Б.Эрдэнэдалай: Иргэд улс төрийн мэдлэггүй байх нь авлига хээл хахуульд автсан улс төрчдөд ашигтай
“Авлигатай тэмцэх үндэсний чуулган”  өчигдөр Төрийн ордонд боллоо. Чуулганы  үеэр Улс төр судлаач, СЭЗИС-ийн багш, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.

-Улс төрийн намуудын санхүүжилт болон тулгамдаж буй асуудлыг та илтгэлдээ хөндлөө?

-Нам бол ард түмэн төр хоёрыг холбогч гүүр нь байх ёстой. Улс төрийн намын гол зорилго бол засгийн эрхийг авахын төлөө байдаг. Тиймдээ ч ялалт байгуулж олонх болсон нам засгийн газраа байгуулан ажилладаг шүү дээ.

Энэ утгаараа тухайн намын мөрийн хөтөлбөр засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон хэрэгждэг. Тухайн улс төрийн нам ямар үзэл баримтлалтай нам бэ гэдгээс хамаараад мөрийн хөтөлбөр нь өөр өөрөөр гарч ирнэ. Гэтэл манай намууд сонгогчдын саналыг л авч байвал болно гэсэн хандлагаар олон жил сонгуульд өрсөлдлөө. Энэ утгаараа манай улс төрийн намууд маш ихээр мөнгө босгодог. Энэ санхүүжилт босгож  байгаагийн зорилго нь сонгуульд оролцож ялалт байгуулах зорилго. Намууд сонгуулиас сонгуульд мөнгөний уралдаан хийдэг болж байна. Сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр тойргийнхоо сонгогчдод гурил будаа тараадаг гэх мэт үзэгдлүүд гардаг. Нэг хэсэг монголчууд ходоодоор сонголт хийдэг гэх яриа ч гарч байсан.

-Намууд санхүүжилтээ хэрхэн босгох нь зөв бэ?

-Ардчилсан улсад намууд яаж санхүүжих ёстой вэ? Намууд санхүүжилтаа ил тод, шударга байдлаар босгох хэрэгтэй. Ингэснээр нам нь парламентад ялалт байгуулсны дараа  ард түмний талд ажиллах боломж бүрддэг. Жишээлбэл, би нэр дэвшье гэж бодоход надад мөнгө байхгүй. Надтай өрсөлдөх хүмүүс эдийн засгийн хувьд хангалттай ар талтай. Тэр нь том компаниуд. Тэгэхээр миний хувьд сонгогчдоосоо хандив цуглуулах хувилбар бий. 500,1000 төгрөг гээд бага хэмжээгээр олон хүнээс хандив авч, парламентын гишүүн болох юм бол эргээд тэдгээр хүмүүсийнхээ төлөө ажиллах боломж бүрдэнэ. Харин миний өрсөлдөгч том компаниудаас хандив авсан учир сонгогдож гараад тэднийхээ төлөө ажиллана. Тэдэнд тендер авч өгнө, тэдэнд зориулсан хууль боловсруулна, албан тушаал олж өгнө. Иймээс  намын санхүүжилтийг хэрхэн бий болгосон тухай баримтууд ил тод нээлттэй байх тусмаа ард түмэнд ашигтай.

-Намууд санхүүжилтийг хууль бусаар бүрдүүлэхэд хүлээлгэх хариуцлага ямар төвшинд байна вэ?

-Намуудын санхүүжилт, түүний  зарцуулалтаар эргээд хяналт тавьдаггүй, тайлан гаргадаггүй. Тэр ч бүү хэл тухайн намын санхүүжилт, түүний зарцуулалт нууц байх ёстой гэх ташаа ойлголт бий. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар /Улс төрийн намуудын тухай хуулиар/ хууль зөрчсөн иргэнийг 40-60 мянга, намыг  200-250 мянган төгрөгөөр  торгоно гэж заасан байдаг. Тэгэхээр хууль зөрччихөөд торгуулах нь ашигтай болж таарч байна.

-Төрөөс улс төрийн намын санхүүжүүлэх нь хэр оновчтой вэ?

 -Хэдэн хүн нийлээд нам байгуулаад төсвийн мөнгөөр санхүүжээд компани шиг ажиллах ёсгүй. Шаардлага, босгууд байх ёстой. Тухайлбал, нам нь ил тод нээлттэй, дотоод ардчилалтай, гишүүдээ сонсдог болоод ирэх юм бол зөвхөн нам шинэчлэгдэх бус улс орны хөгжилд ч нэмэртэй.
Иргэд улс төрийн мэдлэг боловсролгүй байх тусам авлига хээл хахуульд автсан улс төрчдөд ашигтай. Гадны улс орнууд улс төрийн намуудад санхүүжилт олгохдоо “Зөвхөн бодлого мөрийн хөтөлбөрөө боловсруулж, иргэд сонгогчдод улс төрийн мэдлэг олгох компанит ажлуудыг хий” гэх шаардлагыг тавьдаг.
Намын үндсэн үүрэг иргэд сонгогчдыг улс төрийн хувьд нийгэмшүүлэх боловсрол олгох ёстой байтал шал өөр сонирхлоор хөгжиж байна.

-АН-ын намын даргад өрсөлдөх хүмүүсээсээ 250 сая төгрөгийн хандив авсан. Энэ талаар?

-Намын даргын сонгох компанит ажил нэр дэвшигчээ таниулах, мөрийн хөтөлбөрөө танилцуулах байдлаар явагдахад буруудах юмгүй. Гэхдээ цаана нь  намын гишүүдээ талцуулах, мөнгө албан тушаал амлах  байдлаар явагдвал буруу. Нэр дэвшигчийн хандиваар болгосон 250 сая төгрөгийн зарцуулалтыг бас л ил тод болгох хэрэгтэй.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-01-13 00:11:52
    Одоо параламентийг 2 танхимтай болгох талаар ард түмэн санаачлага гаргаж үндсэн хуулийн шинэчлэлд оруулах өөр гарц үгүй боллоо