Жэки Чан: Үзүүлбэрийнхээ үеэр үхэх дөхсөн удаа ч бий

Адал явдалт, тулаант  киноны төрөлд тод гэрэлтэх болсон од Жэки Чан кино урлагт хагас зуун жил хүчин зүтгэхдээ нэг ч удаа Оскарын шагнал хүртэж байгаагүй юм. Саяхныг хүртэл шүү дээ. Харин Америкийн кино академиас өнгөрсөн онд түүнийг Оскарын хүндэт шагналд тодорхойлж, гардуулсан нь нэрт жүжигчнийг хийгээд дэлхий даяарх олон олон шүтэн бишрэгчийг нь баярлуулж байсан удаатай.

Ингэснээр найман настайгаасаа хойш кино урлагт хүчин зүтгэх болсон тэрбээр  Оскарын хүндэт шагнал хүссэн найм дахь хүн болсон билээ. Тэрбээр 1996 онд “Rumble in the Bronx”-т тоглосоноос хойш ялангуяа “Оргил цаг,” “Шанхайн үд дунд,” “Шанхайн баатрууд,” “Дэлхийг 80 хоногт тойрсон нь,” “Каратэч хүү” болон “Кунг-Фу Панда” зэрэг кинонд тоглосноор дэлхий даяар маш их нэр хүндийг олсон юм. Ингээд түүний товчхон ярилцлагыг энэ удаагийн “Оддын цаг” буландаа орчуулан хүргэж байна.


-Кино урлагт оруулсан хувь нэмрийг тань үнэлж, Америкийн кино академи Оскарын хүндэт шагналыг олгосон. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Би үнэндээ Оскарын хүндэт шагнал авна гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Адал явдалт, тулааны үзүүлбэрт кино урлагийн хөгжлийн төлөөх  хичээл зүтгэлээ үнэлүүлж, Оскарын хүндэт шагнал хүртэх тэр мөч өнөөдрийг хүртэл мэдэрч байсан тэр мэдрэмжүүдээс хамгийн бахархмаар нь байсан. Тэр үед шагналынхаа талаар төдийлөн  сайн мэдэхгүй, зүгээр л адал явдалт, тулаант киноны хөгжилд оруулсан хувь нэмрийг маань үнэлж байгааг л мэдэж байлаа. Гэтэл шагналаа авсны дараа нэг л тийм өөр мэдрэмж төрсөн.


 

-Кино урлагт 56 жил зүтгэсний эцэст Оскарын шагнал хүртлээ шүү дээ. Энэ хугацаанд 200 гаруй кинонд тоглож, олон ч ясаа хугалсан талаар та шагналаа гардаж авахдаа хэлж байсан. Тэдгээрээс хамгийн хэцүү нь аль кино байв. Бас яагаад гэдгийг нь тайлбарлаж өгөөч?

-1995 онд дэлгэцнээ гарч байсан найруулагч Стэнли Тонгийн бүтээл “Rumble in the Bronx” кино л хамгийн хэцүү нь байсан болов уу. Маш олон тулааны үзэгдэл, аюултай басхүү ур чадвар шаардсан акробат  бүхий хэсгүүдтэй. Бас  “Operation Condor”. Киноны зураг авалтыг элсэн цөлд нэмэх 40 градусын халуунд авч байлаа. Тун ч  хэцүү байж билээ. “Armor of God” киноны зураг авалт дээр үзүүлбэрийнхээ үеэр үхэх дөхсөн удаа ч бий. Харин “Оргил цаг” кинонд англиар ярих шаардлагатай болсон нь хамгийн хэцүү байв.



-Холливудын киноны арга барил хийгээд Хонконгийн кино юугаараа ялгаатай байдаг вэ?

-Холливудын кино бүтээх арга барил нь зохион байгуулалттай, маш системтэй байгааг би анзаарсан. Зохион байгуулалттай байна гэдэг мэдээж сайн хэрэг. Гэхдээ заримдаа надад хэт нэг дүрэм, журамд хүлэгдчихсэн юм шиг санагддаг. Харин Хонконг киног хийхэд зураг авалтын явцад үзэгдлийг өөрчилж болдог. Тэгэхээр илүү тэсрэлттэй, илүү динамик байж чаддаг гэж боддог. Бас илүү уян хатан, бүтээлч. Хэрвээ бидэнд ингэчихвэл зүгээр юм биш үү ч гэх юм уу арай өөр бодол орж ирвэл түүнийгээ шууд л туршиж үзэх боломжтой байдаг юм.
 


 

-Таны хувьд кино урлагийн салбарт гарсан хамгийн гайхалтай өөрчлөлт, шинэчлэлтийг юу гэж харж байна вэ?

-Кино урлагийн салбарт хөл тавьснаас хойш аль хэдийнэ 50 гаруй жилийн нүүрийг үзсэн байна. Энэ хугацаанд гарсан хамгийн гайхалтай өөрчлөлт нь кино уран бүтээл 35 мм-ын хальснаас, дижитал технологид шилжиж,  3D технологийн зураг авалтыг нэвтрүүлсэн явдал гэж боддог.  Технологи сайжирснаар өнөөдрийн  кинонууд бүтсэн хэрэг. Бидний өнгөрсөнд ашиглаж байсан тэр зүйлс одоо түүхийн нэг хэсэг болон үлдэж дээ. Би дижитал технологийг биширдэг. Үүний үр дүнд л зураг авалтын дараах CG компьютер эффэктийг  хийх боломжтой болсон шүү дээ.

-Холливудад хуримтлуулсан туршлагаасаа хамгийн сонирхолтойг нь бидэнд сонирхуулаач?

-Холливудад ажилласан бүхий л туршлага маань хөгжилтэй, бас сэтгэл хөдөлгөм байсан.  Би тэнд маш олон шинэ зүйлст  суралцаж,  миний дүү  Брэтт Ратнер нар шиг гэр бүл, шинэ найз нөхдөө олсон. Холливуд  надад гайхалтай дурсамж  үлдээсэн. Магадгүй хамгийн хөгжилтэй нь “Оргил цаг” цуврал кино байсан байх.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.