НӨАТ-ын баримтын 2016 оны бүртгэл өнөөдөр дуусна
Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд нэг жил болж байна. Уг хуулиар иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнтэй баримтыг бүртгүүлж, сугалаанд оролцох эрхтэй болсон. Мөн худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 20 хүртэл хувийн буцаан олголт авах боломжтой болсон билээ. Тэгвэл хамгийн анхны буцаан олголтыг энэ оны эхний улиралд багтаан олгохоор болсныг албаныхан дуулгаад байгаа. Иймээс НӨАТ-ын  буцаан олголтыг хэрхэн хийх, ямар шаардлага тавигдаж байгаа талаар дараах мэдээллийг  хүргэж байна. 
 
НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ АВАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА 

•    Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ НӨАТ суутган төлөгчөөс авсан байх
•    НӨАТ суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байх
•    НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх
•    Худалдан авагч нэгдсэн системд бүртгэгдсэн байх
•    Тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын таван өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.
 
БУЦААН ОЛГОЛТЫН ДАРААЛАЛ
 
1.    Хувь хүн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны 23:59 хүртэл хугацаанд хэвлэгдсэн баримтаа 2017 оны нэгдүгээр сарын 6-ны дотор бүртгүүлэх шаардлагатай.
2.    Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төв 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор мэдээллийг хувь хүн бүрээр гаргаж Татварын Ерөнхий Газрын орлогын газарт илгээнэ.
3.    Татварын Ерөнхий Газар мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн Яамны орлогын газарт хүргүүлнэ. Төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүний бүртгүүлж баталгаажуулсан данс руу буцаан олголтыг шилжүүлнэ.
 
БУЦААН ОЛГОЛТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Ebarimt системийн хэрэглэгчийн хэсэгт албан татвар төлөгчийн буцаан олголтын мэдээллийг дараах хэлбэрээр харуулна:
•    "Хянагдаж байгаа" - буцаан олголгдох албан татварын хэмжээ хянагдаж байгаа;
•    "Баталгаажуулалт" - хянасан дүнг баталгаажуулсан;
•    "Урамшууллыг шилжүүлсэн" - баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлэхээр Төрийн санд шилжүүлсэн;
•    "Урамшууллыг олгосон" - Сугалаанд оролцогчийн дансанд төлөлт хийгдсэн;
•    "Буцаагдсан" - дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан.

Энэ оны эхний улиралд багтаан 30 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр төсөвт тусгаад байгаа. Харин 2017 оны Улсын төсөвт сугалаа болон буцаан олголтод зарцуулахаар нийт 80 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.