Энэ онд дэлхийн улс төрийг хэн өөрчлөх вэ

Өнгөрсөн онд эхлэл нь тавигдсан олон үйл явдал энэ жил үргэлжилж, олон улсын байдалд томоохон нөлөө үзүүлэх болно. Тухайлбал, АНУ-д засаг солигдож, Их Британи улс Европын холбооноос гарах үйл явц эхэлж, Европын олон оронд томоохон сонгуулиуд болно. Харин Сири улс олон улсын терроризмтэй хийх тэмцлээ үргэлжлүүлнэ.
 
Тэгвэл дэпхийн дахины чиг хандлагыг энэ онд өөрчлөх улстөрчдийн жагсаалтыг хүргэж байна.

 

ДОНАЛЬД ТРАМП



Нэгдүгээр сарын 20-нд Дональд Трамп тангаргаа өргөнө. Энэ нь 2017 оны хамгийн чухал үйл явдлын нэг байх нь зайлшгүй. Ийнхүү бизнесмэн эр албан ёсоор төрийн тэргүүн болсноор АНУ-д ч, хилийн чанадад ч томоохон өөрчлөлт гарах нь ойлгомжтой. Трампын хувьд ямар чиг шугам баримтлахаа аль хэдийнэ зарласан бөгөөд нэн тэргүүнд Оростой харилцах харилцаандаа өөрчлөлт хийнэ гэсэн билээ. Үүнээс гадна НАТО-г АНУ-ын зүгээс санхүүжүүлэх шаардлагатай эсэхийг дахин нягтална гэсэн нь Европын холбооны улстөрчдийн сэтгэлийг түгшээгээд эхэлжээ. АНУ-ын дотоод бодлогын тухайд шинжээчдийн таамаглаж буйгаар Трамп өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийнхаа гаргасан зарлигуудын 70 орчим хувийг цуцлах төлөвтэй байна. Ялангуяа Трамп Обамагийн нийгмийн болон цагаачлалын бодлогыг нь ихээр шүүмжилдэг билээ.
 

РЕКС ТИЛЛЕРСОН



Нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад “Exxon Mobil”-ын тэргүүн Рекс Тиллерсоныг дэвшүүлэх эсэх нь шийдэгдэнэ. Трампын захиргаанд томоохон албанд очих магадлалтай анхны бизнесмэн Тиллерсон конгресст нэр дэвшсэнээ батлуулах ёстой. Хэрвээ түүнийг батлахгүй бол Трамп Тагнуулын төв газрын тэргүүн Дэвид Петреусыг Төрийн нарийн бичгийн даргад дэвшүүлж магадгүй.
 
Хэрвээ Тиллерсон батлагдсан тохиолдолд дэлхийн олон орны удирдлагыг таньж, нөхөрлөдгийн хувьд Төрийн нарийн бичгийн даргын албыг тун сайн хаших магадлалтай.
 

АНГЕЛА МЕРКЕЛЬ



Германы канцлер Ангела Меркель шинэ оныг бардам ганцаараа угтсан гэхэд болно. Учир нь Британийн Ерөнхий сайд Жеймс Кэмерон, Италийн Ерөнхий сайд Маттео Ренци нар өнгөрсөн онд огцорч, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхөөсөө сайн дураараа татгалзсан.
 
Харин Меркель сонгуульд дахин өрсөлдөхөөр болсон нь Европын холбоо хэмээх нэгдлийг дэмжигч улс төрийн хүчнүүдэд гол найдлага болсон юм. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хавьер Соланы үзэж буйгаар Меркель л Дональд Трампын оронд дэлхийн гол удирдагчийн байр суурийг эзлэх ёстой хүн гэнэ.
 
Германы бундестагийн сонгууль есдүгээр сард болно. Их эвсэл ялсан тохиолдолд Меркелийг дахиад канцлерын суудалд нь суулгана гэж байгаа билээ. Меркелийн цагаачлалын бодлогод сэтгэл дундуур байгаа ч германчуудын 56 хувь нь канцлерыг ирэх сонгуульд ялна гэдэгт итгэлтэй байна.
 
Өнгөрсөн онд ч тэрбээр гол өрсөлдөгч болох Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайераа замаасаа холдуулж, холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалд суулгасан. Гэхдээ Меркель ялалт байгуулахын тулд Европын холбооны гол хөдөлгөгч хүч болсон Германы эдийн засаг сайн байх ёстой.

 
ТЕРЕЗА МЭЙ



Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон 2016 оны зургаадугаар сард Brexit-ийн бүх нийтийн санал асуулга явагдсаны дараа огцорсноо зарлаж, оронд нь Тереза Мэй гэгч улстөрч гарч ирсэн юм. Тэрбээр ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг дагаж, улс орноо эвслээс гаргах асуудлаар Европын холбоотой хоёр жилийн хэлэлцээр эхлүүлнэ гэж мэдэгдсэн.
 
Уг хэлэлцээр энэ оны гуравдугаар сарын сүүлчээр эхлэх ёстой ч Лондоны зүгээс “салалт”-даа ямар нөхцөл тавьж буй нь өнөөг хүртэл тодорхой бус байна. Мэй ойрын хугацаанд Британийн Засгийн газрын саналыг ил болгох ёстой.
 
Лондоны Дээд шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард парламентын гишүүдийг ээлжит хэлэлцээр бэлтгэхэд оролцох ёстой гэсэн дүгнэлт гаргасан боловч гишүүд өөрсдөө ч Европын холбооноос улс орноо гаргах асуудалд тун таагүй хандаж, уг үйл явцыг эхлүүлэхээс цааргалж байгаа аж.
 
Засгийн газраас ч энэ асуудлаар Дээд шүүхэд хандана гэж мэдэгдэж байсан юм. Тиймээс Мэйгийн гаргасан байр сууриас британичуудын 2016 онд сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэр хэрхэх эсэх нь шалтгаалах юм.
 

МАРИН ЛЕ ПЕН


 
“Үндэсний фронт”-ын тэргүүн тэрбээр Францын Ерөнхийлөгчид нэр дэвших гол өрсөлдөгчдийн нэгд зүй ёсоор бичигдэж байна. Тус улсад төрийн тэргүүний сонгууль ирэх тавдугаар сард болох юм. Одоогийн байдлаар Ле Пен сонгуулийн хоёрдугаар шатыг давах магадлал маш өндөр байна. Эрс үзэлтэй, хэдхэн жилийн өмнө хэт явцуурхуу мэт санагддаг байсан тэрбээр өдгөө олон үр дагавар үүсгэх төлөвтэй байгаа аж. Үнэндээ Ле Пен улс төрийн имижээ сайжруулж, намаа эцэг Жан Мари Ле Пений үзлээс салгасан.
 
Ле Пений хувьд Франц улсаа Европын холбооны гишүүн байх уу, үгүй юу гэдэг асуудлыг хөндөн тавьж байна. Тиймээс ч францчууддаа Брюселль дэх томчуудын боолчлол, шантаажаас чөлөөлөгдөхийн тулд үгээ хэлэх боломж олгохыг уриалж буй юм. Үүнээс гадна тэрбээр евро бүсээс гарах шаардлагатай хэмээж байгаа ч энэ төлөвлөгөөгөө богино хугацаанд биелэгдэхгүй гэж үзэж байна. Учир нь Ле Пен зөвхөн Франц улсаа бус, нийтээрээ еврогоос татгалзах нь зүйтэй гэж үздэг.
 

БАШАР АСАД



Таван жил гаруйн хугацаанд иргэний дайн дэгдэж буй Сири улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны амжилт дүүрэн өнгөрүүлсэн гэхэд болно. Оросын армийн тусламжтайгаар Алеппо хотыг дайчдаас чөлөөлсөн нь түүний байр суурийг өмнөхөөс ч илүү бат бэх болгожээ.
 
Шинжээчдийн үзэж буйгаар Асадыг засгийн эрхээс зайлуулах яриа ойрын хугацаанд гарахгүй гэнэ. Нүдний эмч мэргэжилтэй, санаандгүйгээр Ерөнхийлөгчийн суудалд очсон тэрбээр улс төрийн хувьд гайхалтай оршин тогтнох чадвартай нэгэн гэдгээ харуулж чадсан.
 
Гэхдээ Алеппог чөлөөлснөөр дайн дуусахгүй. Үүний дараа Идлибийг алан хядагчдаас чөлөөлж, тэгээд Исламын улстай тэмцлээ үргэлжлүүлэх ёстой. Үүнээс гадна Асад хэлэлцээрт оролцох эсэх нь тодорхойгүй байна.  Үүнээс гадна Асад хэлэлцээрт оролцох эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь түүний хувь заяа 2017 онд хэрхэхийг урьдчилж хэлэхийн аргагүй болгож байгаа юм.
 
Үүн дээр нэмэгдээд АНУ-ын улс төрийн засаглал солигдож байгаа нь Ойрхи Дорнодын энэ улсад явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орно гэсэн үг.
 

РЕЖЕП ЭРДОГАН




Өнгөрөгч 2016 онд хэд хэдэн өсөлт, уруудалтыг амссан Эрдоган мөн л Ойрхи Дорнодын улс төрийн гол тоглогчийн нэг байх болно. Башар Асадтай шууд ойртон дотносохоос татгалзсан тэрбээр Орос, Ирантай тактикийн холбоо тогтоож, Алеппог чөлөөлөлцсөн. Энэ онд Эрдоган улс төрийн дотоод асуудлаар дүүрэн байх төлөвтэй.
 
Түүний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, Турк улсаа Ерөнхийлөгчийн засаглалтай болгох зорилттой ажиллаж байна.
 
Үүнийг хийж чадвал Эрдоган эрх дарх нь нэмэгдэж, 2029 он хүртэл Ерөнхийлөгчийн суудалдаа үлдэх боломж бүрдэх юм. Гэхдээ Эрдоганы хувьд ийм шинэчлэл явуулахад тун хэцүү. Яагаад гэвэл түүний “Шударга ёс ба хөгжил” нам парламентад олонх байж чаддаггүй аж. Эрдоган сөрөг хүчнийхэн болон олон нийтийн хүрээлэлд дарамт үзүүлэхээ үргэлжлүүлсээр байх болно. Үүнийг ч АНУ-ын зүгээс анзаараагүй мэт авирлах магадлалтай. Турк улсын НАТО-д гүйцэтгэх үүрэг асар өндөр учраас Вашингтон Туркийн ардчиллаас болж өөрсдийн ашиг сонирхлоо золиослох сонирхол огт байхгүй. Гэхдээ Эрдоганы эсрэг үйл явдлууд ар араасаа гарч, түүнийг суудлаас нь унагахыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь Туркт түүний үйлдлүүдэд дургүйцдэг хүмүүс олон бий.
 

НАДЕЖДА САВЧЕНКО



Украины Дээд радын гишүүн, цэргийн нисгэгч асан, бас Оросын хориход ял эдэлж байсан Надежда Савченко. Түүнийг Донбасст сэтгүүлчдийг хөнөөсөн хэргээр Орост хорьж байсан юм. Харин Украинд бол тэрбээр “хайртай охин” нь бөгөөд, эх орондоо ирээд улс төрийн хувьд тун хурдан хугацаанд алдаршсан нэгэн.
 
Гэвч 2016 оны сүүлчээр хэнээс ч хараат бус түүнийг өөрсдийгөө Донбассын Бүгд найрамдах улс хэмээх сайн дураар зарласан газрын удирдлагуудтай хэлэлцээр хийх үед Киевээс түүнийг эсрэг хүн болгон харж эхэлжээ. Зарим улстөрчид түүнийг Оросын тагнуулч ч гэдэг.
 
Гэсэн ч Савченко энх тайвны төлөө юу ч хийхээс буцдаггүй бөгөөд зөрчил маргааныг зогсоохын тулд хэнтэй ч ярилцахад бэлэн байдаг. Савченко улс төрийн ямар ч туршлагагүй нэгэн. Тиймээс ч Украинд гэнэт элит гаралтай бус, ард түмний удирдагч хэрэг болбол тэрбээр “Банзалтай Трамп” болох нь зайлшгүй.
 

РАУЛЬ КАСТРО



Рауль Кастро Куба улсыг 2008 оноос удирдаж байгаа ч түүний бодлого бүхэлдээ Кубын хувьсгалын удирдагч ах Фидель Кастрогийнх нь удирдлаган дор явагдаж байсан гэхэд болно. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ах нь таалал төгссөнөөр Рауль Кубийн улс төрийн цорын ганц бодлого болсон гэхэд хилсдэхгүй.

Рауль Кастро сүүлийн найман жилд гадаад бодлогодоо анхаарч, АНУ, Оростой харилцаагаа сайжруулсан. Үүний үр дүнд 2015 оны долоодугаар сараас АНУ-тай 54 жил тасарсан дипломат бодлогоо сэргээсэн билээ. 2016 онд Кубад тэр ч бүү хэл Барак Обама айлчилсан нь 1928 оноос хойш эрх чөлөөний аралд хөл тавьсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болоход хүргэсэн.
 
Гэвч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп Кубын удирдлагуудад тийм ч найрсаг ханддаггүй. Үүний гол шалтгаан нь түүний цагаачлалын бодлоготой холбоотой биз ээ. Рауль Кастро олон улсын улс төрд гол анхаарлаа хандуулж, их хөрштэйгөө харилцаагаа дахин муутгахгүйн тулд АНУ-ын шинэ Ерөнхийлөгчтэй эв зүйгээ ололцох шаардлага тулгараад байна.
 

РОДРИГО ДУТЕРТЕ


 

Филиппин улсад өнгөрсөн онд болсон сонгуулиар ялалт байгуулж, төрийн тэргүүн болсон Родриго Дутерте хамгийн “эрээ цээргүй” улстөрч гэдгээрээ алдаршиж байна. Түүнийг популист нөхөр ч гэж хэлдэг. Дутерте хар тамхины донтолт, худалдаатай тэмцэх үндэсний аян зарлаж, барууны олон шинжээчдийг гайхширалд оруулсан гэхэд болно. Тэрбээр хар тамхийг түгээн дэлгэрүүлсэн, түүнд сэжиглэгдэж байгаа хүмүүсийг шууд хөнөөх хэрэгтэй гэж ярьдаг.
 
Түүнчлэн Дутерте АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ч тоохгүй шүүмжилчихдэг нэгэн. Нэгэн удаа тэрбээр Америкийн төрийн тэргүүнийг “гичийний хүү” гэж хэлж байсан түүхтэй. Харин Цагаан ордны шинэ тэргүүнийг түүний хар тамхитай тэмцэх ажлыг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, АНУ-тай харилцаагаа бэхжүүлнэ гэжээ. Дональд Трамп, Родриго Дутерте нар шиг улстөрчид хоорондоо хэрхэн зохицдогийг энэ онд харах л үлдээд байна.


Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.