Доналд Трамп чухал томилгоо хийлээ

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөнө. Түүний хувьд өөрийн багаа оны өмнөөс бүрдүүлж эхэлсэн бөгөөд өнгөрөгч долоо хоногт хоёр ч чухал томилгоог хийлээ.
 
Тухайлбал, Трамп Бүгд Найрамдах намын сенатч асан 73 настай Дэн Коутсыг Тагнуулын төв газрын даргаар нэрлэлээ. Индиана мужаас сенатад сонгогдож байсан тэрбээр өмнө нь Германд суух АНУ-ын Элчин сайд болон Сенатын Тагнуулын тусгай комиссын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
 
Тиймээс АНУ-ын 16 Тагнуулын байгууллагыг нэгтгэх Тагнуулын төв газрын даргаар ажиллах чадвартай нэгэн гэж үнэлсний үндсэн дээр тус чухал албан тушаалд томилсон байна.
 

Үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Ерөнхийлөгч мэдэгдэлдээ “Дэн АНУ-ын Тагнуулын байгууллагыг удирдахад шаардагдах салбарын мэдлэгтэй төдийгүй асуудлыг шийдвэрлэх чадвартай. Тагнуулын төв газрын даргаар томилогдсоноор АНУ-ын бухий л Тагнуулын байгууллагуудад хүндлэгдсэн манлайлагч болох нь гарцаагүй. АНУ-д хор хөнөөл учруулахыг зэхэж буй хүмүүсээс байнга болгоомжлох миний кабинетын чухал командлагчийн үүргийг тэр гүйцэтгэнэ” гэж хэлжээ.
 
Үүнээс өмнө АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг болон Холбооны мөрдөх товчооны удирдлагууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн, АН-ын дотоод сүлжээг хакердсан хэмээн буруутгасан удаатай. Харин Д.Трамп уг мэдэгдэлд сэтгэл дундуур байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлж байгаа.
 
Тэгвэл дараагийн Тагнуулын төв газрын даргыг нэрлэхээс өмнө Д.Трамп өнөөгийн АНУ- ын Тагнуулын байгууллагын дөрвөн том албан хаагчтай уулзаж, Оросын хакерууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх хэргийг шалгасан тайлантай танилцжээ.
 
Улмаар уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ Орос, Хятад зэрэг улсаас АНУ-ын Төрийн байгууллагууд, улс төрийн намууд, бизнесийн салбарт чиглэсэн кибер халдлага байгааг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэхдээ сонгуулийн үр дүнд Оросууд нөлөөлөөгүй гэх дүгнэлтийг хийсэн удаатай.
 
Гэвч нөгөөтэйгүүр Доналд Трампын Тагнуулын төв газрын даргаар нэрлэсэн Дэн Коутс ОХУ-ын хар дансанд багтсан эрхэм юм. Тэрбээр 1989-1999 он, 2011 оноос энэ сарын 3-ны өдрийг хүртэл сенатчаар ажилласан. Харин 2014 онд ОХУ Крымын хойгийн зарим хэсгийн өөрийн улсад нэгтгэсний дараа АНУ-аас тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа ОХУ ч хариу болгон АНУ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг хар жагсаалтад багтаасан нь бий.

Тухайн үед зургаан конгрессын гишүүн, Засаг захиргааны гурван албан хаагчийг тус жагсаалтад багтаасны нэг нь Дэн Коутс. Түүнчлэн, Жорж Вашингтон Бушын засаг захиргааны үе буюу 2001-2005 онд тэрбээр Германд суух Элчин сайдаар ажиллаж байлаа.
 
Ямартай ч, Трампыг Тагнуулын төв газрын даргын албан тушаалд өөрийг нь нэрлэсний дараа Дэн Коутс “АНУ-ын аюулгуй байдпыг сахин хамгаалахаас илүү чухал асуудал гэж үгүй. Би өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан энэ үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх болно” гэж мэдэгджээ.
 
Д.Трампын томилгоо тун ч сонин. Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараа ОХУ-тай харилцаагаа сэргээх бодолтой байгаагаа удаа дараа илэрхийлж байсан удаатай. Хамгийн чухал албан тушаал болох Төрийн нарийн бичгийн даргаар хүртэл ОХУ-тай ойр харилцаатай, бүр “Хүндэт медаль” хуртэл хүртэж явсан Рекс Тиллерсоныг нэрлэсэн нь ч учиртай. Гэвч энэ удаа Тагнуулын төв газрын даргаар нэг талаар ОХУ-ын “дайсан” гэж хэлж болохуйц эрхмийг томилсон нь нэлээд анхаарал татаж байгаа юм.
 
Дашрамд дуулгахад Д.Трамп Канадад суух Элчин сайдыг мөн томилсон байна. Ингэхдээ бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй Барак Обаматай ойр харилцаатай гэгддэг Брюс Хейманыг Канадад суух Элчин сайдаар нэрлэжээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-01-09 02:30:32
    TAMYN TOGOONY ULGER CHINI MONGOLD L BAYDAG YUM SHUU DEE , UURIIN NAMYNKH L BISH BOL KHICHNEEN MEDLEGTEY BOLOWSROLTOY BAYSAN CHI TOODOGGUY ...
  • zochin 2017-01-09 02:14:52
    usa bolon japand 60-aas deesh nasniihaniig odoo uls turiin undur alba hashih tsag ni bolson hemeen uzeed l tomilood bhiin harin manaid esregeeree