“Цаст констракшн” ХХК мэдэгдэл гаргалаа

Нийслэлийн “Өргөө амаржих газар”-ын өргөтгөлийн барилгыг албан ёсоор батлагдсан зураг болон батлагдсан төсвийнх нь дагуу манай “Цаст Констракшн” ХХК хийж гүйцэтгэн, Улсын комисст 2013 онд хүлээлгэн өгсөн билээ.
 
2016 оны 10-р сарын 5-ны өдөр нурсан мэс заслын өрөөний дүүжин таазны ажил нь батлагдсан зурагт тусгагдаагүй ажил бөгөөд энэ учраас манай компани барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх үед дүүжин таазгүй хүлээлгэн өгсөн байдаг.
 
Иймд уг дүүжин таазыг хэн, хэзээ, ямар материалаар хэрхэн хийж гүйцэтгэсэн болон ашиглалтын явцад тухайн тааз нурахад нөлөөлөх гадны нөлөө байсан эсэхийг шалгаж тодруулах ажилллагаа хийгдэж байгаа бөгөөд нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагаас эцсийн дүгнэлт гараагүй байгаа болно.
 
Ийнхүү шалгаж тогтоогоогүй, эцсийн дүгнэлт нь гараагүй үед уг асуудлаар шүүхэд хандах үндэслэлгүй, хандаагүй байхад сошиалаар “Өргөө амаржих газар Цаст констракшн ХХК-г шүүхэд өгчээ” гэсэн гарчигтайгаар илт худал мэдээллийг санаатай, зориудаар ийнхүү тарааж буйг болон ийм утга бүхий мэдээллийг өмнө ч удаа дараа санаатайгаар гаргаж байсан тул уг үндэслэлгүй, худал мэдээллүүдийг үүгээр няцааж байна.
 
Нурсан тааз манай компанид хамааралгүй ч уг өргөтгөлийн барилгыг барьж гүйцэтгэсний хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлах хүрээнд хэний буруу болохоос үл хамааран эмнэлгийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байхын тулд засварын ажлыг хийхээр удаа дараа санал тавьж тус эмнэлгийн удирдлагуудтай уулзан, мөн энэ талаар албан бичиг хүргүүлсэн ба тэдний зүгээс “бүтэн вакуумжсан өрөө болгон засах тохиолдолд засварын ажил хийлгэх, үгүй бол заслын ажил хийлгэхгүй” гэсэн хууль бус үндэслэлгүй шаардлага тавьдаг нь байж болохгүй, хариуцлагагүй үйлдэл бөгөөд ийнхүү ажил алдагдуулж болохгүйг нь тайлбарлахад “эцсийн дүгнэлт гарсны дараа засуулна” гэх зэргээр хойш тавьсаар өнөөдрийг хүргэсэн болно.
 
Бодит бус худал мэдээллээр санаатайгаар бусдын ажил хэргийн болон бизнесийн нэр төрд халдах нь хүлээх хуулийн хариуцлагатай гэдгийг мэдээлэл гаргагч этгээд нарт анхааруулж, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс бодит мэдээллийг биднээс авч болох ба хэвлэл мэдээллийн байгууллагууд, сайтууд нь мэдээллийн үнэн зөв, бодит баримтанд тулгуурласан байдлыг хангасан мэдээллийг олон нийтэд түгээж байхыг уриалж, санаатай худал мэдээллийг няцааж энэхүү Мэдэгдлийг гаргаж байна.

 
ЦАСТ КОНСТРАКШН ХХК
Бусдад түгээх
  • gplus