Хуримтлалаараа үүргэвчтэй аялах уу
Голомт банк нь олон нийтэд хуримтлалын ач тусыг ойлгуулах, сурталчлах зорилгоор хэвлэмэл сонин сэтгүүл болон цахим хуудсын сэтгүүлчдийн дунд “Үндэсний хуримтлал” шилдэг нийтлэлийн уралдааныг зарласан билээ.

Тус уралдаанд Өнөөдөр, Зууны мэдээ, Засгийн газрын мэдээ, Ардчилал, Монголын үнэн, Улстөрийн тойм, Өдрийн сонин зэрэг өдөр тутмын сонин хэвлэл болон www.wikimon.mn; www.zaluu.com; www.mnb.mn зэрэг сайтын нийт 21 сэтгүүлчийн 28 бүтээл ирсэн байна. Уралдааны ялагчаар www.dorgio.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа “Үндэсний баялгийг бүтээсэн нь” нийтлэлээрээ тодорч  батламж, 3 сая төгрөгийн шагналыг гардан авлаа. Харин “Өдрийн сонин”-ы эдийн засгийн албаны сэтгүүлч Ц.Баасансүрэн “Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин болсон хорин жил” нийтлэлээрээ дэд байрт шалгарч 2 сая төгрөг, батламжийн эзэн болсон бол гуравдугаар байрт “Нийслэл guide” сэтгүүлийн ерөнхий редактор Ж.Баярхүү “Хуримтлалаараа үүргэвчтэй аялах уу?” нийтлэлээрээ 1 сая төгрөгийн шагналын эзэн болсон юм.

Ингээд уншигч танд Үндэсний хуримтлал уралдааны 3-р байранд шалгарсан “Нийслэл guide” сэтгүүлийн ерөнхий редактор Ж.Баярхүүгйин “Хуримтлалаараа үүргэвчтэй аялах уу?” нийтлэлийг хүргэе.
 

Нэг бол мөнгөтэй хүн, нөгөө бол завтай хүн гадаад дотоодод аялж, мөнх цаст хайрхануудад авирдаг гэх атаа үг чих шүргэнэ. Би бусдын л адил өглөө бүр ажилдаа явж, цалингаараа амьдралаа залгуулдаг жирийн нэг бүсгүй. Тэгэхээр надад тэдний ярьж байгаа шиг их мөнгө, их зав яахин байх билээ. Харин надад хүсэл тэмүүлэл, бас хуримтлал байсан юм. Гэтэл хувьсгалын тохироо бүрдэнэ гэгчээр нэг л өдөр би хүсэл тэмүүллээрээ баруун жигүүр, хуримтлалаараа зүүн жигүүр хийж, цаст цагаан уулсын оргил өөд ниссэн юм. Энд би заавал ууланд авирах тухай ярих гээгүй юм шүү. Харин хүн хуримтлалаараа хүсэл мөрөөдлөө биелүүлж болдог тухай, ингэснээр амьдрал улам өнгө гэрэлтэй болдог тухай л ярих гэсэн юм. 

Байзаарай, “Өнөөдрийн талхаа яая гэж байхад юун хуримтлал...” гэж унтууцахаасаа өмнө та нийтлэлийг минь гүйцэд уншина уу. Үнэндээ би анх тодорхой зорилготойгоор биш, зүгээр л гэнэтийн хэрэгцээ гарахад бэлэн байхын тулд мөнгө хуримтлуулж эхэлсэн юм. Тэгэхдээ өөртөө түвэг удахгүйгээр мөнгөний гахай руугаа өдөрт 1000 төгрөг л хийдэг байлаа. Гурван сар орчмын дараа мөнгөний гахай маань халиад ирэхээр нь хагалаад үзтэл 100 гаруй мянган төгрөг хураагдчихсан байв. Хүн надад зүгээр л өгч байгаа юм шиг 100`000 төгрөг! Ингээд урам орж, маргааш нь хуримтлалын данс нээлгэхээр банк орлоо. “Өдөр бүр 1000 төгрөг хуримтлуулаад байвал сард 30`000 төгрөгтэй, цаашлаад 10 жилийн дараа гэхэд 8,1 cая төгрөгтэй болно. Үүнээс гадна банк танд хүүнд нь сар бүр 99`000 төгрөг төлдөг болно” гэж банкны эдийн засагчийг хэлэхэд нүд минь бүр ч сэргээд ирлээ. Би цалингийнхаа дансыг хуримтлалын данстайгаа холбуулж, сард 30`000 төгрөг автоматаар татуулахаар боллоо. Өдрийн 1000 төгрөг надад ямар ч дарамт үүсгээгүй учраас тэгсхийгээд мартчихав... 

...Нэг өдөр ажлын өрөөнд минь ОУХМ, уулчин Р.Тулга орж ирлээ. “Уулчид Отгонтэнгэр хайрханд авирахаар явах гэж байна. Танай сэтгүүлээс хамт явж зураг авах хүн байна уу?” гэхэд нь шуудхан л “Би, би...” гээд ширээнийхээ араас ухасхийн бослоо. Тэгэхэд гуравдугаар сар байсан. Хүмүүс зөвхөн зуны дэлгэр цагаар л хөдөө явж амардаг гэсэн ойлголттой байсан би вээр цэлийсэн цагаан цасан дундуур төмөр хүлгийн шандсыг сорин давхиж, Отгонтэнгэр хайрханы бэлд дан даавуун майханд хоноглож, маргааш нь мөнх цаст ууланд мэргэжлийн уулчдын хамт анх удаагаа авирч үзэв... Хэрэв та сонирхвол http://bayarkhuu.time.mn/77447 линкээр орж энэ аяллын тухай нийтлэлийг минь уншиж болно. Хамгийн гол нь, хүмүүс өчнөөн мянган километрийн цаанаас зорин очиж бэлээс нь сунан мөргөдөг шүтээн болсон тэр хайрханд авирах гэнэтийн шийдвэр гаргахад тийш явах зардал маань надад аль хэдийнэ бэлэн байж таарсан юм. Энэ аялал сэтгэхүйг минь ч орвонгоор нь эргүүлсэн. Түүнээс хойш би маш сэтгэл хангалуунаар мөнгө хуримтлуулж, үр шимээр нь Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялж, бүр Кавказын уулсыг зорьж Европ тивийн ноён оргил Эльбруст хүртэл авирч амжлаа. Хуримтлал хүнд юугаар ч үнэлэшгүй зүйлсийг авчирч өгдөг гэдгийг би энэ бүхнээс ойлгосон юм. 

Гэхдээ хуримтлалыг авто машин авах уу, эмчилгээ сувилгаанд явах уу, бизнес эхлүүлэх үү, гадаадад болон эх орноороо аялах уу гээд тодорхой зорилго тавиад эхлүүлбэл бүр ч урамтайгаар өсч арвиждаг юм билээ. Одоо бол би тодорхой аялал төлөвлөж, түүндээ зориулаад мөнгө хуримтлуулдаг болсон. Мэдээж өмнөхөөсөө илүү ихээр хуримтлуулж байгаа. Бүр тодорхой мэдье гэвэл, би сард 150`000 төгрөг хуримтлуулж байна. Банкны хадгаламжийн жилийн хүү 15.6% байгаа. Тэгэхээр энэ мөнгө маань жилийн дараа гэхэд хүүтэйгээ 1`796`120 төгрөг болох юм. Би энэ мөнгөөрөө Тэнгэр трэйвел, Жуулчин, Рагуса Тур, Шинэ жуулчин, Женко Тур зэрэг аяллын компаниудын санал болгосон аялалд оролцож Япон, Солонгос, Эрхүү-Байгаль нуур, Хонхонг-Макаогоор аялах боломжтой.

http://bayarkhuu.time.mn/api/resource/file/gallery/81bed550b1f59851a7e18b21bca2df2e.jpgЕвроп тивийн ноён оргил Эльбрус /ДТД 5642м/. 2016.07.16

Гэхдээ би энэ удаад Япон явж үзэсгэлэнт Фүжи уулан дээрээс нар мандахыг харахаар догдлон хүлээж байна. Цалин минь урьдын хэвээр ч хуримтлуулах мөнгөө өсгөсөн нь надад дарамт үүсгээгүй. Учир нь би хуримтлал үүсгэж эхэлснээсээ хойш эмэгтэй хүний сониуч зангаар амьдралд хэрэгцээгүй гял цал юмс худалдан авахаа больсон. Өрхийнхөө орлого, зарлагыг хөтлөөд, ялангуяа зардлаа жагсаан ангилж хараад үргүй зардал хэчнээн их гаргадаг байснаа ойлгосон юм. Хуримтлал намайг ингэж санхүүгийн сахилга батад сургаж байна. Санхүүгийн сахилга бат гэдэг нь олсноосоо илүүгээр үрэхгүй байх тухай ойлголт юм билээ. 

Хуримтлал үүсгэх нь ийм амархан юм бол бидний ихэнх нь яагаад өнөөг хүртэл хуримтлалгүй байна вэ гэж та гайхаж байна уу? Тийм ээ, Монгол улсын нийт 820 мянга орчим айл өрхийн 93 хувь буюу 760 мянга нь өнөө хэр хуримтлалгүй байна. Энэ нь, ихэнх хүмүүс сарын орлогоо зарцуулахдаа зайлшгүй хэрэгтэй зүйлсээ худалдан авч дууссаны дараа мөнгө үлдвэл хуримтлуулна гэж боддогтой холбоотой. Гэтэл хүний хэрэгцээ хязгааргүй учраас бид хуримтлуулах мөнгөө үлдээж чаддаггүй. Иймд, тодорхой хэмжээний мөнгийг хуримтлал руугаа хийгээд, үлдсэнийг нь өрхийн зарлагадаа тааруулж сурвал үр дүнтэй хуримтлал үүсгэж чадна. 

Та ямар ч зорилгоор мөнгө хуримтлуулж болно, харин миний хувьд бол өөрийнхөө хамгийн дуртай зүйл болох аялалтай холбож бодохоор илүү амар, бас амттай байдаг юм. Яагаад Далай лам “Жилд нэг удаа урьд нь очиж байгаагүй газраа оч” гэж айлдсаныг ч бодууштай... 

Ер нь хүн орлогынхоо 5-10%-ийг хуримтлуулаад явах нь хамгийн тохиромжтой гэж эдийн засагчид үздэг. Статистикийн судалгаагаар Монголд дундаж цалингийн хэмжээ өнөөдөр 850`000 төгрөг байна. Хэрэв та сард 100`000 төгрөг хуримтлуулаад байвал жилийн дараа гэхэд хүүтэйгээ 1`318`223 төгрөгтэй болж Манжуур, Итгэлт хамба, Байгаль нуур, Эрхүү хотоор сайхан аялаад ирж болно. Харин энэ мөнгөө хоёр жил хуримтлуулбал хүүтэйгээ нийлээд 2`709`101 төгрөгтэй болж Хайнан, Шанхай Диснэй, Хонг Конг, Макао, Сөүл, Вьетнамаар аялаад юм үзэж нүд тайлаад ирж болох нь. Гэхдээ энэ бол аяллын компаниудын санал болгож байгаа үнэ юм. Хэрэв та хувиараа үүргэвчтэй аялал хийх юм бол үүнээс хямд зардлаар аялж болно. Мэдээж жуулчлалын компаниар дамжуулан аялах нь илүү найдвартай, харин үүргэвчтэй аялал хийх нь илүү эрсдэлтэй, бас адал явдалтай байдаг. Гадаадынхан монголын брэнд болсон говийг үзэхийн тулд мянга мянган ам.доллар зарцуулж байхад бид 150`000 орчим төгрөгөөр л говиор аялаад ирж болно. Сард 15`000 төгрөг хуримтлуулаад байвал энэ мөнгийг жил хүрэхгүй хугацаанд бүрдүүлчихнэ. 

Ер нь хүн хүссэн зүйлээ хийхийн сацуу бусдад гэгээ түгээж, сайн сайханд үлгэрлэж, нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж явах нь амьдрахуйн нэг утга биш гэж үү. Хэдийгээр хуримтлал гэдэгт үл хөдлөх болоод хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл гэх мэт зүйлс давхар хамаардаг ч таны банкинд хадгалуулсан мөнгө хувь хүний төдийгүй улс орны эдийн засгийн чадавхийг тодорхойлох гол хүчин зүйл болдгийг давхар бодож явахад илүүдэхгүй биз ээ.
 

 
Бусдад түгээх
  • gplus