Т.Бумчин: Энд сурсан бүх зүйлээ Монголд байгаа найз нартаа зааж өгөхийг хүсдэг
Саяхан 17  настай монгол хүү АНУ-ын  бүжгийн аварга болсон тухай сайхан мэдээ дуулдсан. Тэрбээр бүжгийн хамтрагч Мишель Клитс хэмээх нас чацуу орос охины хамт АНУ-д сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд бүжиглэж, олон олон тэмцээн уралдаанд амжилттай оролцжээ. Таван жилийн өмнө АНУ-д очсон хүү өнөөдөр энэ том гүрний бүжгийн аварга болж, цаашид дэлхийн аварга болох зорилго тавин уйгагүй сургуулилж байгаа тухайгаа бидэнд дуулгасан. Тэрбээр энд сурсан мэдсэн бүх зүйлээ Монголын хүүхдийн ордонд хамт суралцаж байсан найз нартаа болоод бусад хүүхдүүдэд зааж сурган, хамтдаа Монголын бүжгийн спортыг хөгжүүлэх хүсэлтэй хэмээн бидэнд хуучилсан юм. Ингээд түүнтэй цөөн хором  ярилцсанаа хүргэж байна.
 
-Сайн байна уу юуны түрүүнд танд баяр хүргэе?
 
-Сайн байна уу, баярлалаа. Намайг Т.Бумчин гэдэг. Би одоо 18 настай. Би ахлах сургуулийн 12-р ангид суралцдаг.
 
-Саяхан түрүүлсэн тэмцээнийхээ талаар манай уншигчдад танилцуулаач /хэчнээн оролцогчид оролцдог гэх мэт/  хэдэн үе шаттай явагддаг тэмцээн бэ?
 
- Америкийн аваргад түрүүлсэн эхний хоёр хос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг олж авдаг. Тэмцээнд нийт 30-80 хос оролцдог. Олон улсын тэмцээнд бол 100-350 хос оролцдог. Тиймээс өрсөлдөөн маш ширүүн байдаг.

 
 
-АНУ-д хэзээ очсон бэ, анх хэзээнээс бүжиглэж эхэлсэн бэ?
 
- Би анх 2012 онд Америкт ирсэн. Одоо Сан-Франциско хотод амьдардаг. Намайг эмээ Оюун маань анх Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд оруулж байлаа. Ингээд би хамгийн 9 наснаасаа Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд Ч. Жаргалсайхан багшийнхаа удирдлаган дор хичээллэж эхэлсэн. Анх монгол ардын бүжиг бүжиглэж эхэлсэн. Суралцаж байх хугацаандаа  Монголын Хүүхдийн ордны алтан медаль авч байсан. Түүний дараагаар 12 настайгаасаа латин америк бүжгээр хичэллэж эхэлсэн.
 

Монгол Орос хүмүүсийн зан чанар их ойролцоо бидний гэр бүлийн хүмүүжил их төстэй болохоор ойлголцоход амар байдаг

 
-Бүжгийн хосоо танилцуулахгүй юу, хосоо яаж олсон бэ?
 
-Миний хамтрагчийг Michelle Klets /Маша/ гэдэг Орос охин байдаг. Бид хоёр жил гаруй цуг бүжиглэж байгаа. Бид нас чацуу болохоор бие биенээ маш сайн ойлгодог, хүндэлдэг, хайрладаг. Давтлага сургуулилтаа ч уйггүй маш сайн хийдэг. Гол холбоо нь Монгол Орос хүмүүсийн зан чанар их ойролцоо бидний гэр бүлийн хүмүүжил их төстэй болохоор ойлголцоход амар байдаг.
 

-Хоёр өөр улсын хүүхдүүд АНУ-д ирээд бүжгийн хос болоход хэцүү зүйл байв уу, хэл нэвтрэлцэхээс эхлээд.
 
- Энэ спорт урлаг бол их өртөг өндөртэй. Яагаад гэвэл нэг цагийн хичээл авахад дундаж Америк ажилтаны өдрийн цалинтай тэнцэх хэмжээний төлбөртэй байдаг. Тэгээд бас бид сар бүр тэмцээнд явна. Америкийн бусад хотууд болон олон улсын тэмцээнд тогтмол оролцдог.  Англи, Франц, Канад, Голландын хотууд гээд их явдаг. Тэр болгонд маань  хоёр гэр бүлийнхэн хоорондоо ярьж хэн авч явахуу гэх мэт олон  асуудлыг өөрсдийнхөө хэмжээнд сайн шийдэж өгдөг. Энэ бүхнийг  хийж, ээж аавууд маань биднийг бүх бололцоогоороо дэмждэг учраас  бид энэ амжилтад хүрсэн. Анх их хэцүү байсан. Англи хэл мэдэхгүй. Ээж маань цуг явж тайлбарлаж өгдөг байлаа. Би долоо хоногийн зургаан өдөр багш нараасаа шинэ хөдөлгөөн техник болон давтлага хийдэг. Манай студи гэрээс маань их зайтай байдаг. Тэр бүхэнд ээж, аав, эмээ маань авч явдаг байсан. Одооноос би машин барьдаг болоод өөрөө явж байгаа.
 
-Та хоёрыг их сайн хамтрагчид гэж дасгалжуулагч чинь ярьсан байна лээ. Хамтдаа гаргасан  амжилтуудаасаа дурдвал?
 
-Бид хамтдаа багагүй  амжилт гаргасан. Миний хувьд Монголын Хүүхдийн ордны Алт, мөнгөн медальтай.   2015, 2016 Оны АНУ-ын Үндэсний латин бүжгийн аварга – “International Grand Ball” тэмцээнд латин бүжгийн төрөлд 21-ээс доош насны ангилалд  I-р байр, 19-ээс доош насны ангилалд  I-р байр – “Classique du Quebec” латин бүжгийн сонирхогчийн өсч буй од, залуучуудын нээлттэй ангилалд тус бүр I-р байр, 21-ээс доош насны ангилалд II-р байр - Англи улсад болсон “Killick Royale Championship” 19-ээс доош насны ангилалд I-р байр - "California Open Championship" 19-ooс доош насны ангилалд I-р байр - "Hollywood Dancesport Championships" залуучуудын нээлттэй ангилалд тус бүр II-р байр - “Empire Dance” тэмцээнд 21-ээс доош насны ангилалд II-р байр - "Emerald Ball Dance Championships" 21-ээс доош насны ангилалд I-р байр - "Vegas Open Dance Championships" 21-ээс доош насны ангилалд I-р байр эзэлж  байсан. Мөн "City Lights Ball" 19-ээс доош насны ангилалд I-р байр - "Embassy Ball Championships" 19-ээс доош насны ангилалд I-р байр - "Royal Ball Championships" 21-ээс доош насны ангилалд I-р байр - "Paris World Championships" 19-ээс доош насны ангилалд X-р байр - “Holidy Dance Classic Championships” 19-ээс доош насны ангилалд II-р байрыг хамтрагчийнхаа хамт тус тус эзэлж байсан.
 

Надад цаг зав бараг гардаггүй. Гэрийн даалгавараа  өдрийн цайны  цаг болон машин дотор, студи дээрээ гээд хаа сайгүй боломж гарвал хийдэг.

 
-Та хоёрыг маш олон тэмцээн уралдаанд оролцдог гэж сонссон. Бэлтгэл сургуулилт, хувийн амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?
 
-Бид сар болгон тэмцээнд оролцдог гэж дээр хэлсэн. Эхлээд Сан Франциско хотын тэмцээнд орно. Тэндээсээ Калифорни мужийн  тэгээд Америкийн аварга шалгаруулах тэмцээн гээд л явж өгдөг.

 
-Цаашдын зорилго тань юу вэ?
 
-Би ирэх жил Берклигийн их сургуульд компьютер програмистийн чиглэлээр элсэн орохоор төлөвлөж байгаа. Миний 2017 онд АНУ-ын аварга гэдгээ дэлхийд баталж, Франц улсад болох дэлхийн аваргын тэмцээний эрхийг авахыг зорьж байна. Саяхан болсон 2016 оны арванхоёрдугаар сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байрт орсон. Энэ амжилтаа ахиулахын төлөө улам их ажиллана. Ирээдүйд мэргэжлийн бүжигчин болж, олон Монгол хүүхдүүдэд зааж сургаж, Монголын бүжгийн спортыг хөгжүүлэхийг хүсдэг.
 
-Монголдоо ирж бүжиглэх  төлөвлөгөө бий юу?
 
-Монголд энэ зун очих санаа байгаа. Монголоо их санаж байна. Би Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Хөдөө нутгаа, морио их санаж байна. Монголд очиж бүжиглэлгүй яахав. Монголын хүүхдийн ордонд явж байсан найз нартайгаа холбоотой байгаа. Тэд нартаа өөрийнхөө сурсан мэдсэнээ зааж өгч, сургах, туршлагаа хуваалцах бодол байгаа.
 

“Moon dance” хамтлагынхны хувцас нь их таалагдсан.


-Монгол  бүжигчдээс таних уу? Саяхан “Moon dance” хамтлагийнхан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тавд багтсан. Энэ тэмцээнийг үзсэн үү?
 
-Тиймээ. “Moon dance” хамтлагийг тэмцээнд оролцож байхад нь үзсэн.  Их сайн байсан. Бас хувцас нь их таалагдсан. Энэ дашрамд тэдэнд баяр хүргэе.
 
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?  АНУ-д амьдардаг өсвөр насны хөвгүүний хувьд нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг тухай манай уншигчид сонирхож байгаа байх.
 
- Миний хувьд чөлөөт цаг бараг байдаггүй. Би өглөө 07:00 цагт босож хичээлдээ явна. Тараад шууд бүжгийн бэлтгэлдээ явдаг. Тэгээд орой 21,22 цагийн үед гэртээ ирнэ. Ирээд гэрийн даалгавараа хийгээд шөнийн 12, 1 цагт  унтана. Ер нь гэрийн даалгавараа  өдрийн цайны  цаг болон машин дотор, студи дээрээ гээд хаа сайгүй боломж гарвал хийдэг.Тэгээд цаг зав гарвал дэлхийн алдартай  бүжигчдийн бүжгийг үзэх дуртай.


Ярилцсанд баярлалаа



Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gomo 2017-01-06 09:48:14
    ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
  • mundag yum aa 2017-01-06 09:19:35
    Saihan medee baina. Amjilt hus'e dhuu min'.
  • Зочин 2017-01-06 05:33:30
    ойрд ийм гэгээн юм уншаагүй юм байна, сайхан байна, их баярлалаа, улам их амжилт хүсье, сайн хүү байна
  • .,?! 2017-01-06 01:28:46
    Ийм залуу үе гарч ирсэн цагт л Монгол Улс маань эрх биш нэг зөв чигтэй болох байхаа гэж найддаг даа! Одоо бол яг завсрын үеийн цөөвөр чононуудын үе явж байна!!...