Ш.Жаргалсайхан: Амлуулж барилдах нь амар байдаг юм

Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьс­галын 93 жилийн ойн Үндэсний их баяр наа­дамд найм давж үзүүр­лэсэн Завхан айм­гийн Идэр сумын харъяат улсын гарьд Ш.Жаргалсайхантай ярилцлаа.

-Та энэ жилийн наадмаар улсын харцага, заан цолыг алгасаж Завхан нутгаас төрсөн дөрөв дэх гарьд боллоо. Баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Би энэ жил нутгийнхаа бөхчүүдтэй Богд Очирваань уулын бэлд бэлтгэлд гарсан. Наадмын өмнөхөн Сүүж ууланд үргэлжлүүлэн бэлтгэлээ базаалаа. Манайхан нутаг нутгийн бөхчүүдээс урьтаж гарсан болохоор бэлтгэл аятайхан жигдэрсэн гэж бодож байгаа. Завхан нутгаас жил дараалан гарьд цолтон төрсөн сайхан үйл явдал болж байна даа.

-Наадамчин олон та­ныг таавар эвдсэн бөхөөр тодруулж байна лээ?

-Тэгэлгүй яахав. Одоо ид барилдаж байгаа хоёр аваргыг урамтай сайхан барилдаж хаясан болохоор тэдний ингэж хэлдэг нь аргагүй юм даа. Энэ жил наадмаас наадмын хооронд заалны барилдаанд төдийлөн зодоглоогүй ч бэлтгэл сургуулилтаа чамбай хийж байсан. Би чинь улсын наадамд зодоглоод 12 жил болсон байна шүү дээ.

-Аваргуудад дараалан амлуулахад юу бодогдож байв?

-Ямар сайн байхав. Тэглээ гээд барьж дийлэхгүй бол амжилт ахихгүй шүү дээ. Гэхдээ ам авч барилдсанаас амлуулж, тунаж барилдах нь хавьгүй дээр байдаг юм.  

-Та гурван жилийн өмнө түүхт 90 жилийн ойн баяр наадмаар Идэр сумаас 60 гаруй жил улсын цолтон төрөөгүй байсан “Хар цуваанд” цэг тавьсан цорын ганц бөх. Түүнээс хойш харцага цолонд хоёр ч удаа тулж ирээд байсан байх аа?

-Тийм ээ. Би тэр жил улсын харцага Ө.Даваабаатараар тав давж начин цол хүртсэн. Тэгээд дахин тав давж цолоо баталсан. Цолоо ахиулах мөчлөг нь энэ жил байсан юм байлгүй дээ. Манай сумаас улсын цолтой бөх төрөлгүй их удсан даа.

-Заан цолны төлөөх барилдааныг эргэн дурсахгүй юу. Х.Мөнхбаатар арслан таныг амласан?

-Тийм ээ. Бид хоёр оюутан цагийн андууд. Анх 2002 оны намар Завхан аймгийн Идэр сумаас “Аварга” дээд сургуульд оюутан болоод ирж байлаа. Дорнодын Ж.Гансүх начин бид хоёр нэг анги. Хоёрдугаар курсээсээ Х.Мөнхбаатар арслан бид гурав нэг өрөөнд амьдарч эхэлсэн. Арслан тухай үед улсын начин цолтой байсан. Тэгээд бидний араас олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр, улсын өсөх идэр начин Э.Энхбат хоёр орж ирсэн байдаг. Ингээд тавуулаа амьдардаг байлаа даа. Тийм мундаг хүмүүстэй хамт нэг өрөөнд амьдарч байсандаа одоо хэр нь бахархдаг. Манай өрөөнийхөн бүгд улсын цолонд хүрсэн нь бас л сонин тохиолдол юм даа.

-Өсвөрийн барилдаанд зодоглож байсан билүү?

-1998 онд үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргад Завханаас ирж барилдаад 12 дугаар бай­ранд орж байлаа. Тэгэхэд улсын начин Ж.Гансүх түрүүлж билээ. Да­раа нь Говь-Алтай аймагт болсон улсын авар­гад тавдугаар байрт ороод тэгээд нас хэтрээд улсын аваргаас мултарсан даа.

-Аймгийн арслан цол авсан үеэ дурсвал...?

-2001 онд аймгийнхаа наадамд тавын даваанд унаад дараа жил нь аймгийн начин болсон. 2003 онд Юнрэн багш на­майг Ховд аймгийн наа­дамд хөтөлж очоод барил­дуулахад би түрүүлж айм­гийн арслан болсон юм.  

-Та золгооны барьц­наас ихэвчлэн давж, сайн барилдаад байх шиг санагддаг. Таны барил­дааны онцлог уу?

-Золгооны барилдаан их хийдэг ээ. Бас бэлт­гэлээ ч тэгж хангадаг. Одоо хүн бүр золгож барилдах сонирхолтой болоод байгаа болохоор аль болох бариа зөрөөн дээр шийдсэн мэхээ хийж, тэгээд болохгүй бол золгохыг боддог.

-н.Юнрэн арслан таны анхны багш уу?

-Бас Б.Бат-Эрдэнэ аварга надад заа­вар зөвлөгөө өгдөг. Зурга­ду­гаар ангид байдаа ерөөсөө л бөх больё, бөхийн сургуульд орьё гээд аймгийн төв ороход манай хүргэн ах намайг талийгч аймгийн арслан Юнрэн багшид дагуулж очоод шавь оруулсан юм. Нэг жижиг цэнхэр хадаг барьчихсан. Тэгж л бөхийн гараагаа эхэлсэн дээ. Оюутан болоод Б.Адьяахүү багшийн удирдлага дор тогтмол бэлтгэл хийж эхэлсэн юм.

-Танай удамд бөх хүн бий юу?

-Аав маань бөхөд их дуртай. Гэлээ ч наадамд зодоглож байгаагүй юм билээ.

Д.ЖАВХЛАН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.