Ай.Төмөр-Очир: Өндрийн бүргэд мөндрөөс айхгүй

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Ай.Төмөр-Очиртой ярилцлаа.

- “Азын дөрвөн шагай”, “Эмнэг хар азарга”, “Азын дөрвөн бэрх”, “Эмээлтэй мөндөр” гээд найргийн номууддаа  адууг  магтсан найрагчтай таарсных  асуу­хаас аргагүй зүйлүүд надад байна. Та хэр завтай явна?

-Тэгээд асуу л даа, би амыг чинь хаачихаагүй биз дээ. 

-Танай сүхбаатарчууд  морь шүтээнтэй гэлцдэг. Адуу­гаа хил дээр бөөн бөө­нөөр нь аваачиж, тамлаж ал­сан гэх бараан мэдээтэй бай­на. Та эмзэглэхгүй   байна уу?

-Амар байна уу гэсэн чинь гай боллоо гэдэг шиг юм боллоо доо, санаандгүй. За яахав, гай яримааргүй байна. Ийм хар  цаг үед  энэ их бараан юмыг ярих жаахан тиймхэн. Чи асуулаа, би хэлье.

Гэвч ярихгүй байгаад,  хөлөө хөшөөж, нүдээ аниад сууж  боломгүй. Би  эрүүл мэндээ алдаж  сүүлийн үед  эрч хүч жаа­хан суларсан. Гэхдээ биеийн хүч суларч  цаг алдсанаас биш билгийн хүч  сулардаггүйг мэдэрч байгаа. Хүрээ  хязгаар явж суух, бодож сэтгэх эрх,  хэрээ мэдэхгүй  Монголын хувь заяаг бодож санаа чилээж явдаг найрагчийн хувьд энэлэн  шаналантай  ийм өдрүүд байна. Саяхан би бодож суугаад дэв­тэртээ тэмдэглэсэн “Эрх мэдэлтнүүдийг тоочвол   ца­гаан зээрнээс олон байна. Эх орончийг тоол­бол   ногоон буурнаас ч цөөхөн байна”  гэж. Ийм цаг үед бид ажиллаж, амь­дарч байна даа. Та надаас адуу гээд  асууж байна.  Би аав, ээж гээд дараа нь адуу гэж ярь­даг хүн. Энэ үнэн. Монголын ард түмэн төрийн сүлдэндээ морио дээдэлсэн. Тэр дундаа Сүхбаатар нутгийнхан хурдан хүлгийн нутаг. Мон­голчуудын  адуу малдаа хандах хандлага, Мон­голын төрийн зүгээс барьж буй  бодлого,Сүхбаатар аймаг хилийн боомт нутаг, Сэцэн ханы нутаг, наран ургах зүгт адууг  тэгж цөллөгт явуулж  мууг нь үзэх бол сэтгэлд хэзээ ч таатай байхгүй. Энэ талаар  жижиг сажиг хов жив, ойр зуурын явган  яриа гарсан.  Би огт дуугараагүй. Эцэст нь цаг алдсан болохоос Монгол Улсын Шадар сайдаас амьд адуу гадагш нь тээвэрлэхгүй гэсэн алтан гэмээр үг дуулдсан нь таатай. Адууны яамтай,  асар их өв соёлтой, адуугаа шү­тэж ирсэн ард түмэн зах зээлийн давалгаа, даялаанд хямарч байна. Адууныхаа нүдийг сохолж  нүглийн цоорхойгоор буянаа гоожуулж байгаа нь онц харамсалтай. Би эмзэглэхдээ энэ тухай  шүлэг бичиж байгаа.

-Таныг түүчээ болж дуугарах байх  гэж харж, хүлээж  байлаа?

-Хүмүүс намайг та яагаад дуугарахгүй байна гээд байгаа. Дуугарахад учир бий. Юм  болгонд дуугараад байх хаашаа юм. Сүхбаатарт хууль бус өвс хадлан хадлаа, Ганга нуур ширгэлээ, болох болохгүй юм байна. Намаар талцаж  төрийн засаглалаар тоглож байна гээд янз бүрийн мэдээлэл надад  байна.  Бүгдийг өөрийн лаборатортоо боловсруулж  сууна даа.
 

ҮРЭЭ, ДААГАА ХЯДВАЛ  МОНГОЛЫН ЗАЯА ХАЯНА



- Ер нь тэгээд энэ жил  танай нутгаар  ямархуу өвөл болж байна?

 -Монголчууд бичин жил гэж таагүй амлаж ярьдаг. Гэхдээ монголчууд зуд үзэж, туулаад ирсэн ард түмэн. Мичин жил миний бодлоор  маш сайхан байгаа. Уул ус, лус савдаг бас хардаг юм байна. Сүхбаатар аймагт эмх замбараагүй байдлаар далимдуулаад маш их хадлан хадсан. Бог малын бэлчээр байхгүй болсон. Ялангуяа урд талын хэдэн сум, Наран,Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат сумын нутгийг “түймэрд­сэн”. Гал түймэр бол энэ жилийн өвс шатсан ч ирэх жил нь сайн ургадаг ийм л юм. Миний ярьж буй “түймэр” бол хулгай луйврын хадланг хэлж байгаа юм. Гэтэл лус савдаг харж сайхан өвөлжиж байна. Бизнес хийдэг хүмүүс зудтай байна гэж гуйлга гуйдаг, болохгүй байна гэж татаас түлхээс авдаг. Ийм арга барил, удирдлагын түвшинд байх шиг. Амны бэлэггүй юм ярьдгийг болимоор байна. Мал сүрэг онд сайн орвол хавартаа алзахгүй. Харин хажуугаар нь улс төрийн зудтай, ган гачигтай, хулгай луйвар, атаа жөтөө,хэл ам, хэрүүл тэмцэлтэй, зулгаацалдсан, унаж туссан байдалтай байгаагаараа жирийн малчид, сонгогчид  сөхөрч, цөхөрч байна. Сүхбаатар аймаг эзэнгүй, хулгай, луйвар ихтэй байна. Хил рүү ч их гарч байна, орж ирж ч байна. Буяныг гадагш бүү гарга, бузрыг бүү оруул” гэсэн гаалын  алтан зарчим алдагд­чихлаа. Үүнийг чад­варлаг ашиглаж байгаа улс төрийн болоод дээдчүүл, гар хөл болж гүйдэг дунд, доод шатны албан хаагчид ч бас нэгийг бодмоор доо.

-Сошиал ертөнцөд адуу амьдаар нь гаргасан хүмүүсийн  “үйлс бүтэхгүй, үр хүүхдэд чинь муу болно” гэж бичсэн байна лээ?

-Бодмоор үг шүү.  Бид мориныхоо толгойг цохи­доггүй дээдэстэй байсан. Гэтэл мориныхоо толгой руу цохих байтугай хүлэг морио харьд гаргаж нүдийг нь  сохлуулж, шөр­мөсийг нь таслуулж, тогонд цохиулж эрэмдэг зэрэмдэг болгож байна. Төрийн сүлдэнд минь байгаа морь шүү дээ. Сүрэгт байгаа морь болгоноо сүлдний морь гэж хардаг байгаасай. Гажуудлыг засахгүй бол ашиг харсан хүмүүс адуугаа байтугай аавыгаа, эрдэнэт сүргээ байтугай ээжийгээ түйвээх юм байна. Хэдэн жилийн өмнө би “Тэмээгээ хот руу зөөж байна, эмээгээ удахгүй зарах юм байна” гэж бичиж байсан. Тэмээ  зөөлхөн амьтан. Нулимс нь бөмбөрөөд явж байдаг. Монголчууд малдаа хайртай ард түмэн. Одоо бүр байгаад малын хулгай гарлаа гэж байна. Саяхан 40 адууг буудаад алчихсан байна гэнэ.  Тэртэй тэргүй гадагш нь үнэ цэнэгүй гаргаж байгаа адууг буудаад алахад яадаг юм бэ гэж байна шүү дээ, ухамсаргүй зарим нь. Хулгайч нар аваад дөрвөн хөлийнх нь шөрмөсийг огтлоод аччихдаг гэж байна. Ингэх юм бол Монголоо алдана. Хамгийн эхнийх нь адуутай харьцах соёл алдагдлаа.

“Үрээ даагаа өсгөвөл сүрэг мал минь өснө. Үнэн шударгаар дутвал  Монголын төр өлсөнө”  гэж миний шүлэгт бий.  Өнөөдөр Монголын төр өлсөж байна. Үрээ даагаа алж хядаж Монголын заяа буян орхиж байна. Тэнгэр нь хаясан гэж ярьдаг даа, адуугаа алж хядаад Монголын заяа буян нь хаяна.
 


БИ НУТАГТАА БУРХАНГҮЙ ГАЗРЫН БУМБА, БУХГҮЙ ГАЗРЫН ШАР БАЙХГҮЙ ЮУ


-Танай аймагт улс төрийн зуд нүүрлэсэн гэх юм. Яг юу болоод байгаа юм бэ?

-Манай аймагт сон­гууль улс төртэй, урлагтай ер нь тэгээд юм юмтай л болсон. Улс төр гэдэг  урлаг.Урлаг гэдэг оюун санаа. Гэтэл оюун санаа биш хар бяр, бөх тэх, хуйвалдаан хулгай гаарлаа. Адгийн наад зах нь үүнийг мэдэхгүй улс төр гэж хаа байсан юм бэ.  Их улс төр, бага улс төр гэж байдаггүй. Улс төр бол улс төр л бай­даг. Би ингэж ойлгодог. Сүх­баатар аймгийн тухайд энэ жил сонгууль болд­гоороо болсон. Гэтэл хэрэгж­дэг юм алга. Эрх мэдлийн хуваарилалт алдагд­сан. Сонгуулиас хойш бараг хагас жил боллоо. Одоо хүртэл татаж чангаацалдаад, аймаг орон нутаг эзэнгүй байна. Би өнгөрсөн жил арга буюу Ардын намаасаа  гарсан. Гэхдээ үзэл бодлоосоо урваагүй. Нам доторх боловсон хүчний чадвар аль ч шатандаа муу. Намын үндсэн баялаг бодлого нь ч алдагдчихсан. Тийм юм чинь үнэт зүйлээ хөлдөө гишгээд дуусна. Иймд ой гутаж, бөөлжис цутгаад намаасаа гарсан. Нам яагаад боловсон хүчингүй болдог юм бэ. 1937 оны хэлмэгдүүлэлт, коминтерний хядлага юу болсон билээ. Яагаад Ю.Цэдэнбал даргыг цэл залуу 23 настайд нь намын даргад залж байсан юм бэ. Тэр хүн нам, төрийг 44 жил авч явсан. Тэр бодлого буруу биш нь харагддаг. Тэгвэл өнөөдөр хоёр нам ээлжилж төр бариад аль аль нь тамираа барж байна. Боловсон хүчин нь дандаа шаар шавхруу. Зайлж өгдөггүй, үхэж өгдөггүй, бүтээж өгдөггүй. Эр зориг, урлаг байдаггүй, мэдлэг ч үгүй. Дандаа адагт үлд­дэг, бялдуучилдаг, бөгс долоож, бусдын улыг шагайж явдаг ийм амьтад улс төрийн албан тушаалтан нэртэй явдаг. Ялангуяа Сүхбаатар аймгийн МАН-ыг бузар­ла­сан. Тиймээс ой гу­таж би өргөдлөө өгөөд  на­маасаа гарсан. Хуулийн дагуу МАХН-тай тохирч, ир­гэн хүний сонгох, сон­гог­дох эрхийн дагуу Асгат сумандаа  аймгийн ИТХ-д нэр дэвшсэн. Би өндөр санал аваагүй ч АН-аас хоёр удаа сонгогдсон П.Мөнхжаргал надаас болж өвдөг шороодсон. Эсрэ­гээрээ  Ардын намын онд орохгүй байсан тугалыг онд оруулж өгсөн. Энэ намын дотор байхдаа ч би гавьяа байгуулж явсан, тэд тоохгүй байсан. Намаас гарсан хойноо ч би гавьяа байгуулж өгсөн. Одоо МАН  эрх барьж, томорч тоглож байгаа бол миний гавьяа.

-Одоо танай аймгийн МАН 16, АН 17  суудалтай байгаа биз дээ?

-АН 17 болохгүй байх үндэс бас байсан. Миний төрсөн нутаг Дарьгангад 17 дахь суудлын төлөө нөхөн сонгууль зарлагдсан. Тэнд Асгат суманд надад унасан П.Мөнхжаргал ялалт байгуулсан. Би түүнийг нэг унагасан юм чинь хоёр дахиа унагана гэж бодож байсан. Тэр дошин дээрээ миний ганц чадах ажил. Ялангуяа аймгийн МАН-д улс төр мэддэг нэг ч хүн байхгүй. Улс төрийг мал туухтай адил ойлгож байгаа.  Би Сүхбаатарт улс төрөөр бол тоглоно шүү. Ардын намд 17 дахь суудлыг аваад өгчихөж чадах л байсан. Цагийн байдлыг харж байтал Ардын намын хэлгүй, дүлий, дүнхүү юмнууд тэрийг тооцоолоогүй. Ардын намаас хууль  бу­саар гарч ирсэн Засаг дарга З.Энхтөр гэгч нөхөр манай Дарьгангад нэр дэвшинэ гэсэн. Тэгэхээр нь өөрт нь утсаар хэллээ, “Ахыгаа тооцохгүй байна уу. Чи Занын Энхтөр биш Чонын Энхтөр болсон байна шүү” гэсэн. Намайг тоохгүй явна лээ. Харин АН-ын дарга Ж.Батсуурь над руу яриад “Ах аа, та бидэнд зөвхөн ирэхгүй байж туслаач” гэсэн. Бодож үзээд, би “За та нар орон нутагтаа хурга ишигний мөргөлдөөн хий. Би очихгүй” гэсэн. Намайг очоогүй учраас  П.Мөнхжаргал ялсан байна лээ. Ингээд өнөөдөр аймгийн АН-ыг 17 болгосон би ач буянтай. Би хоёр намыг хоёуланг  нь хоолонд нь  залгуулсан, хооронд нь мөргүүлсэн. Аймаг орны ажил хаашаа явах нь  ахиад ч надаас хамаарна. Сүхбаатар аймагт Ай.Төмөр-Очир гэ­дэг чинь бурхангүй газрын бумба, бухгүй газрын шар. Миний ард түмэн үнэнд дуртай. Шүлгэнд хайртай болохоор тэр. “Миний нутгийн ард түмэн үнэнийг сүү шиг хөхөж ирснээс үнс шиг хийсгэж яваагүй”  гэж шүлгэнд минь бий. Одоо ч манай нутгийнхан энэ хэвээр байгаа.


УЛС ОРОН МИНЬ “ХӨХ ХУЛГАНЫ ОРОН” БОЛЧИХЛОО


-Одоо танай аймгийг ямар хүмүүс удирдаж байгаа юм бэ?

-З.Энхтөр гэдэг нөхөр даргалаад сууж байгаа. Тэр дарга байж болно. Гэхдээ З.Энхтөр гэж хэн бэ. Хаанаас хэн гараад ирэв, юу вэ. Зам дээр байсан зараа  юу. Заяа золоор таарсан заан уу. Гайхах, эргэлзэх юм байгаа. Би 1981 онд МАХН-д элсч 30 жил сайн, мууг нь дуудаж явлаа. Энэ намын Их хурлын төлөөлөгч байлаа. Ардын намын га­рамгай менежер гэж  энэ намынхан алтан хадаг бариад ирсэн өдрүүд олон бий. Тэгвэл өнөөдөр би яагаад зам дээр гээгдээд сууж байна гэдэг бас эр­гэл­зээтэй. Ардын нам бярдаж, З.Энхтөрд аймгийн Засаг даргын албыг бариулаад байгаа юм. Энэ нь явж явж намын удирд­лага, М.Энхболд дар­гатай холбоотой. Би М.Энхболд даргад нөхөр­сөг зөвлөгөө өгмөөр байна.

-Тэр нь юу билээ?

-Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр унадаг. Өөр бусдын шидсэн чулуу өмнүүр, хойгуур өнгөрдөг юм. Та нар өнөөдөр Сүхбаатарын ард түмэн хү­­лээн зөвшөөрөхгүй, сон­­гуулийн бус аргаар явж байгаа хүнээр аймаг орон нутгийг удирдуулах гэж тоглох юм бол мар­гааш Ерөнхийлөгчийн сон­­гуулиар малгайнаас чинь том чулуу толгой дээр чинь унаж мэдэх юм шүү. З.Энхтөрөөр аймгийн дарга тавина гэдэг эр үхрээр бух тавьж үнээ, тугалаа сувайруулахтай адил. АН-ын дарга Ж.Батсуурь бол найман жил Сүхбаатар аймгийн удирдсан шиг удирдсан байхгүй юу. Аймгийн ИТХ-д нам нь 17 суудалтай болж Ж.Батсуурийнхаа нэрийг Засаг даргад өргөн барьсныг МАН шийдэхгүй бярдаж байгаа. Ж.Батсуурь бурхан биш, алдаа оноо бий. Гэсэн ч өнөөдөр найман жил үнээ хээлтүүлсэн бухаа агтлаад  оронд нь эр үхэр тавина гэвэл эр үхэр дагасан үнээ сувайрдаг юм. Манай аймаг дөрвөн жил сувайрах нь гэж би ойлгож байна. Тиймээс би нутаг орныхоо  хөгжил, зон олныхоо  аж амьдралын төлөө Ерөнхий сайдад бо­­­­лон УИХ-ын даргад за­хи­­дал бичнэ гэж бодож байгаа.

-Одоо хоёулаа улс орны байдлыг ярих уу. Төр, засгийн ажлыг дүгнэвэл та юу хэлэх бол?

-Өнгөрсөн сонгуулиар Ардын намд ард түмэн алтан боломж олгосон. Өнгөрсөн долоон сарын байдлыг  эргээд харахад 65 суудал авсан  олонх санаанд хүртэл ажилласангүй. Засгийн газар, УИХ-ыг хар л даа. Хүүхэд тоглодог “Хөх хул­ганы орон” шиг  л байна. Улс  орныг ч тэр. Хүмүүс улс төрийг өнөөдрөөр хийгээд байна.Өнөөдөр нь маргааш  болдог гэдгийг мартаж болохгүй. Ер нь тэгээд үнэнийг ил хэлж сурсан улаан нүүрийг яалтай. Өндрийн бүргэд мөндрөөс айдаггүй юм.  Өргөөд өвчүүнийхээ дээр авч явах ёстой улс орноо өвдөгнөөс доогуур байлгаж байгаа  үнэнийг хэлэхээс би  буцахгүй.

Зууны мэдээ
Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Altai 2017-01-28 05:51:26
    Ай ТөмөрОчир оо . Эрүүл мэндээ хичээж хэрүүл хараалаас холхон явбал сайнсандаа. Чи бол Монголын авьяас билгийнховорхон эрдэнэ болохоос жалга довны атман биш шү...
    202.179.31.18
    Мэдэгдсэн Хариулах
  • manlai 2017-01-28 04:15:49
    man han ihenh suudal avchiheed bas luivariin suudald suuhaa ichdeggui ym eg ene hunii heldegeer ondoroos an aas iluu huchfei unanadaa man ge...