Стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдахыг хориглоно

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна. Захирамжинд

  • 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг хязгаарлах,
  • Нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлийн бүсээс бусад газар нутагт өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар иргэдэд газар шинээр олгохыг зогсоох,
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний төв, захуудад стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хориглох зэрэг асуудлуудыг тусгажээ.
     

2017 оны 01 сарын 09                     Дугаар А/17                         Улаанбаатар хот
 
 

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд
амьдрах эрхийг хангах талаар
авах зарим арга хэмжээний тухай

 

Нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн   29.1.6-гийн “а”, “б”, 29.1.3-ын “л”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.7, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.6, 28 дугаар зүйлийн 28.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.5, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авсанаас бусад хөдөө, орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоосугай.
 
2. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газар нутагт өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар иргэдэд газар шинээр олгохыг зогсоосугай.
 
3. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний төв, захуудад MNS5216:2016 /Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага, яндангаас гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга/ стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хориглосугай.
 
4. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын ажлын байрны чиг үүрэгт нийслэлийн нутаг дэвсгэрт агаарын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг нэмж тусгах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд үүрэг болгосугай.
 
5. Хөдөө, орон нутгийн иргэдийн нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.
 
6. Энэ захирамжийн 5 дугаар зүйлд заасан төлөвлөгөөний төслийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор боловсруулж, танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.
 
7. Энэ захирамжийн 2 дугаар зүйлд заасан арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт, мөн захирамжийн 3 дугаар зүйлд заасан арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар /М.Дэлгэрэх/-т тус тус даалгасугай.
 
8. Энэ захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг нийслэлийн төр, захиргааны бүх байгууллага, албан хаагчдад үүрэг болгосугай.
 
 
        
                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                      ЗАХИРАГЧ                                                                    С.БАТБОЛД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-11 02:57:06
    Тооноор төмөр хоолой цухуйж, орны урдуур эрээн даавуу унжина гэж мэдэхүү, яндангаар утаа нь гарахгүй гэр дотроо шингэдэг ил гал буюу 4 хөлтэй тулгаа тулцгаая