийтлэл маань цагаан сар хүртэл үргэлжилнэ. Энэ богино хугацаанд уншигч та бүхэндээ шинэ мэдлэг олгох олон сайхан нийтлэл бэлтгэн хүргэхээр бид зорьж байна. Монголд анх удаа эхлүүлсэн энэхүү реалити нийтлэлээс та бүхэн ч гэсэн санаа авч, амьдралдаа хэрэгжүүлэх олон мэдлэгийг суралцсан биз ээ. Олон гэр бүлийн адил бид 2017 оны төлөвлөгөөгөө гаргасан. Гэр бүлийн нууцийн зэрэглэлтэй мэдээлэл учир энэ хэсгийг орхин, 2017 онд тавьж буй өөрийн санхүүгийн зорилтоосоо хуваалцъя:

  • Том охин минь гадаадад суралцах зорилго тавьсан учир түүнд бэлдэж, хуримтлал үүсгэх зорилго тавьж байна. /Бүүр багаас нь мөнгө хуримтлуулж байхгүй яав даа гэсэн халаглал төрж байгаа тул ихрүүдийнхээ хуримтлалд сар бүр хийдэг мөнгөө нэмэхээр шийдсэн. Том болоход нь үнэхээр их хэрэг болдгийг одоо л ухаарч байна./

  • Өдөр бүр зарлагаа тэмдэглэж, илүү зардлаа танах болно. /Гаазтай ундаа, гадуур хооллох зэргээс татгалзана/

  • Хуримтлалаа төрөлжүүлэх болно. /Аяллын, сургалтын, баяр ёслолын үед хэрэглэх гэх мэтээр/

  • Өрхийн санхүүгээ зөв удирдах болно /Сар, улирлаар нь санхүүгээ төлөвлөж, 7 хоног бүр хүнсний зардлаа тооцох, бөөний цэгээс худалдан авах/.. зэрэг мэдлэгийг би Сэржээ, Номио хоёроосоо суралцсан тул, та хоёртоо баярлалаа. Та бүхэн ч гэсэн 2017 ондоо санхүүгээ зөв төлөвлөж, зөв удирдан, өөртөө хуримтлуулах зуршлыг төлөвшүүлээрэй.
     

ГИЙГҮҮЛЭГЧ СЭРЖЭЭ


Шинэ оны баярын мэнд хүргэе. Манай гэр бүлийн хувьд шинэ оны эхний долоо хоногтоо багтаан төлөвлөгөөгөө гаргаж, хуучин оны сүүлийн долоо хоногтоо багтаан төлөвлөгөөгөө дүгнэдэг уламжлалтай.

Төлөвлөгөөгөө яаж гаргаснаас шалтгаалан дүгнэх аргууд ч янз бүр байж болно. Нөхөр бид хоёрын хувьд тус тусын төлөвлөгөө болон гэр бүлийн төлөвлөгөө гэж нийт гурван төлөвлөгөө гаргаж, дүгнэдэг. Одоохондоо бяцхан үр минь нялх байгаа болохоор гэр бүлийн төлөвлөгөөнд багтдаг юм.  

Тус тусын төлөвлөгөөгөө дүгнэхдээ тухайн ондоо биелсэн эсэх, төлөвлөгөөнд багтаагүй ч шинээр сурсан болон амжилт гаргасан, эсвэл бүр сургамж болон үлдсэн зүйлүүд байгаа эсэхийг бичиж, өөрсөддөө хадгалан хүсвэл нэг нэгэндээ ярьж өгдөг.  Харин гэр бүлийн төлөвлөгөөний ялгаатай тал нь санхүү болон охины боловсрол, өөрсдийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөдөг. Жишээ нь өнгөрсөн жил нөхөр бид 2 ярилцаад гаазтай ундаа болон бэлэн гоймонгийн хэрэглээг багасгаж, худалдаж авахгүй байцгаая гэж шийдсэн. Амлалтандаа хүрч худалдаж аваагүй ч хааяа гадуур хооллох эсвэл найз нөхдийндөө очихдоо хэрэглэсэн тохиолдлууд бий. Мөн биелүүлж чадсан бас нэг зүйлээ дурьдвал гэр бүлийн цуглуулгатай болж чадсан. Бид аяллаар очсон газар бүрээсээ хөргөгчний соронз худалдан авч цуглуулдаг уламжлалтай болсон нь харах бүрт бид гуравт сайхан дурсамжийг авчирдаг.

Мэдээж хүн л болсон хойно биелүүлж чадаагүй зүйлүүд гарч л таараа. Манай гэр бүлийн хувьд өнгөрсөн жилийн төлөвлөсөн 10 зүйлээс 7 нь 100%, 2 нь 60%, 1 нь ор тас биелүүлээгүй байна. Сайн төлөвлөх нь чухал ч тэдгээрийг биелүүлж хянах нь илүү чухал гэж бодож байна. Би өөрсдийн төлөвлөгөөгөө хөргөгчнийхөө нүүрэн дээр тогтоодог бөгөөд нүдэнд ил газар байснаар өдөр бүр түүнийгээ харж эрч хүч аван биелүүлэхээр зүтгэхэд минь тусладаг. Та бүхэн ч гэсэн ирэх жилийнхээ төлөвлөгөөг гарган шинэ ондоо аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөж байна.
 

ГИЙГҮҮЛЭГЧ НОМИО


Шинэ оны баярын мэнд хүргэе. Өнгөрсөн оноо дүгнэж, ирээдүйд юуг бүтээх талаар тунгаан бодох цаг бол өнөөдөр юм. Хүүхэд насандаа сургуульдаа “онц” сурахад  л амьдрал аз жаргалтай болдог байв. Харин айлын эзэгтэй болсон цагаас гэр бүлийн дэвтэр гаргаж жил бүр “Энэ жил юу хийх вэ?” гэж шинэ хуудас эхлүүлдэг заншил тогтжээ.

2016 он манай гэр бүлийн минь хувьд их өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан, их дурсамжийг бүтээсэн, их зүйлийг сурч мэдсэн жил болон өнгөрчээ. Айл болоод багагүй хугацаа өнгөрсөн учир гэрийн тавилга, худалдан авалтын хувьд энэ жил ач холбогдол өгсөнгүй. Манай гэр бүлийн хувьд доорх 5 зүйл дээр тулгуурлан төлөвлөгөөгөө гаргасан.

  1. Эрүүл мэнд

  2. Ажил, мэргэжил

  3. Боловсрол

  4. Аялал, амралт зугаалга

  5. Худалдан авах зүйлс


Үүнээс боловсролын хувьд бага хүүхэд цэцэрлэг, том хүүхэд маань сургуулийн босго алхсан бөгөөд нөхөртэйгээ хамтдаа мэргэжлийн зэрэг ахиулахаар төлөвлөсөн төлөвлөгөө маань 50 хувьтай, 2017 онд үргэлжлүүлэн сурахаар байна. Аяллын хувьд төлөвлөсөн төлөвлөгөө маань биелээгүй үлджээ. 2017 онд заавал аль нэг улс орон руу аялахад цаг гаргана гэж ярилцсаар л. Эдгээрээс бусад төлөвлөгөө маань амжилттай хэрэгжжээ. Хамгийн чухалд тооцон анхаарал хандуулсан зүйл маань хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд байв.

Удаан хадгалсан, эсвэл эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхээс татгалзах гэж хичээсэн. Үүнд: хиам, чипс, зөөлөн чихэр,шоколад, лаазалсан бүтээгдэхүүн г.м. Харин кофе, газтай ундаанд баяртай гэж хэлж чадахгүй “ганц удаа” гэж боломж олгосоор л явна. Мөн гэр бүлээрээ хүнсний зарим ногоог шинээр нь хэрэглэхийн тулд гэртээ болон талбайд хүнсний ногоо тарьж туршсан нь маш сонирхолтой, өгөөжөө өгсөн шүү.Түүнчлэн эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, шинжилгээнд хамрагдаж эрүүл мэнддээ анхаарал хандуулж чадсан байна. Манай гэр бүлийн хувьд 2016 оноо эрч хүчээр дүүрэн үдсэн болохоор 2017 онд хийж бүтээх, засаж сайжруулах төлөвлөгөөнүүдээ гаргахаар ханцуй шамлан сууна.

Та дэвтэртээ шинэ хуудас нээж, 2017 оны төлөвлөгөөгөө хамтдаа хөтлөхөд бэлэн үү?

Бусдад түгээх
  • gplus