Барак Обамагийн Үдэлтийн үгээс онцлох 10 эшлэл

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд явагдаж, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп ялалт байгуулсан билээ. Тэрбээр энэ сарын 20-нд тангаргаа өргөж, албан ёсоор АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болох юм. Харин эсрэгээр нэг удаа улиран сонгогдож, нийтдээ найман жилийн турш тус улсыг удирдсан Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна.

Тэрбээр 2008 онд анх АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож, анхны өнгөт арьст Ерөнхийлөгч болж байсан билээ. Тэгвэл Цагаан ордныг орхих хугацаа нь дөхөж буй Барак Обама Ерөнхийлөгчийн хувиар ард түмэндээ хандан сүүлчийн үгээ хэллээ. Түүний үдэлтийн үгийг томоохон мэдээллийн агентлагууд шууд дамжуулан үзүүлсэн юм.

Уламжлал ёсоор Цагаан ордноос үдэлтийнхээ үгийг хэлэхийн оронд Барак Обама анх сенатад сонгогдож байсан Чикаго хотод хүрэлцэн иржээ. Улмаар нийт дэмжигчдэдээ хандаж, хэзээ ч өөрчлөлт шинэчлэлтэд итгэх итгэлээ алдаж байгаагүйгээ онцолсон байна. Тэрбээр “Бидний хөгжил дэвшил тогтвортой байгаагүй.

Ардчилал үргэлж хэцүү, маргаантай, зарим тохиолдолд цус урсгасан байсаар ирсэн. Хоёр алхам урагшлах бүрт нэг алхам хойш ухарч буй мэт санагддаг. Энгийн хүмүүс оролцож, дуу хоолойгоо хүргэж, нэгдэж байж л өөрчлөлт бий болдгийг би эндээс сурсан. Та бүхний Ерөнхийлөгчөөр найман жил ажилласны эцэст би үүнд итгэсэн хэвээр байна. Энэ зөвхөн миний итгэл биш. Энэ бол Америкийн үзэл санааны цохилж буй зүрх нь юм ” хэмээн дүүрэн хүн цугларсан танхимд хэллээ.

Үдэлтийн үгээ хэлж байхдаа Обама нулимс унагаад амжив. Нийт дэмжигч, иргэддээ хандан үг хэлэхдээ гэр бүл, эхнэр хүүхдээ ч мартсангүй. Б.Обама “Мишель, өнгөрсөн 25 жилийн хугацаанд чи миний эхнэр, хүүхдүүдийн маань ээж байгаад зогсохгүй миний хамгийн сайн найз байсаар ирсэн. Би болон Америк улс чамаар бахархаж байна” гэж хэлэхэд, танхимд сууж байсан бүх хүмүүс босон алга ташиж, Мишель Обамад хүндэтгэл үзүүллээ.

Харин “Амьдралдаа хийж, бүтээж байсан бүхнээс илүү би та хоёрын аав болсондоо бахархаж байна” хэмээн охиддоо хандан үгээ хэлэхэд Малиа Обама нулимсаа барьж дийлсэнгүй. Дэд ерөнхийлөгч Жо Байден, түүний гэр бүлд ч хандан үг хэлэхэд, танхимд байсан хүмүүс “Би чамд хайртай, Обама!”, “Дахиад дөрвөн жил!” хэмээн орилж байлаа.

Нэг цагийн турш үргэлжилсэн үдэлтийн үгэндээ тэрбээр өнгөрсөн найман жилд гол гол салбаруудад ямар ямар ололт амжилтыг гаргасан талаараа ярьсан бөгөөд түүний ажил үүгээр зогсохгүй цаашид ч иргэний хувиар ард түмэнтэйгээ хамт байхаа амласан юм. Үг хэлж байхдаа Барак Обама анх сонгуульд нэр дэвшиж байх үедээ ашигласан “Тийм ээ, бид чадна” гэх уриагаа “Тиймээ, бид чадсан” хэмээн өөрчилж байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Ингээд Барак Обамагийн үдэлтийн үгээс 10 эшлэлийг онцлон хүргэж байна. 

  1. Би 20 гаруйхан насандаа өөрийгөө хэн болох, амьдралынхаа зорилгыг хайж, анх Чикагод ирж байлаа. Тэгээд эндээс холгүйхэн орших хаагдсан гангийн үйлдвэрийн сүүдэрт сүмийнхэнтэй ажиллаж эхэлж билээ. Тэндээс тэмцэл, хомсдолтой нүүр тулан ажиллаж буй хүмүүсийн итгэлийн хүчийг олж харсан. Эгэл жирийн хүмүүс нэгдэж, хамтдаа хөдөлмөрлөснөөр ямар өөрчлөлт гарч болохыг би суралцсан. 
  2. Хэрэв найман жилийн өмнө би улсаа эдийн засгийн хямралаас гаргаж, авто үйлдвэрлэлийн салбарыг сэргээж, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн бол. Кубын ард түмэнд түүхийн шинэ хуудас нээнэ, Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсооно, эсвэл есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулагчийг олно, гэрлэлтийг эрх тэгш болгоно, 20 сая иргэнээ эрүүл мэндийн даатгалд хамруулна гэж хэлсэн бол та бүгд намайг хэтэрхий өндөрт харж байна гэж хэлэх байсан байх. Гэхдээ бид чадсан. Та нар үүнийг хийсэн. Та нар тэр өөрчлөлтийг хийж чадсан юм шүү. Ард түмний итгэл найдварт хариулт өгч чадсан учраас л Америк орон эдүгээ илүү хүчтэй, илүү сайн сайхан улс болж чадсан.
  3. Ардчилал нэгдмэл байхыг шаарддаггүй. Ардчиллын үүсгэн байгуулагчид хоорондоо муудалцаж, эвдрэлцдэг. Бид ч гэсэн ялгаагүй, адилхан. Гэхдээ тэд ардчилал эв санааны нэгдэлд суурилах ёстойг мэддэг байсан. Бидний гадаад хэлбэр өөр ч, унасан ч, сэхсэн ч хамт байх нэг үзэл санаатай. 
  4. Ирээдүй биднийх байх учиртай. Гэхдээ ардчиллыг зөв хэрэгжүүлэхгүйгээр хөгжин цэцэглэхгүй. Улс төр гэдэг ард түмний нийтлэг үзэл санааны тусгал байх ёстой.Гэхдээ аль намд харьяалагдах, үзэл санаа ямар байх эсэхээс үл хамааран одоо нэн тэргүүнд бидний хийх ёстой зүйл бол өөрсдийн нийтлэг ардчиллыг бүтээх юм. 
  5. Сонгуулийн дараа арьс өнгөний талаарх яриа Америкт газар авсан. Тийм зүйл болно гэдгийг мэдэж байсан ч яг үнэндээ бодитоор тохиолдоно гэж төсөөлж байсангүй. Арьс өнгөний үзэл одоо ч нийгмийг хуваах хүчтэй хэвээр байгаа. Гэхдээ би арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал 30, 20, 10 жилийн өмнөхөөс илт сайжирсныг ямар ч статистик мэдээ харахгүйгээр хэлж чадахаар хангалттай удаан амьдарсан. 
  6. Мишель өнгөрсөн 25 жилийн хугацаанд чи зөвхөн миний эхнэр, хүүхдүүдийн минь ээж байсангүй. Миний хамгийн сайн найз байлаа. Чи өөрөө ч хүсээгүй үүрэг хариуцлагыг хүндэтгэлтэй, тэвчээртэйгээр хүлээж өдий хүрэхдээ өөрийн гэсэн хэв маяг, хошин шогийн мэдрэмжээ ч бидэнд харуулж чадсан. Чи л Цагаан ордныг хүн бүхэнд нээлттэй болгож чадсан. Чиний үлгэр дуурайллаар шинэ үеийнхэн илүү өндөрт хүрэх гэж зорьдог болсон. Би чамаараа маш их бахархаж байна. Улс орон маань ч чамаар бахархаж байгаа. 
  7. Малиа, Саша та хоёр минь танил дасал болоогүй ертөнцөд ч ухаалаг, үзэсгэлэнтэй, хамгийн гол нь хэрсүү, хүсэл эрмэлзэл дүүрэн гайхамшигтай бүсгүйчүүд болж өслөө. Бүгдийн нүдэнд ил амьдрах хүнд ачааг та хоёр минь үүрч гарсан. Амьдралдаа хийж бүтээсэн бүхий л зүйлсээс та хоёрын эцэг болсноороо л аав нь бахархдаг.
  8. Скрэнтоны өөдөсхөн хүүгээс дэлавэйрчүүдийн хайртай хүү болсон Жо Байден. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа чамайг хамтрагчаараа сонгосон минь миний гаргасан хамгийн зөв шийдвэр байлаа. Гэхдээ энэ бол гайхалтай сайн дэд Ерөнхийлөгчийн олж авсны хувьд биш, харин амьдралынхаа ахыг олж авсны хувьд хамгийн зөв шийдвэр байсан юм шүү. Жилл та хоёртоо гэр бүлийнхээ нэгэн адил хайртай. Гэр бүлийн нөхөрлөл бидний амьдралд тохиож байсан хамгийн сайхан зүйлсийн нэг юм. 
  9. Гайхамшигтай хамт олон, алба хаагчдаа, та нар маш ихийг хийж бүтээсэн. Та нарын эрч хүчээс би ихийг олж авсан. Өнгөрсөн хугацаанд өдөр бүр би та бүхний тусгал байхыг хичээсээр ирсэн. Зүрх сэтгэлээрээ зан чанараараа үзэл баримтлалаараа. Та нар минь өсч өндийхийг, гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болохыг амьдралынхаа гайхамшигт аяллаа эхлүүлэхийг харлаа. Хамгийн хүнд хэцүү өдрүүдэд ч та нар Вашингтоны төлөө зүтгэсэн. 
  10. Нийт Америкчуудаа, та бүхэнд үйлчлэх миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Би зогсохгүй. Үлдсэн амьдралынхаа туршид жирийн иргэний хувиар та нартайгаа хамт байх болно. Одоо та нар залуу, эсвэл зүрх сэтгэлдээ залуу байх эсэхээс үл хамааран Ерөнхийлөгчийн хувьд сүүлчийн ганц зүйлийг хүсмээр байна. Найман жилийн өмнө та бүхэн надад боломж олгох үед хүсч байсан шиг зүйлийг. Би та бүхнийг итгээсэй гэж хүсч байна. Гэхдээ надад бус, өөрсдөдөө итгээсэй.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-12 01:57:15
    Том орны удирдагчийн хэлсэн үгнээс суралц би хэмээх өвчтэй хүзүүгүй толгой минь, тэгээд ажлаа өгөөд Америк руугаа бушуухан далдрахгүй бол хөл нүцгэн ачуулна шүү...
  • зочин 2017-01-12 01:33:56
    Агуу том орны удирдагч би гэж ярьдаггүй, та нар гэж ярьдаг юм байна, гэтэл манай хүзүүгүй толгой би гэж хуцаад байх юм ичиж үхмээр